Categories
мэдээ нийгэм

Т.Болдбаатарын халиун азарга, Д.Баясгалангийн хүрэн морь түрүүлнэ

Хүй долоон худагт уяа сойлго нь тэгширсэн
алтан тууртууд тоосоо өргөх монгол наадам хаяанд ирлээ. Наадамчин зон олон Хүй долоон
худагийн алтан зурхайд морьдоо уралдуулсаар арваад жил болж байна. Маргааш долдугаар
сарын нэгэн. Бөхөг, Түргэний голын хөндийд ногооны униар суунаглаад өдийд чинь хазаар
дээрээ үүрсэн буй хүлгүүдийн сувдан хөлс суларч, торгон ир нь ханаж байгаа. Ханддоржийн
хонгор халзан гэж эрдэнийн наян найман шинж нь бүрдсэн “Дархан түмний эх”-ээс аваад
олон сайхан ажнай хүлгүүд Буянт ухаа, Яармагийн дэнжид тоосоо өргөдөг байлаа.

Ерээд оны үед
Маарын хээр хэмээх аварга хээр азарга жилийн жилд айраг түрүү хүртэн, Алдар толгой,
Айдасын давааг магнайдаа тоосгүй давж байсныг моринд хайртай олон мэдэж байгаа.
Тэр жил (улс хувьсгалын 70 жилийн ой) Хан Хэнтийн босоо хүлэг Х.Сүрэнхорын хээр
азарга хол тасархай түрүүлж, Буянт ухаад цугласан олныг хэрхэн огшоож байсан билээ.
Сэлэнгийн Ганбаатарын манхан халзан, Партизаны Доржсүрэнгийн хээр, морин тойруулгын
Батчулууны хээр халзан гээд төрийн наадамд хэдэнтээ магнайлсан гойд хурдан их морьд
болоод Гарамжавын өсгий цагаан хар, Батхүүгийн толин хул, Даваахүүгийн зул хонгор,
цолмон халтар гээд ёстой л нэг дийлж уралддаг адуун сүргийн манлай азарганууд өнөөдөр
домог мэт яригдаж байна.

Харин өнөө
жилийн наадамд хэн гэдэг уяачийн ямархан ажнай хүлгүүд айраг, түрүү хүртэхийг таамаглан
хүргэж байна. Төрийн наадамд түрүүлэх бөхийг таадаг шиг манайхан азарга, их насны
айраг түрүүг гадарладаг. Морь шинжээчид, ясны лут уяачид бол зүс зүсээр нь хэлдэг.
Зөвхөн азарга, их морьд гэлтгүй хязаалан, соёолонгийн түрүү айргийг нэрлэнэ. Хуучин
цагийн өвгөд “Хэнтийн Галшарын уяаны тэдний тийм угшлын нэг зартай үрээ Төв аймаг
руу арилжаалагдсан. Энэ жил ч уяа сойлго нь таарвал нэг юм дуулгана” гэж хэлдэг.
Үнэхээр хэлснийх нь дагуу өнөө үрээнхэн морь нь төрийн наадамд магнайлсан дуулддаг.
Сүүлийн үед Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат угшлын адуу төрийн наадамд өнгөлөх болсон.

Ерэн дөрвөн
жилийн ойн азарганы уралдаанд Хөвсгөлийн Мөрөнгийн Т.Болдбаатарын халиун, Дорноговийн
Улаанбадрахын Х.Баатархүүгийн халтар хоёрын аль нэгийг нь түрүүлнэ гэж наадамч олон
таамаглаж байна. Морь судлаачид болоод сүүлийн хэдэн жил тогтмол хурдан морины сурвалжлага
бэлтгэн хүргэж, хурдан морины талаар мэргэшиж байгаа сэтгүүлчид уг таамгийг хамгийн
оновчтой гэж үзэж байгаа юм. Өнөө жил түрүүлнэ хэмээн яригдаж байгаа Т.Болдбаатарын
халиун азарга өнгөрөгч жилийн наадмаар аман хүзүүнд давхисан. Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, тод манлай уяач Д.Даваахүүгийн уяа сойлгыг нь тааруулсан, хүү Баянбатынх
нь хонгор азарганы дараа цулбуурдуулсан юм.

Халиун азарга
Сүхбаатар аймгийн Халзан сумын Ядамын Буйр гэж хүний унаган адуу ажээ. Харин аман
хүзүүнд давхина хэмээн олон түмний таамаглаж байгаа Улаанбадрахын Х.Баатархүүгийн
халтар азарга тод манлай уяач Мөнхбатын унаган адуу.

Төрийн наадамд
гурван жил дараалж түрүүлээд байгаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн улс халзан азаргыг айраг
хүртэх болов уу гэсэн таамаг хэн хүнд бий. Олны яриагаар бол халзан азарганд түрүү
жил хорь шахам гүү хураалгаж тамирыг нь барснаас дээгүүр уралдаж чадаагүй гэдэг.
Энэ хаврын “Дүнжингарав” уралдаанд улс халзан азарга эхний гурав дээр гарч ирж байсан.
Түүнийг нь бодоход, өнөө жил айрагдах магадлал бий. Гэхдээ дөнгөж нас нийлж байгаа
залуухан азаргануудын давхил гэдэг чинь хэрчиж өгдөг хойно. Сүхбаатарын Түвшинширээгийн
Пүрэвдоржийн хурдан халиун азаргыг цээжинд ирнэ гэж хүлээж буй хүмүүс олон. Сүүлд
авсан мэдээллээр халиун азарганы хөл жаахан тиймхэн байгаа дуулдаад байна. Түвшинширээгийн
Пүрэвдорж бол “Мон-Уран”-ы Наранхүүгийн алдарт монгол хээр азарганы эзэн юм. Наранхүүгийн
монгол хээр ардын хувьсгалын түүхт ерэн жилийн ойгоор алдарт улс халзан азарганы
шилийг даран аман хүзүүдэж байсан. “Дүнжингарав” уралдаанд хоёр түрүүлээд буй ажнай.
Монгол хээр азарга хамгийн үнэтэй зарагдсан байдаг. Түүний ханшийг цохисон үстэй
адгуус одоогоор тодроогүй байна. Хээр азарганы унаган эзэн Пүрэвдоржид Наранхүү
гишүүн 500 мянган ам.доллар тоолж өгөөд, дээр нь “Лексус-570” маркийн машин өгөөд
авсан дуулддаг. Тухайн үедээ шуугиан болж байлаа.

Даваахүү манлай түрүү жилийн түмэн
эх хонгор азаргаа энэ жил өнжөөх сураг байна. Гэхдээ хурдан морины уралдааны түүхэнд
азарганы уяагаар толгой цохиж, улс бүсийн наадамд 16 азарга түрүүлүүлснээрээ нэгд
эрэмбэлэгдээд байгаа хашир уяач нэгийг бодсон нь мэдээж. Өнжөөж байгаа хэмээн өрсөлдөгчдийнхөө
санааг амраачихаад наадмын өглөө, наран хонгор азаргаа хөтлөөд ороод ирэхийг үгүй
гэхгүй. Ерэн долоон оны наадамд Даваахүү гуай зул хонгорыгоо түрүүлүүлэх бодолтой
байжээ. Тэр жил зул хонгортой хурд хуваан уралдах ажнай Хэнтийн Цэнхэрмандалын Сандагдоржийн
оонон хар гэдгийг манлай уяач хэдийнэ гадарлаж, цолмон халтар, Батхүүгийн толин
хул, Бямбашижээгийн хүрэн зэрэг өөрийн уяаны дөрөв таван идэрхэн азаргаар Сандагдоржийн
харыг тэлж орхисон юм даг. Тэгээд зул хонгорыгоо түмэн эх болгон санаагаа амрааж
байсан удаатай. Энэ жил нэг юм бодсон л байж таарна. Түмэн эх хонгор азарга хэрвээ
уралдвал Хүй мандалын дэнжид айраг хүртэнэ гэж үзнэ.

Онон манлайгийн
уяанд “Хөх чоно”-ын Пүрэвбаатарын хүрэн гэж нэг сайн азарга бий. Өнгөрсөн жил “Хотгойдын
хурд”-д айрагдаж байсан. Мөн төрийн наадамд хоёр жил дараалан айрагдсан Сугарын
хул азарга байгаа. Түрүү жил цээжинд уралдаад барианы зурхай дээр аз дутаж зургаад
орсон. Онон манлай хул азаргаа айрагдуулна гэсэн бодлоор уяа сойлгыг нь тааруулж
байгаа нь мэдээж.

Их насны морьдын
уралдаанд Орхон аймгийн уугуул Доржийн Баясгалангийн суман хүрэн морийг тод магнай,
торгон жолоо өргүүлнэ гэх найдлага уяачдад, наадамчдын аль алинд нь бий. Өнгөрсөн
жил Хэнтийн Галшарын Амарбатын хул морины ард ирж аман хүзүүдсэн. Өмнө нь мөн төрийн
наадамд айрагдаж байсан хүлэг юм. Төрийн наадамд магнайлах хурд хүч нь тэгшрээд
л байгаа адуу. Аман хүзүүнд Даваахүү манлайн найман настай хонгор морь ирэх болов
уу. Энэ хаврын уралдаануудад ихэвчлэн цээжинд давхисан. Гарамжавын Ганбатын гоё
хүрэн гэдэг шиг “гоё амьтан” гэж олон түмэн шагшаад буй. Их морьдын айргийн тавд
Х.Цогтсайханы ногоон морийг ирэх болов уу гэсэн таамаг байна.

Галшарын Аюурын
Амарбатын түмэн эх хул морь хаана уягдаж байгааг мэдэх хүн ховор байна. Тиймээс
эргэлзээ төрүүлээд байгаа юм. Улсын наадамд их мориор хамгийн олон айраг түрүүлүүлж
хүртсэн уяач бол Дамбадаржаагийн Онон. Ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойгоор аварга
хээрийгээ тасархай түрүүлгэж байсныг олон түмэн мэднэ. Тэдний уяанд Ө.Пүрэвбаатарын
загал гэж бас л газрыг ууж өгдөг сайхан адуу бий. Түрүү жилийн наадмаар айргийн
гуравт давхисан. Энэ жил мөн л зовооно, айрагдана л гэж үзнэ дээ.

Азарга, их
морьдын тухайд ийм таамаг байна. Харин соёолонгийн уралдаанд Онон манлайгийн хүү
Батбилэгийн янзага хүрэн, Өмнөговийн Балын Шоовдор начингийн хүү Баянбатын зээрд
үрээнүүд өнгөтэй байгаа дуулдсан. Баянбатын зээрд, хязаалан насандаа төрийн наадамд
айрагдсан юм. Мөн Даваахүү манлайн түрүү жил гуравт давхисан ухаа үрээ бий. Энэхүү
морин соёолон бас л цээжинд уралдах нь дамжиггүй ээ. Өнөө жил хэд хэдэн аймагт бүсийн
даншигтай. Тухайлбал, зүүн бүс Сүхбаатарт, баруун бүс Увс аймагт, хангайн бүс Булганд,
говийн бүс Өмнөговьд болно. Тэгэхээр зарим морьд давхар уяагаар уягдана байх шүү.

Б.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *