“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд энэ сарын 11-нд “25 дугаар суваг телевиз”-ийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор орсон. Уг ярилцлагын үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд өөрийнхөө цахим хуудаст “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн бичиж, “NRI LLC” гэх компанийн нэр дээрээс дөрвөн сая ам.долларыг “Голомт” банкаар дамжуулан нэгэн хүний данс руу шилжүүлсэн баримтыг олон нийтэд ил гаргаж байсан асуудлын талаар тэрбээр зарим зүйлийг тодруулан ярьсан юм. Т.Ганболд “Тухайн үед манай компанийн данснаас тэр үеийн Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал.
Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ сайхан зөв юм ярьчихаад, бодит амьдрал дээр хэрхэн бохир булай юм хийдгийг зах зухаас нь та бид хоёр дурдаж байна. Энэ бол тодорхой хугацааны дараа үнэн зөв нь гараад ирнэ. Үүний талаар ярих боломж хязгаарлагдмал байна. Уучлаарай, тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтан дээр манайхаас дөрвөн сая ам.доллар гарсан гэж гардаг юм. Гарсан нь л үнэн юм чинь. Тухайн үед энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН-ыхан энэ материалыг аваад явсан. Бид олон нийтэд цацаад алаад өгнө гээд явсан. Тэгээ л таг болсон” гэсэн юм. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллага өөрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлж, хөдөө орон нутгийн хорих ангиудад хорьдог байсан, үүнээс болж дарамт шахалтад орсон, улстөрчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудад чиглэл өгч хэлмэгдүүлж, айлган сүрдүүлж байсан гэх мэт ноцтой зүйлс ярьсан.
2014 онд Д.Дорлигжавтай холбоотой гэх дээрх асуудал нийгэм даяар дуулиан шуугиан тарьж байсан ч тэгсгээд намжсан юм. Гэсэн ч дахин олон нийтийн анхаарлын төвд ирсэн дээрх асуудлаар АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байгаа эсэхийг тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Аливаа шалгагдаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлэл өгдөг” гэх хариулт өгсөн юм. Прокурорын байгууллага ч мөн адил “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Харин албаны эх сурвалж Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2014 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх асуудалтай холбоотойгоор АТГ-т өргөдөл гаргаж, хэргийг шалгуулсан. АТГ түүний өгсөн өргөдлийг шалгаж үзээд “Ямар нэгэн гэмт хэргийн шинж алга” гэх үндэслэлээр хэргийг хаасан. “NRI LLC” гэх компанийн нэр дээрээс дөрвөн сая ам.доллар Ч.Бямбаа гэх хүний данс руу “Голомт” банкаар дамжин орсон байдаг” гэх мэдээллийг өгсөн юм.
Д.ДОРЛИГЖАВ ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР Т.ГАНБОЛДООС АВСАН ГЭХ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ӨРНӨСӨН ХЭРЭГ ЯВДЛУУД
Хууль зүйн сайд асан Х.Тэмжүүжин албан тушаалаа өгөхөөс өмнөхөн цахим хуудастаа жиргэсэн асуудалтай холбоотойгоор тухайн үед ямар үйл явдал өрнөж байсныг тоймлон хүргэе. 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Х.Тэмүүжин энэ талаарх баримтыг анх олон нийтэд дэлгэж байв. Тэгвэл хоёр хоногийн дараа буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Голомт банкнаас “Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан. Бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье. “NRI” компанийн захирал нь “Алтан Дорнод Монгол”-ын Ерөнхий захирал Т.Ганболд билээ. Тэгэхээр энэ хоёр компани нэг хүнээр овоглодог гэсэн үг юм. Одоогоор энэ баримтыг дэлгэсэн Х.Тэмүүжин, гүйлгээг хийсэн Т.Ганболд нар дуугүй байгаа” хэмээн сэтгүүлчид тодруулга өгсөн байдаг.
“ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР “АЛТАН ДОРНОД МОНГОЛ” КОМПАНИТАЙ ХОЛБООГҮЙ. “NRI” БОЛ ЗӨВХӨН Т.ГАНБОЛД ГЭДЭГ ХҮНИЙ КОМПАНИ”
“Алтан Дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл тухайн үед мөн хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан Дорнод Монгол” компани хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ дөрвөн сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал тайлбарлах байх. Би бол “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байна” хэмээн мэдэгдсэн. Үүгээрээ тэрбээр уг баримт “Алтан Дорнод Монгол”-той хамаагүй, харин “NRI”-аас тодруулах асуудал гэдгийг тодорхой хэлсэн билээ.
“Алтан Дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл мэдээлэл хийсний дараа өөрийнх нь хамаарал бүхий данс руу дөрвөн сая ам.доллар орсон гэгдээд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хамтран мэдээлэл хийсэн юм. Ч.Бямбаа өөрийгөө “Алтан дорнод Монгол”-ын Монгол дахь төлөөлөгч, С.В.Паушокийг орлож, төлөөлж, байсан хүн гэдгээ хурлын үеэр онцолж байсан. Ингээд “С.В.Паушок “Алтан Дорнод Монгол” компанийг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийн төлбөрийн нөхцөлөө тохирсон. Төлбөрийн эхний нөхцөл хоёр сая ам.долларыг яаралтай шилжүүлэх үүрэг авсан. Би хоёр сая ам.долларыг олохын тулд байнга харьцдаг “Голомт” банкинд учраа хэлэн зээлийн гэрээ хийн хоёр сая ам.доллар аван түүнийгээ шууд С.В.Паушокт төлсөн. Гэтэл энэ үед тус компанийг худалдаж авах өөр хүн гарч ирсэн нь Т.Ганболд байсан. Миний С.Паушокт төлсөн мөнгийг буцаагаад Т.Ганболдын компани төлсөн байдаг юм. Мэдээж төлбөрийг нь төлж байж гэрээгээ хийнэ шүү дээ. Гэтэл энэ төлбөрийг нь өөр зүйлтэй холбож яриад байгаад би гайхаж байна. Хоёрдугаарт, үүний цаана авлига байна гэж яриад байгаа. Тийм зүйл огт байхгүй. Энэ бол цэвэр бизнесийн тэр дундаа хоёр компанийн хооронд болсон өгөө аваа. Нэг ёсондоо “Алтандорнод”-ыг Т.Ганболдын компани худалдаж авсан гэсэн үг. Тиймээс энэ бүх зүйлийг шалгаж үзнэ гэвэл бүх анхан шатны баримтууд нь нээлттэй. Би сая “Голомт” банкаар орж бүх баримт бичгээ гаргуулж авсан. Тухайлбал, 2011 оны тавдугаар сарын 11-нд “Голомт” банкнаас авсан хоёр сая ам.долларыг шууд С.Паушок руу шилжүүлсэн байгаа юм. Дараа нь 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд хоёр сая ам.доллар Т.Ганболдын компаниар дамжиж буцаад манай компанийн дансанд орж ирэхэд нь “Голомт” банк зээлээ шууд суутгаад авсан байдаг. Т.Ганболдын хувьд С.Паушокт 19 сая ам.доллар төлсөн. Үлдсэн дөрвөн сая нь миний төлж байсан зүйлийн үлдэгдэл. Түүнийг л надад эргүүлж төлсөн. Ийм зүйл болсон” хэмээн мэдэгдэж байв.
Хэвлэлийн хурлыг ар араас нь цувруулан хийсний дараа Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Үүнээс хойш дээрх асуудал нам гүм болсон түүхтэй. Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд энэ асуудлын талаар анх удаа олон нийтийн өмнө ярьлаа. Ингэхдээ гэмт хэргийн шинжтэй ноцтой асуудлыг хөндөн гаргаж ирсэн нь олны анхаарлын төвд дөрвөн сая ам.долларын гэх хэргийг дахин авчирлаа.