-Хөвсгөл, Архангай, Завханы уулархаг нутгаар цочир хүйтэрч, -40 градуст хүрнэ Цаг уурын нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа
-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна гэсэн мэдээлэл бий. Энэ талаарх нарийн мэдээллийг өгөхгүй юу?
-Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр энэ сарын 12-нд нутгийн баруун хэсэгт, 13, 14-нд нийт нутгаар цас орж цасан шуурга шуурна. Пүрэв гаригаас эхлэн нийт нутгаар хүйтний эрч нэмэгдэнэ. Тэр дундаа Тэс, Хараа, Идэр голын ай сав болох Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ. Шөнөдөө хасах 40-өөс дээш градуст хүрч хүйтэрнэ гэсэн мэдээллийг өгсөн.
-Нэгдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээлэл гараагүй байна.
-Цаашид цас хэр хэмжээнд нэмж орохоор байгаа талаарх мэдээлэл та бүхэнд байна вэ. Үүдээс үүдэж ямар хүндрэлүүд гарах бол?
-Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас нэмж орохоор байна. Одоогоор нийт нутгийн 70 гаруй хувьд нь нэлээд зузаан цасан бүрхүүл тогтсон, өвөлжилтийн нөхцөл байдал ихээхэн хүндэрчихсэн байгаа. Цаашдаа ч цасны зузаан нэмэгдэнэ.
-Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК ямар арга хэмжээг авч байна?
-Улсын онцгой комисс байнга ажиллаж байна. УОК-ын гишүүн байгууллага, яамдууд өөрсдийн чиглэлээрх холбогдох бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор салбар салбараас бүрдсэн УОК-ын шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Засгийн газар, УОКын түвшинд холбогдох шийдвэрүүд гарч хэрэгжилт, зохицуулалтыг хангаж ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас иргэд, малчид хувийн бэлтгэлээ хангах, болж өгвөл холын замд гарахгүй байхыг анхааруулмаар байна. Малаа ойрын бэлчээрт бэлчээхээс авахуулаад өөрийн амь, нас эрүүл мэндэд эрсдэлтэй байдал үүсгэхгүй байхад анхаарч, түлшээ түлшээс авахуулаад хувийн бэлтгэлээ базаах шаардлагатай байна. Мөн цаг агаарын байгууллага, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг авч хангаж байх шаардлагатай байна.