Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: Иргэд гомдоллоогүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГАНЦ БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН АТЛАА ДАГНАСАН ШҮҮХ БУРУУ ГЭСЭН НЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨРЧИЛДӨЖ БАЙГААГ ХАРУУЛДАГ-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасныг УИХ хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол шүүхэд ямар нөхцөл, байдал үүсэх вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа зогсч, шүүн таслах ажиллагаанд саад учирна гэж байхгүй. Нийслэлийн гурван дүүргийн дунд байгаа шүүх дүүрэг, дүүрэг дээрээ оччих байх. Харин аймгуудын хувьд нэлээд хүндрэлтэй нөхцөл үүснэ. Аймаг бүрт шүүх байгуулна, түүнийг дагаад шүүгч, шүүхийн тамгын газар хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхэд гэхэд 98 шүүгчийн орон тоо бий болно. Түүнийг дагаад шүүгчийн туслах, нарийн бичиг, тамгын газар, байр гээд зардал их гарна. Хамгийн багадаа 11.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Ирэх оны төсөвт энэ хэмжээний мөнгө суугаагүй. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржийн ярьснаар “Монгол Улсын асуудал” болчихлоо. УИХ Монгол Улсын асуудлаа зөв шийднэ гэж найдаж байна.

-Одоо байгаа бүтцээр ажиллахаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа юм уу. Иргэдээс гомдол ирсэн үү?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ бүтэцтэй болж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт заасан алдаа дутагдлаа зассан шүү дээ. Тухайлбал, шүүх иргэдээс холдсон байна гэдэг шийдвэрийг Цэц гаргасан. Энэ дагуу давж заалдах шатны шүүгчид өөрсдөө очоод асуудлыг нь шийддэг болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн давж заалдах гомдол гаргавал Өлгийд байгаа шүүхдээ л гаргана. Шүүхээс нь Ховд аймагт байгаа давж заалдах шатны шүүх рүү гомдлыг нь явуулна. Ховдоос шүүгчид өөрсдөө явж очоод хэрэг маргааныг нь шийдчихнэ. Шүүх өөрөө иргэндээ явж очдог болсон гэсэн үг. Харин ч иргэдэд сонголт байдаг болсон. Баян-Өлгийд давж заалдах хуралдаанаар хэргээ шийдүүлэхгүй гэвэл өөрсдөө Ховдод очих боломж бас бий гэсэн үг. Иргэдэд ямар ч хүндрэл байхгүй. Долдугаар сарын 1-нээс өмнө шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй, хол байна гэдэг гомдол ирж байсан. Харин шинэ бүтцээр ажиллаж эхэлснээс хойш ямар ч гомдол ирээгүй. Шүүхээр үйлчлүүлэгчид гомдол гаргаагүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй. Шүүхийн жилийн төсөв 48.9 тэрбум төгрөг. Шүүхийн жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэнэ гээд тооцохоор маш их зардал шүү дээ.

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тухайн аймагт нь өөрсдөө очоод хэрэг маргааныг шийддэг гэлээ. Шүүх нүүдэллэн ажиллахад хэр хэмжээний зардал гарч байна вэ?

-Бүтэн жилийн хугацаанд 280 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тун боломжийн хувилбар.

-Шүүгчдийн ачаалал нийслэл, хүн ам ихээр төвлөрсөн газарт их байдаг. Эсрэгээрээ орон нутагт цөөн хэрэг шийдвэрлэдэг гэсэн. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар энэ эсрэг байдал бүр ихэснэ биз?

-Давж заалдах шатны зарим шүүх жилд 10-20 хэрэг шийдэх тохиолдол өмнө байсан. Нэг аймагт жилд арван хэрэг шийдээд суухаар шүүгчид зэвэрнэ. Шүүх эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, ачаалалтай байх ёстой. Авч байгаа цалингийн хувьд ч эдийн засгийн үр өгөөж шаардахаас аргагүй. Татвар төлөгчдийн мөнгийг тэнд ажилгүй шахам суух шүүгчид зориулж болохгүй.

-Шүүхийн шинэтгэлээр дагнасан шүүхэд мэргэшсэн шүүх ажиллах ёстой гэсэн. Шүүхэд дахиад бүтцийн өөрчлөлт хийвэл энэ байдал өөрчлөгдөх үү?

-Дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчтэй байх нь иргэдэд маш чухал. Тиймээс энэ бодлогыг өөрчилж болохгүй. Харин аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болбол ямар хувилбарыг сонгох вэ гэдэг нь гол асуудал болчихоод байна. Төсөвт мөнгө байгаа гэж үзвэл аймаг бүрт давж заалдах шатны дагнасан шүүхээ байгуулаад явах л байх.

-Багахангай дүүрэг шүүхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Багахангайн иргэнээс заавал дүүрэгтээ хэрэг, маргаанаа шийдүүлмээр байна гэдэг санал гарсан уу?

-Багахангай дүүрэгт 3000 орчим иргэд оршин суудаг. Иргэдээс гомдол санал гарахгүй байгаа. Тэнд гардаг хэрэг маргаан нь ч цөөн. Багахангайд шүүх байгуулбал дор хаяж 980 сая төгрөг шаардлагатай.

-Үндсэн хуульд засаг захиргааны нэгжээ дагуулж шүүх байгуулах тухай заалт яах аргагүй байгаа. Үүнийг өөрөөр тайлбарлах, хүлээж авах боломж бий болов уу?

-Үндсэн хууль дахь үг нэг бүрийг харалгүй л яахав. Нөгөө талд Үндсэн хуулийг тайлбарлах олон арга ч бий. Үг үсгийн тайлбараас гадна утга санаа, зорилго нь юунд байгаа, бусад зүйл заалттайгаа уялдаж байгаа эсэхийг харах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц утга, зорилгоосоо илүү үгчилсэн тайлбарыг бариад байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн шүүх байна гэдгийг аймаг бүрт шүүх байна гэж тайлбарлах жишээтэй. Өнөөдөр анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шүүх байна. Иргэд ч шүүхээс энэ дагуу үйлчилгээгээ авч л байна. Ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа.

-Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Цэц дээр хоёр дахь удаагаа уналаа. Ингэсээр байгаад шинэтгэл шинэтгэл биш болох юм биш биз?

-Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн, хууль баталсан хүмүүс одоо ч бодлого тодорхойлж байгаа учраас шинэтгэл ухарна гэж бодохгүй байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа олон улстөрч илэрхийлсэн. Ер нь Цэц ямар учраас шүүхийн шинэтгэлийн эсрэг шийдвэр гаргаад байна вэ?

-Цэц Үндсэн хуулийг манах, үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Цэцийн гишүүдийн ажилладаг, асуудалд ханддаг арга барил өөр, өөр байдаг байх. Миний бодлоор Цэцийн гишүүд үгчилсэн тайлбарыг чухалчлаад агуулгыг нь харахгүй байна. Үндсэн хууль баталснаас хойш нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Нийгмийн шаардлагатай уялдуулаад хуулиа тайлбарлаад явдаг жишиг бусад улсад ч бий. Энэ талаас нь хараад одоо байгаа шүүхийн шинэтгэлийг дэмжих гарц Цэцэд байгаа гэж хардаг. Монгол Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх ганцхан Улаанбаатарт байдаг. Үүнийг Цэц хууль зөрчсөн гэж үзээгүй. Тэгсэн атлаа дагнасан шүүхийн тогтолцоог хүлээж авахгүй байх жишээтэй. Тэгэхээр Цэцийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байгаа хэрэг.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж байна. Шинэ төсөлд шүүхийн бүтэцтэй холбоотой заалт орж байгаа болов уу?

-Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давах, хяналтын шат гэдгээр оруулаад аймаг, нийслэл гэдгийг болих санал орж байгаа болов уу. Аймаг, нийслэл гэхийн оронд орон нутгийн шүүхтэй байх зохицуулалт орох байх. Тэгвэл аймаг бүрт шүүхтэй байх тухай ойлголт өөрчлөгдөнө гэсэн үг.

-Шүүгчийг парламентаасаа сонгодог байх хувилбар бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа. Ингэснээр шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх боломж бүрдэх болов уу?

-Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгоод УИХ баталдаг болох тухай хувилбар яригдаж байгаа. УИХ-ын оролцоог нэмснээр улс төрөөс хараат байх нөхцөл бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч бий. Парламент улс төрөөр амьсгалдаг, улстөржсөн шийдвэр гаргах магадлал өндөртэй. Түүнд шүүх эрх мэдлийг оруулах нь зохимжгүй. Одоо байгаа тогтолцоо ихэнх улс оронд бий шүү дээ.

-Шүүхийн бүтэц ярьж хэдэн жилийг өнгөрөөлөө. Шүүхийн бүтэц өөрөө шинэтгэлийн гол асуудал биш. Шүүгчид улстөржихгүй байх нь шинэтгэлийн гол асуудал гэж ярих хуульчид байна. Шүүгчээ улстөржүүлэхгүйн тулд ямар шинэтгэл хийх ёстой юм бол?

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нэг номерын зорилго байх ёстой. Шүүхийн бүтэц үүнд л дэмжлэг үзүүлэх ёстой. Дагнасан шүүх байгуулах нь шүүгчийн бие даасан, хараат бус, мэргэшсэн байхад л дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Бүх маргааныг нэг шүүх шийддэг байсан эрх мэдлийг задалж эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх болгож задалсан нь бие даасан, хараат бус байдалд дэмжлэг үзүүлж байгаа юм. Эрүүгийн хэргээр дагнасан шүүгч илүү мэргэшсэн шийдвэр гаргана. Үүнээс гадна шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд шүүгчийг насаар нь томилох асуудлыг дэмждэг. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсноос хойш хүн бүр шүүгчтэй уулзах, нөлөөлөхийг завддаг байдал зогссон.

Шүүхийн дотоод бус хараат байдлыг хангахын тулд ч багагүй ажил хийж байгаа. Дээд шүүх доод шатны шүүхээ командалдаг байдлыг шинэтгэлээр халсан. Үүнийг илүү төгөлдөржүүлэх шаардлага ч байгаа.

-Эрүү, иргэн, захиргааны гэж шүүгчдийг мэргэшүүлж байгаа гэлээ. Гэтэл эрүүгийн хэрэгт гэхэд эдийн засгийн мэдлэг өндөр байх, иргэнийх дээр татвараар мэргэших зэрэг шаардлага гарч ирж байна.

-Эхний шатанд дагнасан шүүгчийг мэргэшүүлье. Дараа нь тодорхой чиглэлээр дагнасан танхимыг шүүхэд байгуулж болох талтай. Иргэний шүүх дээр гэхэд гэр бүлийн, захиргааны шүүх дээр татварын маргаанаар дагнасан танхим байгуулах жишээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *