Categories
мэдээ нийгэм

Т.Доржханд: “Миний нутгийн дэгдээхэй” аянд хүүхдүүд идэвхтэй оролцож байна DNN.mn

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс экоклубын сурагчидтай хамтран 2020 оноос эхлэн зохион байгуулж буй “Миний нутгийн дэгдээхэй” аян амжилттай үргэлжилж олны талархлыг хэдийнээ хүлээжээ. Энэ аяны талаар тус байгууллагын Зүүн бүсийн салбарын Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Т. Доржхандтай  ярилцлаа.


-Энэ ямар учиртай аян вэ, дэгдээхэй гэхээр шувуу хамгаалдаг гэсэн үг үү?

– Тиймээ, хүүхдүүдийн оролцоотойгоор тогоруу хамгаалах ажил юм.

-Яагаад заавал хүүхдүүд гэж?

– Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, хайрлан хамгаалах,  байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн  уламжлалтай. Олон зуун жил үргэлжилсэн энэ уламжлалыг сэргээх нь байгаль хамгаалалд маш чухал юм.  Тиймээс манай байгууллага байгаль хамгаалах экоклубын сурагчдын аливаа санаачилга, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг. Үүний нэг нь “Миний нутгийн дэгдээхэй” аян юм.

-Гоё нэр өгсөн байна шүү?

-Тийм байгаа биз, сэтгэлд дотно, гоё сонсогдож байна гэж хүмүүс хэлдэг. Энэ санаачилга олны талархал, дэмжлэгийг хүлээж байгаа нь өөрөө том амжилт, үр дүн юм. Нэрийн санаа нь тогоруу шувууны амьдралын хамгийн онцлог үе гэж хэлж болох хосоо олж, үржилд орж, дэгдээхэйгээ бойжуулах бүх үйл явцэнд Монголд өрнөдөг. Иймд бид өөриймсөг сэтгэлийн илэрхийлэл болгож “Миний нутгийн дэгдээхэй” гэсэн нэр өгсөн юм.

-Аяны хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ, мэдээж хүүхдүүдийн оролцоо их байх?

-Тиймээ, хүүхдүүдийн оролцоо маш чухал. Манай мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч тэд хамгааллын ажилд  идэвхтэй оролцох болсныг онцлох нь зүйтэй болов уу.

-Тухайлбал?

– Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын үйл ажиллагааг онцолж болно. Тэд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг сүүлийн гурван зуны турш  идэвхтэй хийж байна. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид маань энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийх, ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэргээр энгийн мэт санагдавч их  тус дэм өгч чадаж байна. Үүний ачаар малчид нүүдлийн ховор шувуудын, ялангуяа тогорууны талаар мэдлэгтэй болж хамгааллын ажлыг дэмжих болсон.

-Нохой бас сөрөг нөлөөтэй байх нь ээ?

– Тиймээ, хүмүүс энэ талаар сайн мэддэггүй. Мэдээлэлгүй байх нь өөрөө эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сул явж байгаа нохой өндгийг идэх, гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийн хийж байгаа сурталчилгаа маш чухал юм.  Тэд нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарласан нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Хүүхдүүд эхлээд өөрсдөө гэрийнхээ нохойг уядаг болсон нь бусдад зөв үлгэр дуурайлал болсон байх. Тиймээс зарим айл нохойгоо уях болсныг дурдаж болно. Бас нуур орчмын малын болон нохойны тоог гаргаж хэрхэн сурталчлах арга, хэлбэрээ тодорхойлдог. Хүүхдүүд ингээд сэтгэл гаргаад, идэвхтэй яваад байхаар эцэг эхчүүдийн хандлага ч сайнаар өөрчлөгдөж байна.

-Хүүхдүүд тогорууны хоёр дэгдээхэйг нисч чаддаг болтол нь ажиглаж, хамгаалсан гэж сонслоо?

-Тэгэлгүй яахав, хүүхдүүд үнэхээр идэвхтэй байгаа. Тэд нэн ховор цэн тогорууны хоёр дэгдээхийг зуны турш ажиглаж, нисч чаддаг болтол нь хамгаалж чадсан.

Ер нь зэгстэй нуур бол зөвхөн тогоруу гэлтгүй олон зүйлийн нүүдлийн шувуудын үүрлэж, үр төлөө бойжуулдаг маш чухал амьдрах орчин болдог. Тодруулбал, голын хөндийд гүехэн усаар хүрээлэгдсэн дов сондуул бүхий чийглэг газар, мөн бургасан дунд багахан тогтоол ус бүхий довцогтой орчинд үүр засдаг онцлогтой. Шувуудын үржлийн үед нууранд олон тооны мал удаан хугацаатай байлгах нь шувуудын амар амгалан байдлыг алдагдуулдаг. Тиймээс шувууд үүрлэж өндөгөө дараад эхлэхэд зэгс рүү адуу, үхрээ оруулж болохгүй, үүрийг нь сүйтгэж мэднэ, бас нохойгоо уяхгүй бол эрсдэлтэй гэдгийг тэд малчдад сайн сурталчилж байгаа.

– Эко клубын сурагчдад зориулсан “Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг саяхан зохион байгуулжээ, энэ талаар яривал сонин байх болов уу?

– Тиймээ, эко клубын сурагчдад зориулсан нэгдсэн арга хэмжээ гэж ойлгож болно. Энэ удаа Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд өнгөрсөн зун хийсэн ажлаа ярилцаж, туршлагаа хуваалцлаа. Мөн Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудын онцлог, ач холбогдол, үнэ цэнийн талаар тайлбарласан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж чадлаа.

Ус намгархаг газар түүний ойролцоох тариан талбай бүхий газрууд нь хонин тоодог, тогоруу шувуудын хавар, намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилдэг гол түшиц газар байдаг.

Иргэд шувуудын эдгээр чухал амьдрах орчны талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн, зөв бодит мэдлэг, мэдээлэлгүй байгаагаас шалтгаалж сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Иймд эко клубын сурагчид болон дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдэд энэ талын мэдлэг, мэдээллийг системтэй олгох нь чухал байгаа юм.Тэд дараа нь талуудад мэдээлэл өгөх боломжтой болно.Арга хэмжээний үеэр үүнд анхаарч ажиллав.

-Хүүхдүүд шувуу ажигласан гэсэн?

-Норовлин сумын хойно Улз голын эрэг, Цагаан нуур, тариан талбай орчимд намартаа тогоруу шувууд алсын нүүдэлд бэлтгэж цуглардаг. Хүүхдүүд ажиглалтаараа тэнд 300 орчим цэн тогоруу, 700 орчим хархираа тогоруу, 30 орчим хар тогорууг бүртгэж тэмдэглэсэн байгаа. Энэ нутаг бол шувуудын хувьд намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилж тарга тэвээрэг авдаг түшиц газар юм.

-Хэдэн хүүхэд оролцов?

“Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-тэй давхцсанаараа онцлог байв. Өмнөх жилд Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батширээт сумдын дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдээс гадна “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн зарим сумдын хүүхдүүд оролцсон. Харин энэ жил Улз гол дагуух Эрээнцав, Баян-Уул, Дашбалбар, Баяндун сумдын экоклубын сурагчдыг урьж оролцуулсан нь зүүн бүсийн хэмжээнд “Миний нутгийн дэгдээхэй” аяныг өргөжүүлэх алхам болсон ач холбогдолтой юм.

-Сонирхож асуухад, өвөг дээдэс маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бол?

-Бид олон зуун жил байгальтайгаа харилцан шүтэлцэж ирсэн ард түмэн. Үүнийгээ дагаад байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах ёс уламжлал сайтай байсан. Ер нь нүүдлийн шувууд наймдугаар сар гараад алсын аянд бэлддэг. Тэгээд дэгдээхэйгээ дагуулж нуураас нисээд оройдоо буцаж ирэх нь бий. Ингэж ойр зуур нисэх  нь дэгдээхэйнд маш чухал дадлага сургуулилт болдог. Шувуудын нүүдэл бол улирлын шинжтэй хийгддэг томоохон шилжилт хөдөлгөөн учир сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Нүүдэллэх замдаа олон саад бэрхшээлтэй таарч, их зүдэрч байж зорьсон газартаа хүрдэг. Тиймээс л эцэг, өвгөд маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн уламжлалтай. Энэ утгаар нь харвал “Миний нутгийн дэгдээхэй” аяны ач холбогдол их юм.

Аяныг амжилттай өрнүүлэхэд талуудын дэмжлэг маш чухал. Сум орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой хэмжээнд дэмждэг. Түүнчлэн Дадал, Норовлин, Батширээт сумдын байгаль хамгаалагчид, экоклубын багш нар идэвхтэй оролцож байгаа.Энэ аян маань цаашид олны дэмжлэгээр улам өргөжиж, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

2 replies on “Т.Доржханд: “Миний нутгийн дэгдээхэй” аянд хүүхдүүд идэвхтэй оролцож байна DNN.mn”

Эко клубын гишүүн болоод арван жилээ төгсөтлөө эко клубдээ явсандаа үнэхээр их баярладаг аа. WWF Mongolia-гийн хамт олонд үргэлж баярлаж явдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *