УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал нийгэмд ил болсноос хойш тоо хэмжээний хувьд эцэслэсэн зүйл одоогоор алга. Таны хувьд 40 их наяд гэдэг тооцооллыг хэрхэн гаргасан бэ?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг олж үзээч ээ. Тэнд “Нүүрсний салбараас олж авч чадаагүй орлогоо авсан бол нийт эдийн засаг хоёр дахин нэмэгдэх байлаа” хэмээн мэдэгдсэн. Монгол Улсын нийт эдийн засгийг тооцохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцдог. Манай улсын ДНБ 2021 онд 42 их наяд, 2022 онд 46 их наяд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс ийм хэмжээний нүүрсний орлогоо бид алдчихсан гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Хоёрдугаарт, миний бие нүүрсний хулгай ийм хэмжээнд гарсан байх боломжтой эсэх талаар тооцоолол хийж үзсэн. Гэтэл бодитой гэх дүгнэлт гарсан. Олон нийтэд ил тавьчихсан байгаа манай багийнхны тооцооллыг эрхэм сайд, дарга нар нэг харчих хэрэгтэй. Гуравдугаарт, “45 их наяд төгрөгийн нийт борлуулалт Татварын ерөнхий газар ирчихсэн байна. Тиймээс 40 их наяд төгрөгийн хулгай байх боломжгүй” гэх тайлбарыг зарим сайдууд өгч байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар маркшейдерийн дүгнэлтээр хэдий хэмжээний нүүрс гаргасныг тодорхойлох боломжтой.Т.Доржханд юугаа мэддэг юм” гэх тайлбар хийсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Татварын Ерөнхий газрын орлогоо л яриад байна. Гэтэл миний тооцооллоор дөрвөн төрлийн хулгай гарсан гэж үзэж байгаа.
-Тухайлбал, ямар ямар төрлийн хулгай гарсан гэж та үзэж байна вэ?
-Санхүүгийн хулгай буюу цагаан захтнуудын хулгай байна. Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хөндөхөд “Тийм зүйл байхгүй” гээд байсан. Гэрээнүүдийг эхнээс нь ил болгоход олон ноцтой асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, оффтейк гэрээнд нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар тооцож авахаар тусгасан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тонн нүүрс хамгийн ихдээ 300-400 ам.долларт хүрсэн. Дунджаар тонн нүүрс 190 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл бүртгэлд “60 ам.доллараар тооцож олгохоор нийтдээ зургаан их наяд долларын л оффтейк гэрээ байна” гээд байгаа юм. Миний тооцооллоор нийт 12 их наяд төгрөг болоод байгаа юм. Зөрүү гарна аа. Учир нь энд 60 ам. доллараар тооцож байхад хилийн цаана дундаж үнэ 190 доллар байна. Үүнээс тээврийн зардал болоод бусад зардлуудыг нь хасаад үзэхээр нэг тонн дээр 90-100 долларын зөрүү гарч байна. Энэ зөрүүг нийт нүүрсний хэмжээнд үржүүлээд тооцохоор 12 их наяд болж байгаа юм. Энэ чинь мэдээж татварын байгууллагад бүртгэгдэхгүй нь тодорхой. Яагаад ийм гэрээ хийж байгаа юм бэ. Хамгийн багадаа нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар худалдаж авах хүсэлтэй хятадууд өчнөөн байгаа. Нүүрс бол бусад бараанаас ялгаатай нь маш эрэлттэй байсан. Худалдан авагч тал нь урьдчилаад мөнгөө төлчихдөг. Ингээд үзэхээр гол асуудал үнийн зөрүүндээ байна. Ганц нүүрс ч биш. Бусад түүхий эд болох төмөр зэс, нефтиүд Монголын хил дээр бага үнээр бага татвар төлж гаргачихаад хилийн цаана өөрсдийн оффшор компани гэх юм уу хамаарал бүхий компаниараа дамжуулаад үнэ хүргэж зардаг. Тэр орлогоос Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар орж ирэхгүй. Мөнгө нь оффшорт үлдчихээд, эргээд Монгол руу орж ирэхдээ өндөр байшин, том орон сууцны хороолол,үнэтэй машин болж орж ирээд байгаа юм. Иргэдийн амьдрал элгээрээ хэвтчихсэн байхад шинэ загвар Ланд-300 захиалгаа дийлэхгүй болтлоо зарагдаад байгаа юм. Бодит байдал ийм л байна.
-Холбогдох байгууллагаас нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийн нэрсийг зарласан. Гэвч жинхэнэ хулгайчдаа зарла хэмээн эхнээсээ эсэргүүцэл илэрхийлж байна. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байна?
-МАН-ынхан, бүлгийн даргаасаа авахуулаад “Манайд хулгай байхгүй. Нүүрсний салбарт дээд тал нь 2.5 сая тонн орчим бодит хулгай байгаа. Т.Доржханд гишүүний яриад байгаа шиг хулгай байхгүй. Гэхдээ дээр хэлсэн 2.5 сая тонн нүүрсийг Ардчилсан намын хоёр гишүүн болох нүүрс ухдаг Д.Бат-Эрдэнэ, нүүрс зөөдөг А.Адъяасүрэн хоёр л холбоотой. Манай намынханд ийм асуудал байхгүй” хэмээн мэдэгдэж байгаа. Нүүрсний хулгайд үнэндээ МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон учраас хэмжээг нь багасгах сонирхол тэдэнд бий. Өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд гарсан хулгайг нэг хүн ганцаараа хийх боломжгүй маш том бүлэглэл, сүлжээ бий болсон. Ийм байхад МАН-ынхан энэ хулгайд хамраалгүй мэт аяглах, тоо хэмжээг нь бууруулах сонирхолтой байна. Бидний тооцооллоор зургаан сая тонн нүүрс алдагдсан байх боломжтой гэдэг нь эдийн засгийн тооцооллын аргаар тогтоогдсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг амны үнээр зарах, цаашлаад хилийн үнээр зарах асуудал байгаа. Амны үнийг гэрээний үнэ, хилийн цаана зарагдаж байгааг жишиг үнэ хэмээн ярьдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд борлуулсан нүүрснээс хэдийг нь амны үнээр, хэдийг нь хилийн үнээр зарсан бэ гэдгийг өдөр хоногтой нь тооцож үзсэн. Өнгөрсөн 10 жил гаргасан нүүрсний 37 хувийг гэрээний үнэ буюу амны үнээр, үлдсэн 63 хувь нь жишиг үнээр зарагдсан байна. Гэрээний үнээр зарагдсан 37 хувийг тооцоод үзэхээр 20 орчим их наяд төгрөг болж байна. Үүнээс үзэхэд бид авах ёстой татварын орлогоо алдчихаад байна. Мөн нүүрсний тээвэртэй холбоотой хохирол байгаа. Ковидын үед богинын тээвэр буюу 25-30 километр газар тээвэр хийхэд зарим үед ханш нь 400 долларт хүрсэн. Энэ бол авлига. Үүнээс үүдэн ямар ямар хохирол үүссэн гэхээр бид татвартаа 340 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж байсан. Энэ боломжоо алдсан. Дараа оффтейк гэрээнээс үүдэн 12.8 их наяд төгрөгийн орлогоо алдсан. Энэ орлогыг олж чадсан бол төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байсан. Өөрөөр хэлбэл, бид 40 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний орлогоо алдчихсан. Түүнд ногдох татвар нь 10.8 их наяд төгрөг байх ёстой. Энэ бол том тоо. Нөгөө талаас 40 их наяд төгрөгийн орлогоо алдсан хохирлыг ханшийн зөрүүгээр бид хүлээж байна. Хэрэв энэ орлого манай улсад орж ирсэн бол доллараар орж ирэх байсан. Сүүлийн 10 жилийн байдлаар алдсан нүүрсний хохирлыг 40 их наяд төгрөг гэж тооцоход 11.4 тэрбум доллар эх орондоо оруулж ирэх байлаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг тэрбум гаруй долларыг эх орондоо оруулж ирэх боломжийг алдсан. Энэ хэмжээний доллар орж ирсэн бол валютын нөөц нэмэгдэж ханш тэр хэмжээгээр тогтворжих байсан. Нүүрсний хулгайчид тонн тутамд 90-100 долларын ашиг хийж, бид алдагдал хүлээсэн байна.
-Ил болсон оффтейк гэрээнээс харахад 2024 он хүртэл нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар нийлүүлэх юм билээ. Тэгэхээр дараа он хүртэл гэрээг үргэлжлүүлэх болов уу?
-Зогсоох ёстой. Оффтейк гэрээг гурван хүн сууж байгаад байгуулах шийдвэр гаргадаг байж болохгүй. Хамгийн гол нь Бодь интернэйшнл компанитай байгуулсан гэрээ байна. Тухайлбал, Ханшийн алдагдал гарвал Эрдэнэс таван толгой хариуцна. Төсвийн тендерээр ажил гүйцэтгэж байгаа бүх иргэн, ААН-үүд ханшийн зөрүү, эрсдэлээ өөрөө хүлээж, үүрдэг. Хоёрдугаарт, юу ч хийгээгүй байхад урьдчилгаа мөнгө болгож 20-30 хувийг нь тус компанид өгсөн байна. Төрийн тендерт оролцсон компаниуд эхний санхүүжилтээ авахын тулд эхлээд өөрсдийн компанийн мөнгөөр ажлаа эхлүүлдэг. Мөнгө байхгүй бол банкнаас өндөр хүүтэй зээл аваад хийсэн ажлаа үзүүлж, харуулж, шалгуулж байж гүйцэтгэлээрээ санхүүжүүлдэг. Гэтэл тус компанид урьдчилгаа мөнгийг шууд өгсөн. Мөн гүйцэтгэлийн хяналт хийж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх учиртай. Гэтэл гүйцэтгэлийн хяналт нэг ч хийгээгүй байж мөнгийг нь баруун, солгойгүй өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг тавих ёстой Зам тээврийн яаманд ч энэ талаар мэдээлэл байхгүй байна. Тэгтэл Эрдэнэс Таван толгой компани гүйцэтгэлийн хяналт тавихаар болсон. Өөрөөр хэлбэл, захиалагч нь Эрдэнэс таван толгой, гүйцэтгэгч нь Бодь интернэйшнл, санхүүжүүлэгч нь Эрдэнэс Таван толгой компани. Ингээд л улсын нууц. Өөр хэн ч мэддэггүй. Хамгийн хөгийн нь төлбөрийг нүүрсээр хийж байгаа. Хэрэв санхүүжилтийг нэг л удаа гацаавал, өмнө нь нийлүүлэгдсэн бүх нүүрсний төлбөрийн 20 хувийг торгууль, алдангид өг гэх заалт оруулсан. Аймшигтай байгаа биз дээ. Та нар төсөө л дөө. Захиалагч нь хяналтаа тавиад гүйцэтгэгч нь гүйцэтгэлээ хангалтгүй хийвэл торгууль алданги тооцдог. Гэтэл эсрэгээрээ гүйцэтгэгч нь захиалагчдаа шахалт үзүүлдэг ийм гэрээ дэлхийд байхгүй. Үнэхээр ийм гэрээ байгуулах чадвартай юм бол Бодь компанийн Д.Баясгаланг гадагшаа явуулж Монгол Улсын өмнөөс гэрээ байгуулуулмаар байна. Гуравхан компанийн төлөөлөл сууж байгаад улсын нууцад хамруулах гэрээ байгуулчихсан байхад төрийн өндөрлөгүүд нь мэдээгүй сууж.
-Улсын нууцад хамруулсан гэрээг төрийн гурван өндөрлөг мэдэхгүй байх нь боломжтой гэж үү?
-Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр үндэслэсэн гэрээ. Тухайн үеийн ҮАБЗ-ийн даргын шахалтаар буюу Х.Баттулгын шахалтаар хийгдсэн. Гарын үсэг зурсан гишүүд гэвэл тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар байсан. Тийм учраас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Таныг хулгай дээрэмд орооцолдсон гэж бодохгүй байна. Тиймээс оффтейк гэрээгээ ил болго” хэмээн шахалт үзүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газрын бяр нь хүрэхгүй юм байна. Тиймээс “Хяналтын ерөнхий сонсгол хийлгэх талаар хэдэн гишүүний гарын үсэг цуглуулж, гадаа залуучууд босч байж оффтейк гэрээнүүд ил болсон. Монгол Улсын түүхэнд сүүлийн үед Ерөнхийлөгч нь ҮАБЗ-өө баздаг. Зөвлөл дээрээ аж ахуйн шинжтэй томоохон уул уурхайн орд, мөнгө, төслийг бүгдийг нь өөртөө авч, нууцад оруулаад явдаг жишиг тогтох биш төгөлдөршсөн байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Бидний мэдэж байгаачлан ЖДҮ, Концесс, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хулгай, луйврын асуудлаас ч хэд дахин их мөнгө ҮАБЗ-ийн зөвлөмж дээр үндэслэн улсын нууц гэх дардсын дор дарагдаж байна. Өнөөдрийг хүртэл манай улс парламентын засаглалтай биш, Ерөнхийлөгчийн засаглалтай байна. Хуулийн байгууллагуудын бүх эрх мэдэл Ерөнхийлөгч дээр байсаар ирсэн. Хөрөнгө мөнгөний эрх мэдэл ч хэнд байсан нь нууц гэрээнүүдийг ил болгосноор тодорхой болж байна. Хамгийн том бизнес эрхлэгчид нь Ерөнхийлөгч дээр хадаг барьж очдог. Сахал Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээр гүйж очоод бүгдийг нь нууцад оруулсан. Эрдэнэтийн асуудлыг ч нууцад хамруулсан шүү дээ. Цаашид ч хэн нэгэн нөлөө бүхий бизнес эрхлэгч төрийн тэргүүнүүдэд нөлөөлөх боломжтой гэсэн үг. Тиймээс бид тогтолцооны өөрчлөлт хийж сонгодог парламентын засаглал руу явахаас өөр аргагүй.