Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд пирошки худалдаалахыг хориглох шаардлагатай байна

-СУРАГЧДЫН 56.8 ХУВЬ НЬ ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ-

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2015 онд хийсэн судалгаагаар сурагчид үнэ хямд, илчлэг өндөртэйн улмаас пирожки идэх нь их байдгийг онцолжээ. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байгааг дурдсан байна.

Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь нь энэ насанд тавигддаг гэдгийг судлаачид тогтоожээ.

Хүүхэд нас болон өсвөр насандаа эрүүл хооллох нь эрүүл мэнд, өсөлт хөгжилт, оюун санаа, цус багадалт, таргалалт, шүд хорхойтох зэрэг хооллолттой холбоотой эмгэгүүдээс урьдчилан сэргийлж улмаар зүрх судасны өвчин, хавдар, тархинд цус харвалт зэрэг алсын үр дагавруудаас сэргийлдэг. Ихэнх архаг өвчний үндэс суурь нь энэ насанд тавигддаг гэдгийг судлаачид тогтоожээ

Сургууль, цэцэрлэг, гэр орон зэрэг хүүхдийн өдөр дутмын амьдрах орчин нь тэдний хооллолтын байдалд ихээр нөлөөлж байна. Сургуулийн насны хүүхдүүд, өсвөр үеийнхний дунд таргалалтын түвшин нэмэгдэж байгаа нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчний гаралт ихсэхэд хүргэж байна.

Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байж болох хэдий ч хүүхдийн хооллолт ба тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд сургуулийн орчин чухал нөлөө үзүүлдэг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн орчин дахь хооллолтын тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааны зарим дүнгээс сонирхуулж байна.

Пирошки: Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Ундаа: Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно.

Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм. 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна

Жигнэмэг, өрмөнцөр: Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн: Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Жимс, жимсгэнэ: Судалгаанд хамрагдсан сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй байна. Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаажилттай жимсийг худалдаалахыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд сургуулийн цайны газарт зориулалтын уусмалаар угааж цэвэрлэн хэрэглэхэд бэлэн болгосон жимсийг худалдах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь сургууль дээр сургуулийн буфетэнд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авч байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.

Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг тус судалгаанд дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *