Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Б.Цогтгэрэл нар оролцож, тус салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.
Мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр 2014 онд төсвийн хөрөнгөөр нийт 19.9 тэрбум төгрөгөөр 24 удаагийн тендер болон төсөл сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 83 хувь нь гэрээ байгуулж, хэрэгжилтийн шатандаа, 17 хувь нь үнэлгээ хийх, гэрээ байгуулах шатандаа явж байна гэж дэд сайд Ц.Туваан мэдээллээ. Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 27.7 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу ашиг шим ихтэй сүүний чиглэлийн үхэр импортлон нутагшуулах зорилгоор төсөл сонгон шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 13.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарчээ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ойролцоо сүүний чиглэлийн 300 үнээтэй 25 эрчимжсэн ферм байгуулж, нийслэлийн сүүний хангамжийн асуудлыг шийдэх юм. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 24 аж ахуйн нэгжид 38 тэрбум 130 сая төгрөгийн зээл олгожээ. Зээл авсан аж ахуйн нэгжээс 14 нь махны чиглэлийн үхрийн аж ахуй, 3 нь махны чиглэлийн хонины аж ахуй, 4 нь гахайн аж ахуй, 3 нь тахианы аж ахуй эрхэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15.0 сая мал төллөж, 14.8 сая төл бойжиж, төл бойжилтын хувь 98.9 хувьтай байна гэж дэд сайд мэдээллээ.
Энэ онд 304.5 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га талбайд төмс, хүнсний ногоо 8.3 мянган га талбайд, малын тэжээл 10.3 мянган га талбайд, тосны ургамал 24.1 мянган га талбайд, нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийнэ. Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.0-830.0 мянган төгрөгөөр дотоодын үрийн үнийг 680.0 мянган төгрөгөөр тогтоож, 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, намрын ургацаас нөхөн бүрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144.3 мянган га талбайд үр тариа, 3.7 мянган га талбайд төмс, 2.0 мянган га талбайд хүнсний ногоо, 18.8 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8.2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгоод байна.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн 587 нь буюу 66 хувь нь ҮХААЯ-тай шууд холбоотой гэж дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Ноос, ноолуур, оёдлын салбар, хүлэмжийн аж ахуй, сүүний чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Ноолуурын салбарт 33 төслийг 33.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжилтийн үе шатандаа явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Categories