Сүхбаатарын талбайд өнөөдөр номын баяр үргэлжилж байна. Зохиолчидтой биечлэн уулзаж, гарын үсэгтэй номыг нь өөрөөс нь авах ховорхон боломжийг уншигчдадаа олгодог баяртаа яараарай хүмүүсээ.
Энэхүү арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ “Эмпати ертөнц” ХКК-тай хамтран “Ulaanbaatar book fair” номын өдөрлөгийг зохион байгуулж байна. Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монцамэ агентлаг, Монгол кино нэгтгэл, Хаан банк, Ганаа майхан зэрэг байгууллага үйл ажиллагаагаараа дэмжин ажиллаж байгаа.
“Ulaanbaatar book fair”-аар монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэнэ. Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншиснаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон. 21 дэх “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм. “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.