Categories
мэдээ цаг-үе

Т.Алтангэрэл: Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрээс биш, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх хэрэгтэй

Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдсан. Тодруулбал, Өмнөд Африк дахь “Стандарт” банкны мэдэлд Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр очих шийдвэр гараад байгаа билээ. Арбитрын давж заалдах шатны шүүхээс Монголын Засгийн газрыг “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн “Стандарт банкнаас зээлсэн өрийг төлөх ёстой. Хэрэв түүний өрийг эргүүлэн төлж, банкны нэхэмжилсэн 51 сая ам.долларын хохирлыг барагдуулахгүй гэвэл зээл авах гэрээнд заасны дагуу “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны мэдэлд шилжин очих болно” гэх утга бүхий шийдвэр гаргасан байдаг юм. “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар арбитрч, Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцлаа.


-“Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан. Ш.Батхүүг зээл авахад баталгаа гаргаж, тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар гарын үсэг зурсан асуудал байдаг. Баталгааны гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал гээд л олон зүйл яригддаг. Гэтэл Стандарт банк манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн байгаа. Арбитрын хоёр шатны шүүх Стандарт банкны талд шийдвэр гаргаж, манай Засгийн газар унасан. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Нэгэнт Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр гараад, тэрийг нь Хатан хааны давж заалдах шатны арилжааны шүүх хянаад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан, “Жаст” компанийн зээлийн өрийг барагдуулах үүрэгтэй гэдгийг шийдвэрлэсэн тул үйлдвэрийн дарга гарын үсэг зурсан, зураагүй гэдэг асуудал одоо тийм ч чухал биш.

Өөрөөр хэлбэл, талуудын гаргасан тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслээд баталгааг хүчин төгөлдөр баталгаа гэж Арбитр үзсэн учир Эрдэнэт үйлдвэр төр төлөх үүрэг нь үүсч байгаа хэрэг. “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын асуудал гадаад талдаа ийнхүү эцэслэгдсэн. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх үүргийг улс орнууд Нью-Йоркийн конвенцийн дагуу хүлээдэг тул одоо түүнийг гүйцэтгэх, өр төлбөрийг барагдуулах үүргийг Эрдэнэт үйлдвэр биелүүлэх болох нь. 109 сая ам.долларын төлбөрийг энэ том үйлдвэр графикаар төлчих л байх л даа, хамгийн гол нь энд төрийн буюу нийтийн өмчийн асуудал яригдаж байгаа, тэр өмчид хохирол учрах нь иргэдийн эрх ашгийг шууд хөндөж байгаа хэрэг юм, тухайлбал, наад зах нь бид Эрдэнэт үйлдвэрээс авах ёстой татвар, ногдол ашиг багасч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч тэр төрийн өмчийн гол эзэн буюу УИХ-ын зөвшөөрөлгүйгээр бүх наймааг хийж, нийтийн өмч хууль бусаар хувийн компанид очсон. Төрийн буюу нийтийн өмчийг ийнхүү дээгүүр, доогуураа эзэнгүйдүүлж, хулгай дээрэм нүүрлэж, албан тушаалтнууд туйлын хариуцлагагүй хандаж, хохироож байгааг иргэд бид хүлээн зөвшөөрч болохгүй, өөрсдөө хяналтыг сайн тавьж, хууль ёсыг сэргээх учиртай.

Тэгэхээр бид дотооддоо хэд хэдэн асуудлыг цэгцэлж, шударга ёсыг тогтоож, иргэдийн хүлээлтэд хариу өгөх хэрэгтэй байх. Анхнаасаа суурь зарчмын хувьд аль нэг, огт хамааралгүй хувийн компани зээл авах болоход төрийн өмчит компани баталгаа гаргасан, тэр авсан зээлээс өөрөө ямар нэгэн байдлаар ашиглаагүй нь илт хууль зөрчсөн, үүний улмаас нийтийн өмчид ихээхэн хэмжээний хохирол учирч байгааг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага хүлээлгэх ажлыг Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчийн болон хууль хяналтын байгууллага шуурхай авах хэрэгтэй. Манай хууль хяналтынхан арбитрын шийдвэрийн үндэслэл, нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг сайтар үзэж, олон хуурамч бичиг баримт, зурсан зураагүй гарын үсгийн дундаас чухам яагаад, ямар үндэслэлээр Эрдэнэт үйлдвэрийн баталгааг хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзсэнийг мэдэх ёстой.

-Монголын Засгийн газар Арбитрын шүүхэд ялагдах болсон шалтгаан юу вэ. Арбитрын шүүхийн процессын талаар хэвлэлд мэдээлж болохоос нь мэдээлэл өгч болох уу?.

-Юуны өмнө тус арбитрын хэрэг нь нэхэмжлэгч болох “Стандарт” банк болон хариуцагчид болох “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” компаниудын хооронд болсон болохоор Засгийн газар уг хэргийн оролцогч биш, уг хэрэгт Засгийн газар ялагдлаа гэх нь буруу юм. Харин төрийн өмчийн үйлдвэртэй холбоотой учраас Засгийн газарт хамааралтай асуудал бол мөн. Олон улсын арбитрын ажиллагаа бол өртөг өндөртэй, өмгөөлөгчид маш өндөр хөлсөөр ажилладаг тул арбитрт очихоосоо өмнө нөхцөл байдлаа сайтар дүгнэх хэрэгтэй байдаг. Эрдэнэтийн энэ хэргийн жишээнээс харвал зээлийн өр нь анхандаа харьцангүй бага байсан бол арбитрын сунжирсан хэрэг шийдэгдэх хүртэл хүү торгууль, арбитрын зардал гэх мэт нэмэгдээд үндсэн төлбөр шигээ хэмжээний мөнгө гарсан байна. Арбитрын ажиллагаанд өмгөөлөгч, арбитрчийг маш нарийн шалгуураар сонгох нь хэргийн үр дүнд чухал ач холбогдолтой юм.

-Стандарт банкинд төлөх өрийг хуулийнхаа дагуу Засгийн газар төлөх ёстой юу, эсвэл зээл авсан Ш.Батхүү, баталгаа гаргаж зээл авахад тусалсан“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү төлөх ёстой юу?

-Арбитрын шийдвэрээр нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр гарсан тул тус үйлдвэр өр төлбөрийг яаралтай барагдуулахаас өөр аргагүй байхыг үгүйсгэхгүй. Дараагийн ээлжинд дотооддоо хууль хяналтын байгууллагаар асуудлыг яаралтай хянаж, шалгаж, буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болно.

-Арбитрын шүүгч нөлөөнд автах, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тохиолдол байдаг уу?

-Арбитрын шүүгч буюу арбитрчаар олон улсад ажиллахад хамгийн чухал үзүүлэлт нь мэдээж түүний хараат бус байдал байдаг. Аливаа хэрэгт томилогдохоос өмнө түүний шийдэж байсан, оролцож байсан хэргүүд, нэр хүнд, харьяалагдах арбитрын байгууллага, туршлага, ёс зүй зэрэг олон талаас нь судалж, сонгодог бөгөөд өөрөө хараат бус байдлынхаа талаар хэрэгт томилогдохоос өмнө болон хэргийн явцад мэдэгдэх үүрэгтэй. Арбитрчийн хараат бус байдалд хяналт тавих нь өмгөөлөгч нарын чухал үүрэг бөгөөд хараат ажилласан гэх үндэслэл байвал татгалзан гаргах, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгуулах зэрэг боломжууд хуульчилсан байдаг. Олон улсын арбитрч нарын хувьд харгалзах ёс зүйн дүрмийг олон улсын барын холбооноос гаргасан байдаг нь арбитрчийн үйлдлийг үнэлж дүгнэхэд чухал эх сурвалж болдог.

Сүүлийн дөч, тавин жилийн түүхийг харвал олон улсын арбитрын хэргийн ачаалал ихээхэн нэмэгдсэн нь түүний ур чадвар, мэргэшсэн хараат бус байдал, компаниуд дотоодын шүүх гэхээсээ олон улсын арбитрт хандах итгэлийг илтгэж байна.

-Монголын Засгийн газар өмнө нь Арбитрын шүүхэд хичнээн удаа дуудагдаж, хэд нь хэрэгсэхгүй болж хэдэд нь ялж байсан бэ?

-Манай засгийн газар өнөөг хүртэл нийт дөрвөн арбитрын хэрэгт хариуцагчаар орсон байдаг. Нэг талдаа Засгийн газар, нөгөө талдаа хөрөнгө оруулагчтай ийм арбитрын хэргийг хөрөнгө оруулалтын маргаан гэж нэрлэдэг, харин компани хоорондын маргааныг арилжааных гэдэг.

Засгийн газрын орсон дөрвөн хэргүүдийг дурдвал, нэгдүгээрт, Италийн Алстом Пауэр компанийн нэхэмжлэлтэй ТЭЦ-3 холбогдох хэрэг (2003-2005 онууд), хоёрдугаарт, оХУ-ын хөрөнгө оруулагч С.в.Паушок, түүний Алтан дорнод Монгол ХХК-н нэхэмжлэлтэй Гэнэтийн ашгийн 68 татвартай холбоотой хэрэг (2007-2011 онууд), гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалттай компанийн нэхэмжлэлтэй Төмөртэйн ордод хамаарах хэрэг (2010-2017), дөрөвдүгээрт, Канадын Ханресурс компанийн нэхэмжлэлтэй арбитрын хэрэг. Энэ дөрвөн хэргээс Ханресурсын хэргээс бусад гуравт нь манай тал ялалт байгуулсан, өөрөөр хэлбэл олон улсын арбитрын практикт манай Засгийн газар чамлахааргүй үзүүлэлттэй явж байна. гэхдээ үүнд тайвшрах аргагүй, засаглал муутай, авлига өндөртэй улсад олон улсын арбитрт ялагдах эрсдэл маш өндөр хэвээр байдаг.

-Арбитр шүүхээс юугаараа ялгаатай байдаг вэ?

-Арбитр шүүх хоёрын ялгаа нь гэвэл арбитр бол хараат бус, шуурхай, нарийн мэргэшсэн хэрэг маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд арбитраас гарах шийдвэр нь шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх учиртай. Арбитрын процесс илүү уян хатан, талуудын чөлөөт байдал онцгой байр суурь эзэлдэг. Хэргийг яаж, хэзээ, хэн шийдэх зэрэг олон асуудлаар талууд тохиролцож, журмаа өөрсдөө тодорхойлох боломжтой. Арбитрчид илүү олон талт мэргэжилтэй, туршлагатай, хэргийг иж бүрэн, цаг гаргаж, нарийн шинжилж хянан шийдвэрлэдэг, хэргийн нууцлалыг хадгалдаг учир томоохон хэлцэл гэрээ хийдэг компаниудад ихээхэн давуу талтай байдаг. зардлын хувьд ч олон шат дамжлагагүй, хэргийг нэг дор төвлөрүүлж шийддэг тул хямд тусдаг талтай. гадны компаниудын хувьд дотоодын шүүхтэй зууралдах сонирхол төдийлөн байдаггүй. Тэр тусмаа хөгжил буурай орны шүүхэд итгэж чаддаггүй. Тиймээс маргаан гарвал шүүхээр бус харин арбитраар шийдвэрлүүлэх хүсэл илүү түгээмэл байдаг, үүнийгээ ч гэрээндээ тусгадаг. Арбитр нь арилжааны болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд нь нэг талаас төр, нөгөө талаас компани байдаг. Олон улсын практикт хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх нь хүлээн зөвшөөрөгдсөн, маш түгээмэл болсон. Улс орнууд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд дотоодын шүүхээсээ татгалзаж, олон улсын арбитрыг сонгодог нь нийтлэг юм.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *