Дэлхийн хүн амын 4 хувь буюу 300 сая нь сэтгэл гутрах өвчинтэй аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд сэтгэл гутралын эмгэгтэй хүний тоо 18 хувиар өссөн нь энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У хэлж байна. Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн сөрөг үйл явц хүмүүсийг сэтгэл гутралд хүргэдэг. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж, эмчлэхэд тодорхой хөрөнгө шаардлагатай. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулсан 1 доллар эргээд эдийн засагт 4 доллар болон өсдөг. Нас, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа харгалзахгүйгээр тусдаг энэ эмгэгийн даван туулах үе хэнд ч ирж магадгүй. Тиймээс гадуурхахгүй байх нь чухал гэдгийг хэлж байна.
Харин манай улсын хувьд 2013 онд хийсэн судалгаагаар хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүн гарчээ. СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны 5 хүүхдийн нэг, төрсөн 6 эмэгтэйн 1 нь сэтгэцийн асуудалтай байгаа нь тогтоогджээ. СЭМҮТ жилд 40 мянган хүнд үйлчилдэг байна. Тэднээс 1800-2000 нь сэтгэл гутрал, сэтгэцийн ямар нэг асуудалтай байдгийг тус төвийн захирал Л.Насанцэнгэл хэлэв. Тэрбээр 2014 онд стрессын шалтгаантай сэтгэцийн асуудал 10 дахин өссөн дүн гарсныг мөн мэдээлэв.
ДЭМБ-аас гаргасан Номхон далайн эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс бага руу нь эрэмбэлэхэд Монгол Улс VII-д, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа III-т оржээ. Зуун мянган хүн амд амиа егүүтгэх тохиолдлын тоогоор VI-д жагсч байна.
Сэтгэл гутралын ноцтой үр дагавар нь амиа хорлоход хүргэдэг байна. Дэлхийд 40 секунт тутамд нэг хүн амиа егүүтгэдэг. Манай улсын хувьд ч1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тусам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр буй аж.
Сэтгэл гутралын шинж тэмдэг:
- Сэтгэл санаа дундуу, уйтгартай байх
- Идэвх, сонирхол буурах
- Амархан ядарч, сульдах
- Анхаарал төвлөрөхгүй байх
- Нойргүйдэх
- Хоолны дур, сонирхол буурах
- Өтгөн хатах
- Бэлгийн дур хүсэл буурах
- Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- Өөрийгөө буруутгах
- Биеийн жин буурах
- Хэнд ч хэрэггүй болсон мэтээр бодох
- Үг яриа цөөрөх
- Хөдөлгөөн удаашрах
Танд бүх шинж тэмдэг илэрч байвал эхний ээлжинд Сэтгэл гутралыг илрүүлэх “Beck”-н сорилыг бөглөх шаардлагатай. Сорилыг энд дарж үзнэ үү. Сорилын үр дүн сөрөг гарвал та сэтгэлзүйч, мэргэжлийн эмчид хандаж, сэтгэл заслын болоод эмийн эмчилгээ хийлгэж болно.
Сэтгэл гутралаас сэргийлэх боломж:
- Өдөр бүр биеийн тамирын дасгал хийх
- Эрүүл, зөв хооллоход анхаарах
- Булчин сулруулах дасгал хийх
- Сайн унтаж амрах
- Стресс тайлах ур чадварт суралцах
- Ажлаа төлөвлөгөөтэй хийх
- Согтууруулах ундаанаас татгалзах
- Өөрийгөө хайрлах, халамжлах
- Өөртэй итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах шаардлагатай юм байна.