Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Доржханд: Ирж буй он итгэл найдвар сэргэсэн, идэвхитэй амьдралын жил байх болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандтай ярилцлаа.


-Энэ удаагийн Засгийн газарт ХҮН нам байгаа. Хамтарч ажил хийхэд хэр байна вэ?

-Хамтарсан Засгийн газарт ХҮН нам орж ажилласны үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, 40 жил яригдсан ч хийгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хөдөллөө. Төмөр замын өргөн, нарийн цариг гэж монголчууд дотроо хуваагдаж 15 жил гацсан асуудал энэ ондоо багтаж шийдэгдэж байна. Уран олзворлох, цаашдаа цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох асуудлын суурь тавигдлаа. Нефть нэрэх үйлдвэрийн санхүүжилтийн асуудал мөн удахгүй шийдэгдэнэ. Ингээд 14 мега төслийн дөрөв нь шийдэгдэх нь Монголын эдийн засгийг тэлэх, бие даасан хараат бус системтэй болох, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг манлайлан хийж, тогтолцооны хувьд бид хамтдаа том алхаж чадсан. Харин одоо эдийн засгийн реформуудыг зоригтой хийх, том төслүүдээ хөдөлгөх нь бидний гэрийн даалгавар юм.

-Эрчим хүчний реформын ажлыг та удирдаж байгаа. Гэвч баярын энэ өдрүүдэд тог байнга тасарч байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 34 жилийг тууллаа. Энэ хугацаанд эдийн засгийн хөгжлийн суурь болох эрчим хүчний салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж чадалгүй өнөөг хүрсэн. Эрчим хүчний салбар өндөр татаастай “Халамжийн салбар” болсон. Үйлдвэрлэж буй өртгөөсөө доогуур үнээр цахилгаан борлуулдаг байдал нь хувийн салбарын хөрөнгө оруулалтыг хааж, төрийн монополь үүсгэсэн. Тэгсэн мөртлөө төр нь энэ салбарт хөрөнгө оруулдаггүй, технологи нь хуучин, салбарын хүний нөөц хомсдолд орсон. Тогны хязгаарлалтад орж, лаагаа барих хүртэл хэмжээнд тулсан энэ үе бол талцал хуваагдал, популизмын төлбөр. Үр дүнд нь орон сууцны төслүүд шинээр баригдах битгий хэл одоо байгаа нь дулааны дутагдалтай, айл өрхүүд байнгын цахилгааны хязгаарлалттай амаргүй өвлийг давах болоод байгаа нь бодит байдал. Олон ч байгууллага шинэ жилийн баяраа лаатай угтаж байх шиг байна. Одоо иргэд төлбөр нь яах вэ, тогтойгоо л байя. Эрчим хүчний эх үүсвэрээ шийд гэж байгаа нь зөв шаардлага. Олон айл өрх эрчим хүч хэрхэн хэмнэх талаар мэргэжлийн байгууллагуудаас асууж байгаа нь мөн зөв хандлага. Үүнийг л дунд хугацаанд углуургаар нь шийдэхээр Эрчим хүчний үндэсний хороог байгуулаад ажиллаж байна. Гэхдээ эрчим хүчний реформ өргөс авсан мэт богино хугацаанд шийдэгдэхгүй. Олон улсад багадаа гурван жил шаардагддаг. Бид ямартаа ч 3-5 жилийн дотор шилжилтээ амжилттай хийж эрчим хүчний бие даасан системтэй болно. Алсдаа эрчим хүчээ экспортолно.

-Эрчим хүчний реформын хүрээнд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Бид 2030 он гэхэд дотоодын хэрэглээг бүрэн хангах, 2040 онд эрчим хүч экспортлогч улс болно. Мөн 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч Net-zero улс болсон байна гэсэн зорилтыг тавин ажиллаж байна. Ингэхийн тулд эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, Эрчим хүчний үнэ, тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, салбарын санхүү эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах, Эрчим хүчний салбарын бүтэц, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах гээд олон ажлыг төлөвлөж байна. Мөн эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжинэ. Эрчим хүчний зах зээлийг нээлттэй болгож, шинэ эх үүсгүүрийн томоохон төслүүд болон эрчим хүчний экспортын стратегийг боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай.

-Шинэ он гараад засагт хөдөлгөөн үүснэ, унаж ч магадгүй гэсэн “бор шувуу” нисч байна. Үнэхээр ийм байдал байна уу?

-Тийм зүйл байхгүй дээ. Өмнөх 30 жил манай парламент бие, биендээ дэгээ тавьдаг, хамтардаггүй. Харин сөрдөг тогтолцоотой байсан. Олон засаг унах тусам сөрөг хүчин сайн ажиллаж байна гэдэг хийрхсэн улстөржилтийг өдөөдөг системтэй байж ирсэн. Олон ч эх орончийг төрүүлж, олон засгийг сольсны үр дүнд том төслүүдээ зогсоож, өнөөдөр цахилгаангүй, орлогогүй, гадагшаа хүний нөөцөө алдсан нь бодит байдал. Үүнийг өөрчлөх гэж гурван том нам хамтарсан. Өөрсдийн намын эрх ашгаа бодвол хамтрахгүй сөрөөд, нийгмээр алга ташуулаад суух нь хялбар байсан. Гэвч бид улс орны эрх ашиг дээр нэгдэх учиртай гэж тогтолцооны өөрчлөлтийг хамтдаа хийсэн. Энэ өөрчлөлт зөв байсан гэдгийг нотлох нь МАН, АН, ХҮН намуудын түүхэн үүрэг юм. Мөн популизмыг сөрөх түүхэн цаг хугацаа. Үүнийгээ ч 126 гишүүнтэй парламент, түүнээс үүссэн хамтарсан Засгийн газар үйлдлээрээ харуулж байна гэж дүгнэж байгаа.

-Та ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголчууд түүхийн ямар ч цаг үед хэчнээн унасан ч дандаа босоод ирдэг гайхалтай үндэстэн. Эдийн засгийн хувьд хурдан сэргэлт авах өвөрмөц өгөгдөлтэй улс. Эрх чөлөөтэйгөөр эх орондоо аз жаргалтай амьдрах нийгмийг бид хамтдаа бүтээж чадна. Ирж буй он итгэл найдвар сэргэсэн, идэвхтэй амьдралын жил байх болно. Танд болон таны гэр бүлд баяр хөөрийг ерөөе.

Т.ДАРХАН_

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *