Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар дүүргийнхэн хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахаар зөвлөлдлөө

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас санаачилсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” сургалт зөвлөгөөн Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Энэхүү сургалтанд иргэд болон хүүхэд гэр бүлтэй хамгийн ойр ажилладаг 20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйчид болон СӨХ-ны ажилтнууд оролцов. Тус зөвлөгөөн нь хүүхдүүдийг хүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилготой болж байна.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороо, “Лантуун дохио” ТББ, “Сайн үйлс” ТББ-ууд хамтран оролцож, мэдээлэл, судалгаа шинжилгээ, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар зөвлөлдсөн юм.

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг нээж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх ёстой. Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэж, 2018 оны төсөвтөө суулгасан. Энэхүү зөвлөгөөнөөс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна. Уриалгыг бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь үр дүн юм” гэдгийг онцоллоо.

СБД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаагаас энэ талаар тодруулав.

-Сүхбаатар дүүргийн тамгын газрын зүгээс Хүчирхийллийн эсрэг хамтдаа сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Эцэг эхчүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд чухам юу тусгасан байдгийг мэддэггүй. Эцэг эхчүүд болон удирдах ажилтнууддаа сургалт хийж, хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд мэдлэг мэдээллийг нь өгье дараа нь энэ хүмүүстэйгээ ажиллая. Ямар ч мэдээлэлгүй хүмүүс өнөөдөр юу хийж чадах вэ, хандлагаа өөрчилж байж үйл ажиллагаагаа засна. Ийм учраас энэхүү сургалт зөвлөгөөнийг хийж байгаа юм.

Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэл мэдэгдэхүйц буурах бодит үр дүнгийн төлөө ажиллахыг хичээж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга юм. Энэ хүн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрыг санаачлан санхүүжилтийг нь шийдээд 2018 онд энэхүү ажлыг эхлүүлэх гэж байна. Хохирогч гэрээсээ гараад хаана очих, хэнд хандахаа мэдэхгүй байсан бол одоо очих газартай боллоо. Энэ бол том алхам. Мөн хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж байна. Бүх төрлийн үйлчилгээг эндээс авна. Хамгаалах байран дээрээ ирээд эрхээ хамгаалуулах боломжтой болж байна гэв.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *