Categories
мэдээ цаг-үе

Т.Гансүх: Сансар огторгуйг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм

Солонгосын их сургуульд магистр, докторын хосолсон программаар таван жил суралцаж, 27 насандаа физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Т.Гансүхтэй ярилцлаа.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв тань сонирхол татлаа. Их тэлэлт болон таталцлын долгионыг та өргөтгөсөн байдлаар судалсан байна. Судалгааны ажлынхаа талаар яривал?

-XIX зууны сүүлч ХХ зууны эхэн үе хүртэл сансар судлалын шинжлэх ухаанд философи, гүн ухааны өнгө аяс давамгайлж байсныг шинэ түвшинд, тухайлбал орчин үеийн сансар судлалын шинжлэх ухаан болгосон хоёр нээлтийг юун түрүүнд дурдах нь зүйтэй болов уу. Нэг нь Альберт Эйнштений боловсруулсан “Харьцангуй ерөнхий онол”, нөгөө нь Эдвин Хаблын нээсэн “Орчлон ертөнцийн тэлэлт” юм. Бие биенээсээ тодорхой зайд орших хоёр галактик хоорондын зайнаасаа хамааран тодорхой хурдтайгаар бие биеэсээ алслагдаж буйг Эдвин Хабл ажиглаад манай орчлон ертөнц тэлж байгаа болохыг хэлсэн байдаг. Хэрэв галактикууд бие биеэсээ алслагдаж байгаа юм бол тэд өнгөрсөнд, магадгүй цаг хугацааны эхэнд, тодорхой нэг цэгт оршин байх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай огторгуй асар өчүүхэн цэгээс ч үүдэлтэй байх боломжтой болдог нь бидний сайн мэдэх их тэсрэлтийн онолын анхны санаа гэж хэлж болно. Гэвч их тэсрэлтийн улмаас секундыг хэдэн их наяд, их наяд, их наяд дахин хуваасантэй тэнцэх хугацааны дотор (ойролцоогоор 10’(-36) секунд) манай огторгуй одоогийн байгаа хэмжээтэйгээ харьцуулахуйц хэмжээнд хүртлээ тэлсэн байх ёстой тооцоо байдаг ч энэхүү их тэлэлтийн хууль одоогоор тодорхой болоогүй л байна. Нөгөө талаас Эйнштэйний боловсруулсан онол ёсоор их тэсрэлтийн улмаас таталцлын долгион хэмээх долгион орчлон ертөнцийн тэлэлттэй хамт тархах ёстой болох нь таамаглагддаг. Энгийнээр энэхүү долгионыг усны мандал дээр чулуу хаяхад үүсдэг долгионы жишээгээр ойлгож болно. Гол нь энэхүү долгионыг бүртгэж авах нь орчин үеийн физикийн шинжлэх ухааны нэг чухал зорилт болоод байна. Тэгэхээр миний дипломын ажил энэхүү хоёр нээлт дээр тулгуурлан их тэсрэлтийн дараах, их тэлэлтийг онолын хувьд загварчлах, мөн тухайн загварын хувьд таталцлын долгионы бүртгэгдэх давтамжийг болон энергийн утгыг тооцох онолын суурь судалгаа байсан гэж хэлж болно.

-Их тэсрэлт болон их тэлэлт нь юунаас үүдэлтэй вэ. Энэ нь дэлхий ертөнцөд ямар нөлөө үзүүлсэн бэ?

– Их тэсрэлт болон их тэлэлтийг бөмбөлөг үлээхтэй зүйрлэж болох юм. Шаарыг үлээхийн өмнө шаар өчүүхэн жижигхэн байдаг ч үлээсний дараа өмнөхтэйгөө харьцуулахад харьцангуй том хэмжээтэй болдогтой төстэй. Их тэсрэлтийн дараахь секунд ч хүрэхгүй хугацаанд нэгэн физик процесс явагдсан нь дахин халалт юм. Санаа нь их тэсрэлт, тэгээд их тэлэлтийн дараа манай огторгуй бүхэлдээ асар хүйтэн түүнчлэн хов хоосон орон зай болж хоцрох учиртай. Гэвч өнөөдөр энэхүү хоосон орон зайд бид мөн биднээс гадна тоолж барахгүй гариг эрхэс, од, оддын бөөгнөрөл болон бидний төсөөлж чадахгүй асар том хэмжээний бүтцүүд оршин байгаа нь өөрөө сонирхолтой биш гэж үү. Тэгэхээр эдгээр нь чухамдаа хэрхэн бий болсон байх вэ? гэдэг асуултад хариулах хэрэгтэй болж байна. Хүн төрөлхтөн тэгэхээр Яагаад гэдэг асуултаас ер нь залхдаггүй юм шиг байгаа юм. Товчхондоо энэхүү асар том бүтцүүдийг бий болгохын тулд манай огторгуй тухайлбал, тэрхүү асар хүйтэн орон зай маань дахин халах ёстой. Мэдээж энэхүү дахин халах процессыг бүрэн ойлгохын тулд бидэнд багагүй хэмжээний квант физикийн мэдлэг хэрэгтэй л дээ. Квант физикийн дагуу бидний мэдэх вакум орчинд ч гэсэн бөөм болон анти-бөөмийн харилцан үйлчлэл явагдаж байдаг ба энэ нь үзэгдэх болон үл үзэгдэх бөөм үүсч бас устаж үгүй болж байдаг гэсэн санаа юм. Тэгэхээр энэхүү физик процессын үр дүнд манай огторгуйн температур нэмэгдэж асар өндөр температур бүхий бөөмсийн плазм төлөвийг бий болгоно. Товчхондоо огторгуйн дахин халалтын үр дүнд биднийг төдийгүй орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа эгэл бөөмс үүсэж бий болох ба энэ нь орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувь буюу бидний мэдэхгүй 95 хувь байгааг илтгэнэ.

-Орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бидний мэдэхгүй 95 хувьд тухайлбал юу орох вэ?

-Дээр дурдсанчлан бид ердөө л зууны таван хувийг буюу манай огторгуйг бүрэлдүүлж буй бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувийг мэдэж байна гэсэн үг. Эдгээр нь бидний мэдэх эгэл бөөмс юм. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь буюу хар матери, харанхуй энерги зэргийг бид сайн мэдэхгүй болж таарч байгаа юм. Энэ чиглэлийн судалгааг хараахан хийж эхлээгүй байна л даа.

-Үүнийг судлах нь хүмүүсийн амьдралд ямар ач тустай вэ?

-Энэхүү докторын дипломын ажил маань онолын суурь судалгаа гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх. Учир нь суурь судалгааны нэг онцлог нь хэрэглээний шинжлэх ухааныг бодвол харагдах ач тус нь өнөөдрийн хувьд бага мэт боловч ирээдүйд бий болгох үр өгөөж нь илүү чухал юм.

Гэхдээ хэрвээ хүн төрөлхтөн таталцлын долгионыг тэр тусмаа их тэсрэлтээс үүдэлтэйг нь бүртгэж чадвал энэ бидний хувьд сансар судлалын салбарт томоохон дэвшил авчрах төдийгүй орчлон ертөнцийн үүслийн талаарх бидний ойлголтыг цэгцлэхээс гадна өөр олон асуудалд хариулт өгнө гэж найдаж байна. Гэхдээ ихэнх тохиолдолд тэдгээр нь хоорондоо ялгаатай, бас ч үгүй багагүй зөрчилтэй байдаг нь чухам аль нь илүү бодит хийгээд шинжлэх ухаанд ойр вэ? хэмээх асуултыг эрхгүй дагуулдаг. Тийм ч учраас мэргэжлийн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдлэг, мэдээлэл, сүүлийн үеийн шинжлэх ухааны баримт фактаар баримтжуулан нийтийн хүртээл болгох нь хүн төрөлхтөнд тустай юм болов уу гэж харж байна. Энгийн хүмүүсийн хувьд тэр тусмаа энэ салбараас хол хөндий хүмүүсийн хувьд ач тусыг нь хүртэнэ гэдэг цаг хугацааны асуудал болов уу. Хэдий тийм ч гэсэн энэхүү салбарыг судалснаар бид сансар огторгуй хэмээх энэхүү асар том лабораторийг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм.

-Таны хувьд космологи, эртний огторгуй судлалаар мэргэшиж байгаа юм байна. Энэ салбарт ямар ололт дэвшил бий болж байна?

-Миний хувьд сансар судлал гэж хувьдаа орчуулаад байгаа энэхүү физикийн шинжлэх ухааны салбар нь орчлон ертөнцийн үүсэл, хөгжил, одоогийн төлөв байдал болон ирээдүйн хувирал өөрчлөлтийг бүхэлд нь цогцоор нь судалдгаараа онцлогтой. Харин техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед энэхүү асуултад хариулна гэдэг тийм ч амар биш. Мэдээж, огторгуй судлал онолын түвшинд аль хэдийнэ судлагдсан. Харин сүүлийн 20 гаран жилд хийгдсэн тэр дундаа сүүлийн таван жилд хийгдсэн ажиглалтын үр дүн энэ салбарыг бие даасан шинжлэх ухаан болтол нь хурдацтай хөгжихөд хөтөлсөн юм шиг санагддаг. Миний хувьд өндөр хүчин чадал бүхий хиймэл дагуулын болон газрын станцуудын цуглуулсан дататай харьцаж хэрэгтэй мэдээллээ гаргаж түүнийгээ өөрийнхөө хийж байгаа онолын судалгааны ажилтай харьцуулна гэдэг үнэхээр том ололт гэж бодож байна. Товчхондоо ийм л ажил хийж байна. Цаашид ч чиг хандлага нь нэг иймэрхүү байх болов уу. Дан ганц физикийн мэргэжил эзэмших бус харин хавсарсан мэргэжил эзэмших нь тухайлбал компьютерийн шинжлэх ухаантай хавсруулан судлах нь энэ салбарыг сонирхож буй хүүхэд залууст тустай байх болов уу гэж боддог.

