Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалаар Монгол Америкийн хооронд шууд нислэгийн шугам нээгдсэн билээ. Энэ талаар судлаачийн байр суурийг хүргэх үүднээс доктор (Ph.D) Т.Батжаргалтай ярилцлаа.
-Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх асуудал аль 2015 оноос яригдаж эхэлсэн. Тухайн үед Монголын талаас эхний алхмуудыг хийж байв. ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн үед буюу 2010 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалтад манай улс өндөр дүн авч байсан. Аюулгүй байдлаар дэлхийд 15-д, Ази тивд тавдугаар байрт орж байлаа. Энэ амжилтдаа түшиглээд АНУ руу шууд нислэг үйлдэх зорилгоор зохих бэлтгэл хангаж, АНУ-ын Иргэний нисэхийн байгууллага (FAA)-ын аудитын шалгалтыг 65 мянган ам.долларын төлбөр төлж, урьж ирүүлж байсан. Ингээд манайх FAA-ийн шалгалтад тэнцсэн. Үүний үр дүнд бидэнд зөвлөмжүүд өгсөн байдаг. Ер нь АНУ руу дурын авиа компани нислэг үйлдчихдэггүй. Өөрөөр хэлбэл, АНУ руу нислэг үйлдэх авиа компанид заавал аудитын шалгалт хийдэг. Бид АНУ-д шууд нислэг хийх бэлтгэлээ эртнээс хангаж, нисгэгчээ бэлтгэж эхэлсэн. Хамгийн чухал нь Монголоос Америкийн баруун эргийн хотуудад шууд нисч очих чадвартай том агаарын хөлөгтэй болох ёстой байв. Энэ дагуу 2011 онд МИАТ “БОИНГ-767” онгоц хоёрыг худалдаж авсан. Монголын иргэдийг АНУ руу зорчиход визний асуудлыг хөнгөвчлөх зэрэг ажлууд ч хийгдэж байлаа.
АНУ-ын талаас “Open sky” агаарын харилцааны гэрээг байгуулах саналыг олон жилийн өмнөөс тавьж байсан. Тухайн үед манай үндэсний агаарын тээвэрлэгч компани Америк руу нисэх боломж бүрдээгүй байв. Учир нь FAA шаардлагыг хангаж чадахгүй байсан учраас бид түр хойш тавиад байсан хэрэг.
Монгол АНУ-ын хооронд шууд нислэг үйлдсэнээр эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, үндэсний агаарын тээвэрлэгч компани МИАТ, түүнд үйлчилж байгаа нисэх буудал, эйр навигацийн үйлчилгээ үзүүлдэг салбаруудад шууд үр өгөөж нь орж ирнэ. Мэдээж энэ бол шинэ шугам учраас эхэндээ алдагдалтай байна.
Нислэгийн шугам ашиглаж байгаа агаарын тээврийн компани зорчигч, ачаа тээш тээвэрлэсний шууд орлого нь орж ирнэ. Тогтворжоод ирэхээр МИАТ жилдээ 20-30 сая ам.долларын ашиг олно гэж бодож байна.
Үүнээс хэд дахин илүү орлого бусад салбарт орно. Аялал жуулчлал, зочид буудал, ресторан, дэлгүүр хоршоо, хөдөө орон нутагт зорчих автомашин түрээс, хөтөчийн үйлчилгээ үзүүлэгч иргэдэд МИАТ-ийн компанийн жилд олох орлогоос хэд дахин давуулж хүртэнэ. Энэ бол манай эдийн засагт үзүүлж байгаа шууд үр ашиг юм.
-Шууд нислэг хоёр орны иргэдийн харилцаанд ямар боломжууд авчрах вэ?
-Мэдээж Монгол Улсыг Америкт танилцуулахад хоёр орны иргэдийн харилцаанд маш их эерэг талууд гарч ирнэ. Адаглаад АНУ руу дамжин нисч байгаа манай иргэд гадны нисэх буудалд цаг алдахгүй. Шууд нислэгтэй болсноор Улаанбаатараас АНУ-ын баруун эргийн Калифорни мужийн Сан фрациско хот руу хүрэхэд ердөө 10-12 цаг зарцуулах нь байна. Иргэд цаг хугацааны үнэ цэнийг мэдэрнэ. Нислэгийн тийз ч хямдарна. Ачаа тээшний үнэ тариф одоогийнхоос 50 хувь хямдарна. Одоо АНУ руу зорчихын тулд Хятад, Солонгос, Япон, Америкийн агаарын тээврийн компанийн онгоцонд дамжин сууж 20-30 цаг нисч байна. Олон цагийн дамжин нислэг иргэдэд асар их хүндрэлтэй байдаг. Дээрээс нь Улаанбаатараас Сөүл ороод тэндээсээ АНУ руу явахаар хоёр талын тийзний үнэ 10-12 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр шууд нислэгтэй болсноор цаг хугацаа хэмнэхээс тийзний үнэ 40-50 хувь хямдрах боломж харагдаж байна. Бас нэг чухал зүйл нь АНУ-д аливаа уралдаан, тэмцээн, олон улсын хурал зөвлөгөөнд оролцогчдод хүртэл том боломжууд үүснэ.
-Агаарын карго тээвэр хөгжих ямар гарц байна вэ?
-Өргөн их биетэй, даац сайтай онгоц бол карго ачаа тээвэрлэх боломж илүү гарч ирж байгаа. Одоо зорчигчдыг 23 кг ачаа үнэгүй авч явахыг зөвшөөрдөг. Тэгвэл одоо шууд нислэгээр карго ачих боломж гарч ирж байгаа. Одоо Америкаас 40х40 см хэмжээтэй илгээмжийн үнэ 40 ам.доллар байсан бол 80 ам.доллар болсон. Энэ ачаа газраар гурван сар явж ирдэг. Харин агаарын тээврийн ачаа, тээшийг “Монгол шуудан” компани, “DHL” 7-14 хоногт хүргэж байна. Ер нь Америкт амьдарч байгаа монголчууд маань эх орондоо үйлдвэрлэгддэггүй хүнс, барааг нааш нь каргогоор их явуулдаг. Олон сар газраар явж ирсэн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд муудаж, хөгцөрч чанараа алдсан байх нь элбэг. Тэгвэл ийм төрлийн бүтээгдэхүүн хоногтоо хүрээд ирэх боломжтой болж байна.
-Шууд нислэг ирэх жилээс эхэлнэ. Бид юун дээр анхаарах ёстой вэ?
-АНУ руу шууд нислэг 2024 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр байгуулсан. Үүний тулд манайх АНУ-ын шалгалтад маш сайн бэлтгэж тэдний шаардлагыг хангах хэрэгтэй. Агаарын тээврийн салбарын хувьд 2023 оны аравдугаар сард ИНЕГ болон “Чингис хаан” ОУНБ-д хийгдэх ИКАО-гийн Аюулгүйн байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах шалгалт болон 2024 онд АНУ-ын FAA -ийн аудит шалгалтад амжилттай шалгуулах бэлтгэл хангахад анхаарах ёстой. Үүнтэй холбоотой мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гарсан байгаа. МИАТ компани мэдээж бизнес төлөвлөгөөгөө хийж байгаа байх. АНУ-ын Иргэний нисэхийн FAA байгууллагын аудит шалгалтад сайн оноо авахын тулд бэлтгэх шаардлагатай. Тэдний шаардлагыг хангаж чадвал ирэх оны дөрөвдүгээр сараас Америк руу шууд нислэг явж эхэлнэ. Нисэх баг бол аль хэдийнэ бэлтгэгдчихсэн. Шинэ орж ирж байгаа агаарын хөлөгт нисэх бүрэлдэхүүнийг шилжин суулгалт хийгдчихсэн. Тав, зургаан нисэх баг бэлэн болсон байх.
Тэгэхээр манай иргэний нисэхийн салбар АНУ-ын FSS-гийн шалгалтыг амжилттай давах хэрэгтэй байна. Хамгийн гол нь Америк, Монголын хооронд шууд нислэг эхэлж байгаатай холбоотой бусад салбарууд идэвхтэй, бэлэн байх хэрэгтэй. Тухайлбал, АНУ-д бараа бүтээгдэхүүнээ гаргах зах зээлийг бий болгох тал дээр бизнесийн байгууллагууд, аялал жуулчлалын салбар зар сурталчилгаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Судалгаанаас харахад жилд 9-10 сая америк иргэн гадаад орнууд руу аялдаг. Үүний арван хувь буюу 900 мянган хүнийг манай улс авлаа гэхэд аялал жуулчлалын компаниуд сэвхийтэл босоод ирнэ. Америкчууд бол төлбөрийн чадвар өндөртэй хүмүүс. Ковидын өмнөх жил буюу 2019 онд Монголд 500 орчим мянган гадаадын жуулчид ирсэний 26 мянга нь америкчууд байсан. Дамжин нислэгийн хүндрэл бэрхшээлийг даваад манай улсыг зорьж ирсэн гэсэн үг. Америк иргэд Монголд 90 хоногийн визгүй зорчих эрхтэй. Тэд бусад улсын жуулчдыг бодвол манай үндэсний дээл, малгай, хувцсыг илүүтэй худалдан авдаг. Одоо БНСУ-ын иргэд манайд визгүй зорчдог болсноор өнөө жил ямар их солонгосчууд манай улсад зорчлоо доо. Тэд байгалийн аялал жуулчлалыг их сонирхож ирлээ шүү дээ. Тэгэхээр Америкийн жуулчид тэднийг бодвол илүү төлбөрийн өндөр чадвартай хүмүүс. Энэ үүднээс нь харвал аялал жуулчлалын салбарт асар их валют орж ирэх юм.
-Хэрэв манайх АНУ-ын аудитын шалгалтад бүдэрвэл айлын талын авиа компани орж ирэх эрсдэл үүсэх үү?
-Улаанбаатар-Истанбулын чиглэлд шууд нислэгийн шугам нээгдэхэд эхний хэдэн жил туркийн авиа компани дангаараа явж байсан. Энэ чиглэлийн зах зээлийг хөгжүүлсний дараа МИАТ хожуу орсон. Монгол Америкийн хоорондох шууд нислэг бол цоо шинэ агаарын тээврийн “нялх” зах зээл. Тэгэхээр Америкийн агаарын тээврийн компаниуд шууд орж ирэхгүй байх. Эхний ээлжинд Монголын агаарын тээвэрлэгч компани нислэг үйлдэнэ. Гэхдээ хоёр улсын хооронд агаарын тээврийн харилцааны гэрээ байгуулагдсан учраас Америкийн авиа компаниуд нисэх бүрэн боломжтой. АНУ-ын агаарын тээврийн компани одоо Бээжин, Сөүл хүртэл нисдэг. Манай хаяанд ирчихсэн байгаа юм чинь үүнийг жаахан сунгаад Улаанбаатар руу хүрээд ирье гэвэл ямар ч төвөггүй. Тэдэнд бүрэн боломж нь байгаа. Зорчигчдод аль орны агаарын тээврийн компани нисэх нь ялгаа байхгүй. Үндэснийх байна уу, айлынх байна уу гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь хямд, тогтвортой, тав тухтай үйлчилгээ үзүүлж буй авиа компанийг сонгох эрх нь зорчигч, иргэдэд байгаа. Тэгэхээр манай ИНЕГ-ын мэргэжлийн улсууд FAA-гийн шалгалтад сайн бэлтгэж байгаа. Энэ шалгалтыг давж гарна гэдэгт итгэлтэй байна.
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Дахин хэлэхэд аялал жуулчлалын салбар, хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ сайн хангах ёстой. Энэхүү шууд нислэг эхэлбэл Америк төдийгүй Канад, Мексикийн жуулчид ирнэ. Карибийн тэнгисийн хөрш орнуудаас ч аялагчид тасрахгүй. Тэд их баян улсууд. 2024 оны зун Монголыг зорих жуулчид эрс өснө. Тэгэхээр манайх орон нутгийн нислэгийн чиглэл давтамжаа нэмэгдүүлэх, тохирох агаарын хөлгөө судалж авах шаардлага гарч ирнэ.
-МИАТ орон нутгийн нислэгээ сэргээсэн. Та орон нутгийн нислэгийн үнэ тарифийн талаар олон удаа асуудал дэвшүүлж байсан. Ер нь үнэ тарифийг одоогийнхоос буулгах боломж бий юу?
-Аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн нислэг чухал ач холбогдолтой. Орон нутгийн нислэгт МИАТ компанийг эргүүлэн оруулахад тооцоо судалгааг нь гаргаж тавьж байсан. Миний тооцоо судалгааг ЗГХЭГ-т авч судалж үзсэн байдаг. С.Бямбацогт сайдыг ажлаа аваад удаагүй байхад нь хүртэл зөвлөгөө өгсөн. Орон нутгийн нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж, тийзний үнэ тарифийг бууруулж хямдруулах арга замын талаар докторын судалгааны ажлаа танилцуулж байв. Өнөөдөр МИАТ орон нутагт нисч байгаа хувийн хэвшлийн авиа компаниас хамаагүй хямд үнээр үйлчилж байна. Гэхдээ энэ ажлыг цагийг нь тулгаж, хэт оройтуулж, зургадугаар сараас хэрэгжүүлсэн. Ингэхдээ гадны агаарын хөлгийг нойтон түрээсээр буюу гадаадын нисэх багийг онгоцтой нь түрээсэлж үйлчилж байна. Энэ бол асар өндөр үнэтэй. Хувийн хэвшлээс хямд байгаа боловч нойтон түрээс гэдэг бол цаад улсдаа асар өндөр үнэ төлж байдаг. Үүнийг эртнээс зохион байгуулсан бол илүү хямд байх боломж байсан. Жишээлбэл, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд “Эйро Монгол” компани нэг талдаа 790 мянга, “Хүннү эйр” 792 мянгаар нисч байна. Тэгэхэд МИАТ-ийн тийзний үнэ 375 мянган төгрөг байх жишээтэй. Миний судалгаагаар зөвхөн энэ чиглэлд тийзний үнэ 90-120 мянган төгрөг байх бүрэн боломжтой юм.
One reply on “Т.Батжаргал: Монгол, Америкийн хооронд шууд нислэгтэй болсноор тийзний үнэ 40-50 хувь хямдрах боломжтой DNN.mn”
wow