Сумын заануудын халз барилдаан, мөн “Алдартан” клубийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Б.Өсөхбаяртай ярилцлаа.
-Сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа бөхчүүдийн нэг нь та. Энэ жилийн барилдаанд түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Он гарснаас хойш цар тахал гээд зарим нэг барилдаан болоогүй. Харин намраас хойш хэд хэдэн барилдаан боллоо. Тэр тусмаа сумын заануудын барилдаан, Алдартан клубийн нэрэмжит барилдаан, Алдарын цом гэх мэтчилэн барилдаанууд болж бүгдэд нь амжилттай оролцож түрүүлсэн. Хамгийн сүүлд Бөхийн өргөөнд болсон сумын заануудын халз барилдаанд 20 орчим баг өрсөлдсөнөөс. Үеийн сайхан заануудтайгаа нэг баг болж “Бөхийн цомог” хэмээх группийг төлөөлж оролцоод түрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ намрын барилдаанууд амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.
–Тэс сумын наадамд хоёр жил дараалж түрүүлсэн. Тухайн үед ямар бөхчүүдтэй барилдаж байв?
-Сумын цол горилсон, цолоо батлах гэсэн залуустай л барилдаж байсан. Сумын заан Г.Бандибаатар, Я. Ядамсүрэн гэх мэт.
– Одоо та ямар багшийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийж барилдаж байна вэ?
-Увс нуур дэвжээний багш О.Балжинням болон Монгол Улсын аварга С.Батсуурь аваргыг л дагаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Одоо хөл хорионд байгаа болохоор төдийлөн бэлтгэлээ хийж чадахгүй байна.
– Танд бэлтгэлийн үед баримталдаг зарчим бий юу?
-Бэлтгэл хийх 2-3 цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөж өөрт хэрэгтэй шинэ содон зүйл суралцахыг эрмэлздэг.
–Ямар бөхөөс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Нутгийнхаа ахмад бөхчүүд болон хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз нөхөд гээд хүн хүнээс л үлгэрлэх зүйл байдаг даа.
-Та хоёр ч том барилдаанд түрүүлчихээд эр бяр орж байхад тань хөл хорио тогтоож барилдаануудыг цуцаллаа. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Залуу хүний хувьд барилдаан болж л байвал баярладаг. Орсон барилдаан болгоноосоо урамшиж, даваа, унаа болгондоо дүгнэлт хийдэг. Түүнчлэн давааныхаа мөнгөө амьдралдаа нэмэр болгож явдаг. Ялангуяа бага цолтой бидний хувьд цалин мөнгө гэж байхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг хүмүүс шүү дээ.
– Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Та улсын наадамд барилдах уу. Увс аймагтаа барилдах уу?
-Дараа жил тэгш ой тохиож байгаа. Бөхчүүд болгон л сайн барилдахыг хичээж зорьж байгаа байх. Миний хувьд ч адилхан. Улсын наадам, аймаг, сумдын наадам гээд хоорондоо давхцахгүй болно гэж бодож байна. Хэрвээ зөрж таарвал хоёуланд нь барилдах боломж гарч ирнэ. Тийм болохоор боломжийг ашиглаад сайн барилдахыг хичээнэ дээ.
– Үеийнхээ бөхчүүдээсээ хэнийг үндэсний бөхийн өндөр цолд хүрнэ гэж бодож байна вэ?
-Манай үеийнхэн зорилгоо тодорхойлчихсон. Үндэсний бөх гэдэг спортоор цаашид явна. Том цолонд хүрнэ гэсэн хүмүүс нь л одоо барилдаж байгаа. Бэртэл гэмтэл холуур байвал хичээсэн хүн бүрд л боломж байгаа. Тийм болохоор яг энэ гэж хэлэхэд хэцүү байна. Бүгд л жигд сайхан барилддаг залуус.
– Та эхээс хэдүүлээ вэ, гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
-Эхээс дөрвүүлээ нэг эгч, хоёр дүүтэй. Аавыг маань Т.Баттулга гэдэг. Сумын заан цолтой, аймгийн тойргийн начин, аймгийн алдарт уяач хүн байсан. Ээжийг маань Д.Насан гэдэг оёдолчин хүн бий. Миний хувьд эхнэр охинтойгоо амьдардаг. Эхнэр маань Хөвсгөл аймгийн галт сумын бүсгүй. Гэр бүл болоод гурван жил болж байна.
-Бөх удам дагадаг гэдэг үнэн юм. Яагаад заавал бөхийн спорт сонирхох болов ?
-Би хоёр талаасаа удамтай. Аавын талд Увсын “Улаан Гуталт” хэмээн алдаршиж байсан МУ–ын начин М.Цэрэндорж гэж Тэс сумын анхны улсын цолтон хүн байсан. Их булган сүүлтэй начин гэж ярьцгаадаг. Араасаа 15 улсын цолтон дагуулсан хүнийг булган сүүлтэй гэж ярихаас ч яахав. Цаашид ч хэдэн арваараа нэмэгдэх байх. Мөн улсын харцага Э.Батбаатар, аймгийн хурц бадрангуй арслан Ю.Эрдэнээ, М.Авирмэд, Х.Оргилболд гээд аймгийн цолтой олон бөх байдаг. Би бага байхаасаа л бөх болно гэж мөрөөдөг байсан. Аав маань барилддаг болохоор надад гараа дэвээг анх зааж өгч байсан. Найз нөхөд нь ирэхээр “Миний хүү нэг дэвээд харуулчи”х гэж хэлэнгүүт л би босож үзүүлнэ. Энэ дурсамжууд оюун бодолд маань гүн шингэж бөх болно гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байна даа.
-Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай наадмаасаа хуваалцаач?
-2013 онд манай үеэл ах Х.Баярнэмэх ирээд намайг Улаангомд наадмын бэлтгэлд явуулна. Өсвөрийн аймгийн наадамд барилдуулна гээд дуудсан юм. Би ч замын унаанд суугаад аймаг орлоо тэр үед Х.Баярнэмэх ах маань хуримаа хийж байсан. Би шууд тэднийх рүү очоод л найрын хоол, цай гээд янз бүрийн л юм идэж уулаа. Маргааш нь бэлтгэлд гарсан чинь бие нэг л сонин болоод гэдэс дотор өвдөөд болдоггүй. Би ч нуугаад бэлтгэлээ хийгээд хоёр хонолоо зүгээр болдоггүй шүү. Тэсэхээ байгаад хэлсэн чинь эмчид аваачиж үзүүллээ. Тэгсэн хоолны хордлого болсон байна. Эмнэлэгт долоо хоног хэвт гээд юун нөгөө бэлтгэл сургуулилт хийх эмнэлэгт хэвтээд наадмын урд өдөр гарсан. Эмч маань барилдаж болохгүй гэсэн ч би дотроо барилдах бодолтой тэрийгээ ч хэлээгүй “За” гээд эмнэлгээс гарсан. Маргааш нь наадам эхлэхээс өмнө очоод өсвөр үед бүртгүүлээд барилдсан. Бэлтгэл сургуулилт хийгээгүй болохоор өөртөө итгэл муутайхан байсан ч чармайсныхаа эцэст наадамдаа түрүүлсэн дээ. Хүнд зорилго байхад бүх зүйл болдгийг би тэгэхэд л мэдэрсэн. Томчуудын барилдаанд манай үеэл ах Х. Оргилболд түрүүлж аймгийн арслан цол авсан. Мөн аав маань морь уяад түрүүлж байлаа. Ингээд гурван түрүүтэй гэрийн зүг явсан даа. Энэ наадам миний санаанаас ер гардаггүй юм.
–Залуу хүний хувьд үндэсний бөхөө хэрхэн хөгжөөсэй гэж боддог вэ?
-Хөгжлийн хувьд нэг их юм бодож байгаагүй. Харин Монгол гээд жижиг улс аймгуудынхаа наадмыг хаалттай, нээлттэй гэдэг зүйлийг л нэгдсэн нэг журамд оруулмаар юм шиг санагддаг. Мөн маргаантай барилдаануудыг камераар л шүүдэг болбол дээр юм шиг хөлийн цэц шийднэ гээд нэг их олон талтай юм болдог. Тэр олон бөхийн захад сууж байгаа хүн харсан, хараагүй гээд зөндөө тохиолдлууд байхад дан ганц Хөлийн цэц шийддэг гэхээр дутагдалтай юм шиг л санагддаг. Бөхийн лайв хийгээд байдаг Б.Баярбаатар ахын зарим нэг санаа хэрэгтэй ч юм шиг. Энэ хувь хүний л бодол шүү.
Сэтгүүлч Д.Баттогтох