Categories
мэдээ нийгэм

Сурагч хүү үзсэн киноноосоо сэдэл авч банкнаас мөнгө хулгайлах гээд баригджээ

Дорноговь аймгийн Төмөрзамын III багт үйл ажиллагаа явуулдаг “Төрийнбанк”-нд хулгай орсон хэрэг гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад энэ сарын 1-ний 06:00 цагийн орчимд дээрх банкны дохиолол ажилласан гэнэ. “Төрийн банк”-ныхан ажлын бус цагаар ямар нэгэн болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлж дохиоллын систем суурилуулсан байжээ. Гэрээт харуул хамгаалалтын албаныхан банкинд гадны хүн нэвтэрч дохиолол дуугарах үед шуурхай очсон байна. Хамгаалалтын ажилтнууд банкинд очих үед хулгайч хэдийнэ “Төрийн банк”-ны цонхны түгжээг эвдэлж, дотогш нэвтэрсэн байсан гэнэ. Гэмт этгээд хар өнгийн баг өмссөн болохоор хэн болох нь танигдаагүй байна. Иймд банкны хамгаалагч нар гэмт этгээдэд хандан “Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй гараад ир. Чамайг бүсэлсэн” гэж хэлсэн байна. Энэ үед гэмт этгээд гартаа хутга барьж гарч ирэн “Ойртвол хутгална шүү. Хойшоо бай” гэж сүрдүүлээд банкны хажууд орхисон мотоциклио унаад зугтаасан байна.

БАНКНЫ ХАМГААЛАГЧ НАРЫГ СҮРДҮҮЛСЭН ГЭВ

Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтаасан учир Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст яаралтай дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт шуурхай ирсэн байна. Гэмт этгээд банкнаас ямар нэгэн эд зүйлс болон мөнгө авч амжилгүй зугтаасан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон байна. Харин банкны мөнгө хадгалдаг өрөөг онгойлгох гэж оролдсон байжээ. Цагдаа нар банкны харуул хамгаалалтын албаны ажилтнуудаас гэмт хэрэгтний содон шинж тэмдэг, хэн байж болох, өмнө нь ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдсан зэргийг асууж тодруулсан байна. Хамгаалагч нар “Жижигхэн биетэй хүн байсан. Гартаа хутга барьчихсан байсан. Дуу хоолой нь хүүхдийнх шиг сонсогдсон. Гэхдээ хутга барьж гарч ирээд “Ойртвол ална шүү” гээд сүрдүүлсэн болохоор барьж авч чадаагүй. Улаан мотоцикль унаад л байшин тойроод зугтаасан” гэх утга бүхий тайлбарыг өгчээ. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагч нар банкинд халдсан этгээд хүүхэд байж магадгүй гэх таамаг дэвшүүлж, мотоциклийн мөр хөөж явсан байна. Аймгийн төвд улаан өнгөтэй мотоцикль унадаг хүмүүсийн талаарх мэдээллийг авч эхэлсэн байна. Ингээд хэрэг гарснаас 20 гаруй минутын дотор гэмт этгээдийг гэртээ очсон байхад нь саатуулжээ. Банкинд халдсан этгээд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч 15 настай Б болох нь тогтоогджээ.

КИНО ҮЗЭЭД БАНК ДЭЭРЭМДЭХ СЭДЭЛ ТӨРЖЭЭ

Сурагч Б-г цагдаа нар саатуулж, юуны учир банк руу халдах болсон талаар мэдүүлэг, тайлбар авсан байна. Б “Их мөнгөтэй болох гээд л банк руу орсон. Арын цонхоор нь ороод мөнгө хадгалж байж магадгүй гээд түгжээтэй хаалга эвдэх гээд зогсож байтал хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд л зугтаачихсан юм” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Дунд сургуулийн хүүхдэд юунаас болж их хэмжээний мөнгө хэрэг болсон талаар тодруулахад ”Төрийн банк” хүмүүсийн цалинг өгдөг. Өндөр настны тэтгэвэр, халамж өгдөг болохоор их хэмжээний мөнгөтэй байдаг гэж хүнээс сонсож байсан. Тэгээд банк дээрэмдэг кино үзээд аймгийнхаа банкнаас мөнгө хулгайлах санааг олсон юм. Орой ажил тарахаар банкны бүх ажилтан яваад өгдөг юм билээ. Хамгийн сүүлд хамгаалагч банкийг цоожлоод гардаг гэдгийг олж мэдсэн. Тэгээд л өглөө үүрээр банк руу очсон юм” гэж мэдүүлжээ.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд үзсэн кино, интернэт тоглоом зэргээс гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг авдаг үзэгдэл ихэсч байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн гурван жилийн өмнө Налайх дүүргийн ХААН банкийг А.Бат-Ялалт гэгч дээрэмдэж, хоёр хүнийг буудаж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан хэрэг гарсан. А.Бат-Ялалт “Банк дээрэмдэж буй нэгэн кино үзсэн. Тэр киноноос банк дээрэмдэх сэдэл авсан. Кинон дээр гарсан үйл явдал шиг буу бэлдэж, машин хөлсөлж, дээрэмдсэн” гэж мэдүүлж байсан. Тэгвэл Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б гэх 15 настай хүү мөн л банк дээрэмдсэн кино үзсэнээс гэмт хэрэг үйлдэх сэдэл төрснөө хэлсэн байна.

Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс банкинд халдсан сурагч Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусч, прокурорт шилжих аж.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *