Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа. Тэрээр Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажилласныхаа дараа Сангийн яамны Санхүүгийн бодлого өрийн удирдлагын газрын дарга, НҮБ-ын “Түмэн бүс” бүс нутгийн хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн удирдагч, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байжээ.
-Өнгөрсөн зунаас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьсан. Харин “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон нь гэнэтийн мэдээлэл байлаа. Яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болчихов?
-ОУВС-тай хийх хэлэлцээрийн шатанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар ярьсан шүү дээ. Ард түмэнд хэлсэн нь өнгөрсөн ням гариг болохоос биш. ОУВС маш олон хөтөлбөртэй. Тэдгээр хөтөлбөрөөсөө аль нь тухайн улсад тохирох вэ гэдгийг харилцан ярилцаж шийддэг. Эдийн засаг нь тогтворгүй байгаа улс орны Засгийн газрынх нь хүсэлтээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байгууллага. Түүнээс биш дэлхийн цагдаа шиг энэ зээлийг ав, тэр чинь болохгүй байна гэж тулган шаарддаггүй. Өнөөдрийн манай улсад хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр “Стэнд бай”-г бодвол илүү өргөн хүрээг хамарна. Нэг ёсондоо олон асуудлыг хамардаг гэдгээрээ “Стэнд бай”-гаас ялгаатай. “Стэнд бай” богино хугацааны хямралыг шийддэг. Харин манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Дунд болон урт хугацаанд шийдэх асуудал болчихсон. Өвчнөөр яривал хүндэрсэн гэсэн үг. Ханиадаа эмчилж чадахгүйгээс болоод хатгаа болгочихсон асуудал яригдаж байгаа. Эмчлэхэд илүү урт хугацаа шаардана. Ерөнхийдөө өргөн хүрээнд асуудлыг шийднэ гээд ойлгочих. Зөвхөн төсөв, төлбөрийн балансаас илүүтэй эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, үр ашиг талаас нь харна. Ялангуяа санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтөд нэлээн анхаарал хандуулна. Түүгээрээ бусад хөтөлбөрөөсөө ялгаатай. Хугацааны хувьд ч гэсэн 3-4 жилийн хугацаанд хэрэгждэг.
-Манайхан зөв хөтөлбөрөө сонгож чадсан уу. Хэр тохиромжтой хөтөлбөр вэ?
-Уг нь хоёр жилийн өмнө буюу намайг ОУВС-д ажиллаж байхад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.доллар авах тухай ярьж байсан. Тухайн үед эдийн засгийн хямралыг бага дээр нь эмчлээгүйгээс болж өвчин хүндэрсэн байна. Монгол Улсын төсөв нэг үеэ бодвол гайгүй болчихож. Төсвөөс гадуурх зардал хумигдаж төсөвтөө суудаг болсон. Энэ бол сайн үр дүн. Тэгэхээр одоогийн хэрэгжүүлэх хөтөлбөр төсөвтэй айхтар зөрчилдөхгүй. Мөнгөний бодлого тал дээр асуудал бий. Гэхдээ бүр илүү асуудалтай нь санхүүгийн сектор. Санхүүгийн секторын 96 хувийг банк эзэлж байгаа. Гэтэл банкуудын активыг үзэхээр чанаргүй зээл маш их. Саяхан л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар ч банкны үйл ажиллагааны асуудал сөхөгдөж олонд харагдлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл Засгийн газарт үүнийг шийдэх боломж алга.
-ОУВС-гийн уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадныхны хараат болох нь гэх болгоомжлол иргэдийн дунд бий. ОУВС ил биш ч гэлээ далд байдлаар манай улсыг удирдах уу?
-Зээлийг зөв ойлгох хэрэгтэй. Хятадаас, эсхүл Япон, Орос, Солонгосоос зээл авч болно. Хоёр улс хоорондын зээл хатуу нөхцөлтэй байдаг. Жишээлбэл, манайх АНУ-аас “Мянганы сорилын сан”-гийн зээл авсан. Хариуд нь тус улсын энхийг сахиулах бодлогыг дэмжиж Ирак руу цэргээ явуулсан шүү дээ. Япончууд манай улсад жилдээ 50-60 сая ам.долларын зээл өгдөг тогтсон журамтай. Гэтэл шинэ нисэх онгоцны буудал барихад зориулж ямар учраас зээл өгсөн бэ. Тэднийг НҮБ-ын Аюулгүй байдлын хороонд ороход нь манай улс дэмжсэн болохоор тэр. Гэтэл ОУВС ч юм уу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага зээл өгөхдөө ганцхан нөхцөл тавьдаг. Сахилга баттай, эрүүл бай гэдэг ганцхан нөхцөл тавина. Мөн улс хоорондын зээл ихэвчлэн төсөл хэлбэрээр орж ирдэг. Харин олон улсын байгууллагаас орж ирж буй мөнгө манай улсын төсөв рүү ам.доллараар орж ирнэ. Үүгээрээ маш их ялгаатай.
-Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар нэлээн хэдэн нөхцөл, шаардлага тавьж байна. Үүнээс улбаалж ард түмний нуруунд хэр их ачаалал ирэх вэ?
-Улсын төсвөөр дамжуулж татварын орлого өсөх ёстой. Нөгөө талдаа бидний хэрэглээг бууруулах шаардлага харагдаж байна. Бид өмнөх хэдэн жил үрэлгэн төсөвтэй, эдийн засгийн сахилга батгүй явж ирлээ. Өнөөдөр харин нийтээрээ үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг. Засгийн газар Засгийн газар шиг сайн ажиллах хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож хэцүү байдлаас гарахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ч тэр, иргэд ч тэр ачааллыг үүрээд явахаас өөр арга байхгүй.
-Манай улсад тавьсан нөхцөл хэр хатуу шаардлага вэ. Бусад улс оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар жишигтэй байдаг юм бол?
-Эдийн засгийн онол гэж бий. Энэ онол их тодорхой стандарт, зарчимтай. ОУВС-гийн тавьж буй шаардлагууд эдийн засгийн онолд тулгуурласан. Тиймээс уг хөтөлбөрийг дэлхийн аль улсад хэрэгжүүлж байгаагаас болж нөхцөл өөрчлөгдөнө гэж байхгүй. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй улс оронд яг л ийм нөхцөл тавина гэсэн үг. ОУВС гэдэг бол дэлхийн эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Ядарч буй улс орнуудад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг нь тэр. Түүнээс биш мөнгө хийдэг, аль нэг улсад бодлогын дарамт үзүүлдэг байгууллага огт биш. Ер нь эдийн засаг сайн ойлгодог хүмүүс Засгийн газарт тавьж буй гэрээний нөхцөлийг их эерэг хүлээж авч байгаа байх. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг мэдэж байгаа.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол тухайн улс орон дампуурдаг гэсэн яриа бий. Үнэхээр хөтөлбөр хэрэгжүүлээд дампуурсан улс байдаг юм уу?
-Сөрөг яриа гарч л байна. Гэхдээ бодит байдлаа харах хэрэгтэй. Бид гаднаас зээл авч мөнгө босгох тухай л ярьж байгаагаас биш системийг эрүүлжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. ОУВС тодорхой сахилга баттай санхүүгийн дэглэмийг тухайн оронд хэвшүүлээд буцаад гардаг байгууллага. Манай улс 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Явахдаа бүр Монгол дахь оффисоо буулгаад “Үүнээс хойш танай улсад ирэхгүй байх. Амжилт хүсье” гээд явсан. Гэтэл хэдхэн жилийн дараа эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Засаглаж чаддаггүй, бодлогоо хэрэгжүүлдэггүй, мэргэжлийн бус байгаагийн жишээ юм болов уу гэж дүгнэж байгаа.
-Дэлхийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилт олоогүй улс байдаг уу. Ер нь амжилттай хэрэгжсэнийг илэрхийлсэн тоон үзүүлэлт бий юү?
-Өнөөдрийн байдлаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж буй арав гаруй улс бий. Манайх 12 дахь улс нь болж байгаа юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт найман улс хамрагдаж байгаа. Бүгд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ер нь ОУВС-гийн түүхэнд маш цөөн тохиолдолд үр дүн гарч байгаагүй. Ямар тохиолдолд үр дүн гарч байгаагүй вэ гэхээр тухайн улсын улстөрчид болон олигархиудын ашиг сонирхолтой холбоотой. Үр дүн гараагүй улс орон ОУВС-гийн буруу гэж ард түмнийхээ тархийг угаагаад байх шиг байдаг.
-Манай улсын бодлогод шууд нөлөөлөөд эхлэх үү?
-Ажлын хэсэг манай улсад ажиллаад гурван нөхцөл урьдчилан тавьж байна. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байсныг болиулж Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн. Монгол Улсын төв банк мөнгөний бодлогыг барьдаг болохоос биш Засгийн газар шиг ажилладаггүй. Тиймээс үүнийгээ зогсоо гэсэн. Хоёрдугаарт, улсын төсөвтөө тодотгол оруулж үр ашиггүй зардлаа хэмнэж орлогын боломжоо нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, санхүүгийн секторт чинь шинжилгээ хийе. Бүх мэдээллийг ил болгооч гэсэн. Шинжилгээ хийсний үр дүнд ямар бохирдол, зүй зохисгүй зүйл байгааг тогтоож өөрчилье гэх гурван нөхцөл тавьсан. Эдгээрт ард түмэн дургүйцээд байх зүйл байхгүй. Улсын бодлогод ч нөлөөлөөд байх зүйлгүй. Яахав цөөн хэдэн тооны шалгуулах, мэдээллээ өгөх дургүй хүмүүс дургүйцэх байх.
-Бидэнд уг хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоох боломж бий юү?
-Төсвөө тана, мэдээллээ ил болго гэдэг ч юм уу, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд хөтөлбөр зогсдог.
-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд эдийн засгаа сэргээж чадвал ОУВС манай улсаас гарах уу?
-Цоорхой уутыг оёсны дараа мөнгө хийх хэрэгтэй. Улс мөнгөтэй болох эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь санхүүгийн сектор эрүүлжих.
-Өнгөрсөн ням гаригт урьдчилсан байдлаар нөхцөлөө танилцуулсан. Ирэх сард Захирлуудын зөвлөлөөр батлагдсан тохиолдолд нөхцөл өөрчлөгдөх үү?
-Эхлээд одоо өгсөн гурван нөхцөлөө биелүүлэх хэрэгтэй. Дараа нь гурван жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогодоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ тохирно. Цаг хугацаатай уялдсан нөхцөлүүд гаргаж ирнэ гэсэн үг.
-Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталчихвал эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ. Мөн ямар шат дараалалтай орж ирэх бол?
-Засгийн газар ОУВС-гийн тохиролцооны л асуудал. Ямартай ч төлбөрийн балансыг дэмжих зорилгоор орох байх. Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөр баталсны дараа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийж санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн татахыг ярих байх.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна, шатахууны онцгой татварыг нэмэгдүүлэхээр үнэ өснө гэхчилэн иргэдэд дарамт үүсэх байх. Хамгийн хүнд үе хэзээ байх вэ?
-ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлснээс болоод шатахууны үнэ өснө гэж ярьж болохгүй. Өмнө нь өсөж л байсан. Ер нь нэг зүйлийг ойлго. Хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмний амьдрал муудахгүй. Улсын эдийн засгийг сэргээх үндсэн зорилготой. Түүнээс биш ард түмэнд нь ачаалал үүрүүлж улсыг дампууруулах гээгүй. Иргэд хэсэгхэн хугацаанд л тэсчих. Нэгээс хоёр жилийн дараа үр дүн гарч эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол үүнээс дор байдалтай болно шүү дээ.
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг ямар хүмүүс гардах юм бэ?
-Ажлын хэсэг гарна. Олон улсын төлөөллөөс баг бүрдэж ажиллана. Шаардлагатай бол манай улсад ирж ажиллана. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар мэдээлэл боловсруулах үүрэгтэй. Цаг тухай бүрт мэдээллээ солилцоод явчихдаг юм.
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр ам.долларын ханш буурдаг жишээ бий. Энэ удаад яах бол?
-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж байгаа шүү дээ. Тиймээс ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байлгах гэж зорино. Айхтар савлахгүй байх гэж бодож байна. Өмнөх удаагийн ам.долларын ханш буурсан нь хөтөлбөртэй уялдахаас илүү экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Энэ удаа гадаад нөхцөл байдал өөр байгаа.