Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болъё DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогттой ярилцлаа.


-ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж байгаа. Танд ямар шийдэл байна вэ?

-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан Улаанбаатарт хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралыг бий болгосон. Шийдэл нь маш энгийн. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Одоогийн тогтолцооны гажуудлаас иргэд хохирч байна. Тэгвэл хариуцлага тооцох эрх мэдлийг хохирч байгаа иргэдэд өгөх ёстой.

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-ийн төсөлд энэ тухай дурдагдаагүй. Хотын даргыг хотын иргэд сонгосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Энэ тогтолцоог өөрчлөхөд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13, 57 дугаар зүйл хэсгүүд дээр хот, нийслэл хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг харлаа шүү дээ.

Уг нь Үндсэн хуульд бичсэнээр хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт. Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр нийслэлийн дарга нь бас тусдаа байх ёстой гэх гээд байна уу?

-Нийслэл гэдэг бол газар, нутаг дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.

Нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж байдаг шүү дээ. Хот бол хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16.2-д хатуу заасан байдаг. Хот бол иргэний Үндсэн хуулийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх субьект. Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.

-Түгжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?

-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол засаглалын хямрал нүүрлэсний бодит жишээ шүү дээ. Дээр дурдсанчлан хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод үнэн хэрэгтээ сайд нь, хотын Засаг дарга нь юу хийсэн ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын ганц ч асуудлыг шийдвэрлэх шийдэл биш юм.

-Тэгвэл хотын захирагч гэдэг хүнийг Нийслэлийн иргэдийн хурлаасаа томилж болохгүй юм уу. Заавал сонгууль хийх шаардлагатай гэж үү?

-Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа Монгол Улсын 1.3 сая иргэн шууд утгаараа төлөөллийн ардчиллын замаар төр барих эрхээ алдчихсан. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч санал болгоод Ерөнхий сайд батламжлан томилж байна. Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө, таны амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна. Нэн тэргүүний асуудал болох иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн ажил нь орхигдчихоод байна. Тиймээс Үндсэн хуулинд заасанчлан хот, нийслэл гэсэн хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Хотын мэр буюу хотын захирагчийг яг хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө сонгоё. Хотын 1.3 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний алхам тутамд тулгамддаг асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд иргэд нь хариуцлага тооцдог байх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгье л дөө. Гэтэл бидний амьдарч байгаа хотын зам талбай нь хангалттай, ногоон байгууламж сайтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй.

-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчихдэг бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?

-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ. Дахиж хот байгуулаад төсөвтэй байх юм уу гээд. Тэгэхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв зардал дагаад хуваагдаад явах юм. Түрүүн ярьсанчлан нийслэл, хот гэдэг хоёр ойлголт бол тэс өөр чиг үүрэг бүхий субьект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхайгаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юү гэхээр хэрэгтэй. Нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам ч хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг. Харин одоогийн тогтолцоонд орхигдоод хангагдахгүй байгаа иргэдийн амьдрах орчны асуудлыг хариуцдаг хотын мэр буюу захирагчийг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотууд ийм л зарчмаар асуудлаа шийдээд зөв хэлбэрээр явж байна.

-АН-ын эвлэрлийн асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа. Намыг албан ёсоор төлөөлөх ҮБХ-ны гишүүд даргаа сонгосон. Гэтэл С.Эрдэнэ тал тусдаа хурлаа зарлаад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаараа тавьчихлаа. Нам нэгдэж нийлэх нь туйлын зорилго биш юм уу?

-Сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа АН-ын дотоод үл ойлголцол, тодорхой нөхцөл байдал бол эрх баригч МАН-тай холбоотой. МАН нэг намын тогтолцоог бий болгох гэж, 2024 оны сонгуульд АН-ыг хүчгүй оруулах гэж зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаануудыг явуулж байна гэж харж байна.

-Эрх баригчид ээлжит бус сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдал зөрчилдөөнтэй энэ цаг үед АН яаралтай эв цавандаа орох нь чухал баймаар юм?

-2023 онд УИХ-ын сонгууль болно гэсэн таамаг мэдээллүүд явж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол яг сонгуулийн тов тодорхой болоогүй холбогдох хууль, журмууд батлагдаагүй албан ёсны мэдээлэл гараагүй байна. Эрх баригч МАН мэдээж өөртөө ашигтай хувилбараар шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх.

АН-ын хувьд нийт гишүүд, дэмжигчид бол ардчилсан үзэл баримтлал дээрээ итгэл үнэмшилтэйгээр нэг талдаа байгаа. Тэгэхээр яг сонгуулийн тов гараад тодорхой болчихвол намын зөрчилдөөнтэй байгаа талууд ойлголцоод нэгдээд, эвлэрээд явна байх гэж итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *