Японы “Shima Seiki” фирм Монголын ноолуурын үйлдвэрүүдтэй ажилласан туршлагадаа үндэслэн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Shima Seiki тraining center” сургалтын төвийг 2017 оны есдүгээр сард байгуулжээ.
Дэлхийд сүлжмэлийн автомат машин үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг фирмүүдийн нэг болох энэ компанийнхан тус төвийг байгуулахаар шийдвэрлэсэн нь учиртай. Монгол Улс ноолуур бэлтгэлээр дэлхийд томд ордог. Түүхий эдийн арвин нөөцтэй, мөн “Shima Seiki” фирмийн сүлжмэлийн автомат удирдлагын CAD системийг монгол залуус чадварлаг эзэмжиж байгааг тэд тооцсон нь лавтай.
Шима захирал нэгэнтээ “Цаашид монгол залуус эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд ажиллах боломжтой” гэж хэлсэн нь хэдийнэ биелэлээ олж байна. Сүлжмэлийн автомат системийг чадварлаг эзэмшсэн монгол залуус дэлхийн шилдэг фирмүүдэд, тухайлбал “Nike”-д ажиллаж эхэлжээ. Мөн Орос, Солонгосын сүлжмэлийн үйлдвэрүүдэд программистээр ажиллаж байгаа гэнэ.
Өнөөдөр манай улсын ноос, ноолуур боловсруулах салбарын 60 гаруй үйлдвэрт уг фирмийн 500 орчим сүлжмэлийн автомат сүлжих машин ажиллаж байна.
Уг сургалтын төвийнхөн “Shima Seiki” фирмийн тоног төхөөрөмжийн технологийн боломжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах чадвар эзэмшсэн мэргэшиж дадлагажсан боловсон хүчин бэлтгэхээр зорьжээ. Ингэснээр Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дизайн дэлхийн чиг хандлагад нийцэх юм.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэл судлалын салбарын профессор, доктор Д.Энхтуяа ярихдаа “Үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хичээлийн программд өөрчлөлт оруулан “Shima Seiki” фирмийн сүлжмэлийн автомат машины программд суурилсан хичээл нэмүү оруулахад анхаарч, сургалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан. Энэ төвийн лаборатори нь Shima Seiki фирмийн Whole Garment машинд зориулагдсан SDS-ONE APEX-3-3 программ хангамжтай 14 компьютертэй, Shima Seiki фирмийн Япон дахь сургалтын орчинтой адил нөхцөлтэй юм. Бид энэ төвдөө зөвхөн оюутнууд төдийгүй үйлдвэрт ажиллаж буй программистуудад давтан сургалт явуулна” гэлээ.
“Ноос ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх талаар төр засгаас олон талт арга хэмжээ авсны дүнд манай үйлдвэрүүдэд дэлхийд тэргүүлэх тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Тэдгээрийг үр дүнтэй ашиглах хүний нөөц, чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, энэхүү APEX программыг бүрэн эзэмшснээр хоёроос гурван хүний хийж буй ажлыг нэг чадвартай хүн хийх боломжтой болно. Үүнийг л нөөц ашиглах, бүтээмж нэмэх гээд байгаа юм. Мөн түүнчлэн хувцасны загварыг хурдан хугацаанд өөрчлөх боломжтой боллоо” гэж Д.Энхтуяа багш тайлбарлав.
“Shima Seiki тraining center” төв болон Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй Юнитерра олон улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран ноолуурын үйлдвэрийн технологич, загвар зохион бүтээгч инженерүүд болон ШУТИС-ийн хувцасны загвар зохион бүтээгч, дизайнер багш нарт зориулсан анхан болон ахисан I шатны сургалтыг амжилттай хийжээ. Энэхүү APEX 3-3 системийг эзэмших сургалтуудад суухаар Япон уруу явдаг байсан бол өдгөө нутагтаа, эх хэл дээрээ суралцах боломжтой болсон юм.
Юнитерра хөтөлбөр нь Монгол Улсад Ноос ноолуур, орон сууцны барилгын салбарт 2015-2020 онд хэрэгжих ажээ.