-Таны насан дээр физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах нь хэвийн үзэгдэл үү. Ер нь яагаад физикийн шинжлэх ухааныг сонирхон судлах болов?

-Ер нь бол үүнээс ч эрт докторын зэрэг хамгаалах боломжтой. Гэхдээ манай улсад ингэж хамгаалсан хүн цөөхөн байгаа болов уу, сайн мэдэхгүй байна. Миний хувьд дунд сургуулийн зургаадугаар ангид анх физикийн хичээл орж эхлэхэд маш сонирхолтой санагдаж байсан. Эхний шалгалтын дараа нэлээд таагүй дүн авсан шиг санагдаж байна. Тэр үед багшийн зэмлэж хэлсэн хэдэн үгс одоо ч мартагддаггүй юм. Уг нь их найдлага тавьж байсан чинь таагүй дүн үзүүлсэн нь багшийг үнэгүй лекц уншихад хүргэсэн бололтой. Тэгээд л тэр үеэс хичээж эхэлсэн дээ. Бүрэн дунд сургуулиа төгсөөд 2006-2010 онд МУИС-ийн физик электроникийн сургуульд онолын физикийн чиглэлээр сурч байхдаа энэ салбарын нарийн ширийнд суралцаж, харин сүүлд Солонгост ирээд жинхэнэ утгаар нь шимтэн судлах болсон. Их сургуульд сурч байх хугацаандаа квант физикийн багштайгаа ойр байж, бичиж байсан номынх нь ажилд жил гаруй хугацаанд туслахдаа сансар судлалыг сонирхож эхэлсэн. Тэр үед багшийн бичиж байгаа хэсгийнх нь талаар бодно, асууна, гайхна бас бодно тэгээд дахиад л асууна. Ер нь ч тэгээд бодох, асуух зарчим л энэ салбарыг сонирхох бас судлахад гол сэдэл маань болдог.

-Квант физикийн юу нь таны сонирхлыг татаж, гайхах байдалд оруулж байв?

-Квант физикийн философи нь ч, хэрэглэгддэг математик аппарат нь ч тэр тун сонирхолтой. Тухайлбал, квант механикт физик төлөв байдалд туршилт хийхээс өмнө байж болох бүхий л боломжит хувилбаруудыг авч болох ч харин хэмжилтийн дараа санамсаргүйгээр сонгогдсон нэг утгыг авдаг гэх жишээтэй. Үүнийг өөрөөр тайлбарлах юм бол гаднаасаа доторх нь харагдах боломжгүйгээр тусгаарлагдсан хайрцагт амьд муур хийгээд хайрцгийг гаднаас нь цацраг идэвхт хийгээр хордуулжээ гэж бодъё. Хайрцгийг нээх хүртэл муур үхсэн болон амьд гэсэн хоёр төлөвт орших ба харин хайрцгийг нээсний дараа үхсэн эсвэл амьд гэсэн аль нэг төлөвт л оршино гэсэн үг юм. Эхэндээ ойлгоход төвөгтэй мэт боловч их сонирхолтой.

-Солонгосын ямар сургуульд докторын зэргээ хамгаалсан хийгээд одоо хаана ажиллаж байгаа талаараа товчхон танилцуулбал?

-2010 онд МУИС-д сурч байхад Солонгосын “Sogang” их сургуулийн профессоруудын баг хүрэлцэн ирж МУИС-ийн дугуй танхимд танилцуулга уулзалт хийж билээ. Тэр үед миний докторын дипломыг удирдсан багш болон түүний удирддаг Center for Quantum Space Time(CQUeST) гэдэг онолын физикийн институтийн талаар мэдээлэл аваад холбоо барьж, удаахь намраас нь суралцаж эхэлсэн. Миний хувьд магистр докторын хосолсон программаар таван жил суралцаж төгсөөд одоогоор уг төвдөө үргэлжлүүлэн докторын дараахь программд хамрагдан судлаачаар ажиллаж байна. Судалгааны ажлын тухайд гэвэл их тэлэлтийн дараахь орчлон ертөнцийн дахин халалтад засварласан таталцлын хүч хэрхэн нөлөөлж байгааг ажиглалтын үр дүнтэй харьцуулах гэсэн төсөл дээр ажиллаж байна.Суруулийн тухайд Солонгостоо томоохонд тооцогдох хувийн сургууль төдийгүй одоогийн Пак Ерөнхийлөгч нь сурч төгссөн гэдгээрээ нэлээд нэр хүндтэй.

Б.НаранЧимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *