Гэрэл зургийг Г.МЯГМАРСҮРЭН
“Танайд өнжье” булангийнхаа зочноор УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгийг урилаа. Академич Ж.Болдбаатарын хүү гэдгийг уншигчид андахгүй мэдэх энэ эрхэм хуульч мэргэжилтэй. Б.Гүнбилэг хуульчийнх Хүүхдийн зууд байрлах таван давхар саарал орон сууцнуудын нэгэнд аж төрдөг юм байна. Биднийг очиход гэргий нь хаалгаа тайлж өгөв. Я.Ижилмөрөн гэж өвөрмөц ховор нэртэй бүсгүй “Монел” гэдэг телевизийг Монголд анх угсарсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, инженер Ш.Ялалтын бага охин аж. Австралийн элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Ижилмөрөн бүсгүй “Өдрийн сонин”-оос сэтгүүлчид ирнэ гээд бид хоёр та хэдийг хүлээгээд сууж байлаа. Хүүхдүүд маань сургууль амраад манай аав, ээжийнд зуслан дээр байгаа, бид хоёулаа л байна” гэсээр угтав. Тэд 83 дугаар сургуулийн нэг ангийн хоёр. Я.Ижилмөрөн 10 дугаар ангиа төгсөөд бизнесийн сургуульд суралцахаар Лондон хотыг зорьж байж. Хүүхдүүдийнх нь нэр ч их содон, утга бэлгэдэлтэй юм. Г.Тодсэцэн, Г.Сэцэн гэсэн нэрийг өвөө аав нь өгчээ. Эдний бага охин гуравдугаар сургуульд суралцдаг аж. Хичээлтэй нь ойрхон гээд энэ айл өвөөгийндөө нүүгээд ирж. Харин өвөө нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт нэг өдөр өнжөөд эмчилгээ хийлгэдэг тул энэ хоёр маань аавынхыгаа тус эмнэлэгтэй ойр өөрийн гэр рүү нүүлгэж, нэг ёсондоо хоёр айл зөрж байраа солин амьдраад хоёр жил болжээ. Өвөөгийнх гэдэг нь академич Ж.Болдбаатар гуайнх. Энгийн даруухан хэрнээ цаанаа тохилог, дулаахан уур амьсгалтай энэ айлд хоёр цаг хэртэй саатлаа. Жижиг өрөөн дэх шашны шастирууд, хоймортоо залсан номын өрөө нь нүдэнд тусав.
Гэрийн эзэн багадаа яруу найраг сонирхдог хүү байж, бүр яруу найргийн “Хүрэл тулга” наадамд оролцоод ч авч. Уран зохиолд шимтсэн, бичих дуртай тэрээр дунд сургууль, оюутан ахуйдаа “Би чамд хайртай”, “Улаан Халтар Майамид зочилсон нь” гэдэг хүүхдийн ном бичиж байснаа сонирхуулав. Энэ ном нь 10 мянга гаруй хувь хэвлэгдэж байжээ. Б.Гүнбилэгийн ээж нь дууны яруу найрагч. С.Оюунчимэг гэхээр уншигчид андахгүй. Гэрийн эзэн “Ээж минь намайг тав, зургаатай байхад өмнөө суулгаж байгаад шүлэг их хэлүүлдэг байж билээ. Шүлэг бичих аргачлалыг зааж өгнө. Би бичиг мэдэхгүй, ээж миний хэлснийг бичгийн машин дээр бичнэ. Оройжингоо л галт тогоондоо шүлэг яриад суудаг хоёр байлаа шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. Наймдугаар ангидаа дүүргийнхээ “Хүрэл тулга” наадамд орж хоёрдугаар байранд орж байснаа яриад бөөн инээд болов. “Яагаад ч юм би цэрэгт явмааргүй санагдана. Яваад ирэхэд минь Дулмаа хүнтэй суучихсан байх мэт бодогдоно” гэсэн сүрхий том үгтэй, өөрийнх нь хэлснээр “эх оронч бус” шүлгийг “Соёмбо” кино театрын тайзан дээрээс уншиж байж. Гүнбилэг эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Бичих тал дээр аав, ээж хоёр чадлаараа зааж өгөхийг оролдсон.
Гэр бүлийн нөлөөлөл л дөө. Аав минь Монголын том сэхээтнүүдийн нэг. Ээж минь шүлэгч. Зохиолч, яруу найрагчид манайхаар их ирнэ. Тийм орчинд өссөн болохоор бичих дуртай болсон байх. Харин хуульч болоод ерөнхийдөө орхиод байна. Уянгатай гэхээсээ илүүтэй, түн тан, түс тас гэсэн юм бичдэг болж” гэж дурсамж сөхөв.
Тэр наймдугаар ангидаа “Охид ба хөвгүүд” гэдэг өсвөр насныханд зориулсан сонины эрхлэгчээр ажиллаж байжээ. Сонин дээрээ гадаад дууны үгийг Герман, Америк сэтгүүлээс олж хэвлэдэг.Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр НҮБ-ын Хүн Амын сангаас санхүүжилт аван, нийтлэл гаргадаг байснаа ярив. 1990-ээд оны дундуур сонинд ажиллаж байхдаа өдгөө нэрд гарсан олон алдартантай ярилцлага хийж явсан сонирхолтой түүхтэй юм байна. Түүний гаргаж байсан сонинд Асашёорюү Д.Дагвадорж, жүжигчин Д.Нарансолонго, Номин Талстын залуус гээд тухайн үеийн амжилттай явсан охид, хөвгүүдийн анхны ярилцлагууд гарч байж. Тухайн үед залуусын шүтэж, үлгэрлэн дуурайж байсан бүх л ододтой ярилцаж байжээ. Сонирхуулж хэлэхэд 1997 онд есдүгээр ангид байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сурагч хүү ярилцлага хийн сониндоо нийтэлж байжээ. Тухайн үед “Охид ба хөвгүүд” сонин 2000 хувь хэвлэгдэж, чамгүй амжилттай сонинуудын тоонд багтаж явжээ. Гэрийн эзэн 1996, 1997 оны улсын шилдэг сурагч болж байсныг эхнэрээс нь сонсов. Эхнэр нь мөн сонин гаргахад нь тусалдаг байж. Нэг удаагийн ярилцлага ээжийнх нь ажлын өрөөнд Д.Дагвадорж гэж тамирчин сурагчийн амжилтын тухай өрнөж. Ирээдүйн аварга хүүтэй, энэ айлын гэргий, тухайн үеийн сурагч Ижилмөрөнгийн авахуулсан зураг байдаг гэнэ.
Б.Гүнбилэг шүлэг, уран зохиолоос гадна бөхөд хорхойтой байж. Сурагч байхдаа жүдо бөхөөр хичээллэдэг байжээ. Жүдогоор хичээллэж байх үедээ нүдний хагалгаанд орж эрүүл мэндийн шалтгаанаар спортын хөдөлгөөнийг орхижээ. Нэг хоёр жил спортоор хичээллэхгүй байж. Спортод дуртай 18-хан настай хүү яаж зүгээр суухав, штанг өргөж эхэлжээ. 1998 оноос өнөөдрийг хүртэл штангийн дасгал хийж байгаа аж. Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медальтай юм байна. Гэрийн эзний уугуул нутаг нь Булган аймгийн Бугат сум. Хэдийгээр хотод өссөн ч завсар зай гарвал л нутаг руугаа явчихдаг гэнэ. Бага насных нь сайхан дурсамжууд айргаараа алдартай Могодтой ч холбоотой гэнэ. Ээж нь Могодынх. “Хуульч гэдэг ажилтай боловч, заримдаа Булганаас анд нөхөд, ах дүүгээс ирсэн мах, айргийг борлуулах ажил өрнөнө. Зарим хүмүүс намайг мах, айрагны ченж гэж боддог байх” хэмээн гэрийн эзэн хэлэнгээ, энэ намар 21 идэш борлуулснаараа бахархлаа. Цагаан сар дөхөөд айраг зарах улирал нь эхэлжээ.
Бөхөд хорхойтой хуульч залуу Булган аймгийн “Булган хангайн хүчитнүүд”, “Булганхан” бөхийн дэвжээнийхэнтэй их ойр байдаг, эдгээр дэвжээний тэргүүлэгчээр ажилладаг байна. Хааяа нутгийн бөхчүүд дээр очиж бэлтгэл хийдэг байна. “Зурагтаар гардаг том бөхчүүдтэй барилдаж хийморио сэргээх ч сайхан байдаг юм. Хааяа нэг дасгалжуулагч багш нараар одоо ч нуруун дээрээ “сурдуулахад”, тархи нь сэргээд явчихдаг гэнэ. 2003 онд Нэгдүгээр хорооллын байрны, зодог, шуудаг оёдог С.Нямдорж ах нь улсын арслан Д.Азжаргалын багадсан зодог шуудгийг өгөөд “Чи нэг барилдаач. Бөхчүүдтэй барилдахыг чинь харахаар дориун барилдчихмаар юм шиг санагдаад байна” гэж. Тэгсэн С.Нямдорж ахынх нь найз улсын харцага Г.Ганхуяг барилдахдаа өмсдөг байсан гутлаа өгчээ. Харцагын аав Ганзориг улсын цол авахдаа тэр гутлыг өмсөж байсан гэнэ. Харцага ч өөрөө улсын цол авахдаа өнөө гутлыг өмсөөд туг тойрч байжээ. Ийм утга учиртай гутал жийж, хуурай ахынхаа бэлэглэсэн зодог шуудгийг өмсөөд Булганыхаа Хишиг-өндөр сумын бөхийн барилдаанд хүч үзжээ. Мань эр “Зүгээр зогсож байгаад л түрүүлчихсэн байх”гэж хошигносныг бодоход бөхөөр хичээллээд энэ спортоор явсан бол хоосонгүй байсныг нь түвэггүй харчихаж болохоор юм.Б.Гүнбилэг “Тэр үед манай Хишиг-Өндөр сумын барилдаанд улсад дөрөв давчихсан аймгийн арслан гээд л тухайн үедээ цуутай том бөхчүүд зодоглосон. Тэр сайхан аавын хөвгүүд дундаас сумын заан болчихсон юм. Би тухайн үедээ нэлээд том биетэй байсан. 130 гаруй кг жинтэй. Том биетэй болохоороо баглаж зогсож байгаад л хүн мэх хийхээр нь мушгисаар байгаад үзүүр түрүүнд үлдчихсэн. Бөхөөр явж болох юм байна гэсэн бодол тэр үед төрсөн шүү. Гэхдээ тухайн үед ажил ихтэй, бөхөөр анхлан хичээллэхэд “хөгширсөн” байсан учраас тэгсгээд зогссон” гээд яриагаа үргэлжлүүлэв.
Б.Гүнбилэг, академич Ж.Амарсанаагийн удирдлага доор анх ажилд оржээ. Ачаалалтай ажиллаж сурсан тэр жилүүдийнхээ тухай “Тэр хүний удирдлага доор жинхэнэ ажлын машин болсон доо. Нойр хоолгүй орчуулга хийдэг байлаа. Ачаалал даах чадвар суулгасанд нь их баярлаж явдаг. Тэр үеийн манай Хууль зүйн үндэсний төвийнхөн Ж.Амарсанаа, Б.Чимид багшийн гараар орсон,одоо бол мундаг хуульч нарболжээ. Ажилд орсноос хойш зав зай гэж бараг гарахаа байсан. Ингээд л бэлтгэл хийж чадахгүй болж аажмаар бөх барилдаж болмоор юм гэсэн итгэлээсээ хөндийрсөн дөө. Аймагт нэг удаа дөрөв, нэг удаа гурав давсан. Бэлтгэл олигтой хийхгүй хүн тэгсгээд л явж байгаа юм” хэмээв.
Гэрийн эзэгтэй Я.Ижилмөрөн нөхрийнхөө талаар “Хүн хүнийг ханилан байж мэддэг юм билээ. Сайн талыг нь өдөр ирэх тусам л таньж мэдэж байна даа. Миний хань чинь хөдөлмөрч, илэн далангүй гээд сайхан чанар ихтэй. Бусдад шаардлага тавьж чаддаг. Хоосон яриад явдаггүй. Бид хоёрт цагийн юмыг цагт нь хийхийг арван жилийн багш нар маань сайн ойлгуулсан гэж боддог” гэж хэлээд бидний өмнө цай хоол өрөв. Чанасан мах, бууз, сүүтэй цай өрсөн ширээний ард гэрийн эзэн, эзэгтэй хоёрын анх танилцсан түүх хөвөрлөө. Б.Гүнбилэг бидэн рүү тавагтай бууз ойртуулангаа “Түрүүн хэлсэн дээ, бид хоёр 83 дугаар сургуулийн нэг ангийн хоёр гэж. 1988 оны есдүгээр сарын 1-нд нэг ангид сурч эхэлсэн дээ. Би гэргийгээ тавдугаар ангиасаа л нууцхан харж эхэлсэн. Наймдугаар ангидаа Ижилээ өөр сургууль руу шилжих болов оо. Тэгээд хайртай гэдгээ хэлчихлээ. Өнөөх чинь ойлгож өгдөггүй, хүлээж аваагүй. Есдүгээр ангидаа би МУИС-ийн лицей сургуульд элсэн орлоо. Есдүгээр сарын 1-нд ангидаа ортол манай хүн сууж байдаг байгаа. Тэгээд л бие биеэ жигтэйхэн танимхайраад, би ч заяаны хань энэ тэр гээд бодчихсон хөөрөв. Хоёр дахь өдөр нь анги дээрээ яаран сандран давхиад ортол манай хүн байдаггүй. Тэгсэн чинь буцаад 83 дугаар сургууль руугаа шилжсэн гэнэ. Би ч аав, ээждээ худлаа хэлж, онцгүй сургууль байна гэж байгаад 83 руугаа Я.Ижилмөрөнгийнхөө араас буцаад шилжиж очлоо. Гэтэл манай хүн дахиад алга болчихдог байгаа. Сураг сонссон чинь 13 дугаар сургууль руу шилжчихэж. Араас нь дахиад шилжилтэй биш. Тэгээд өөр өөр сургуульд сурч аравдугаар ангиа төгсч байлаа. Манай хүн аравдугаар ангиа төгсөөд Лондон руу бизнесийн сургуульд явсан. Би ч МУИС-ийн Хуулийн сургуульд элслээ. Хоёрдугаар курс төгссөн зун Англиас манай хүн амралтаараа ирээд ангийнхнаараа уулзаж байсан юм. Ингээд бүр хожим 2004 оны нэгдүгээр сарын 23-нд албан ёсоор гэр бүл болсон доо” гэж дурсамж сөхөв. Гэрийн эзэн“Би чамд хайртай” гэх номыг ханьдаа зориулж бичиж байжээ. Тал нь бодит амьдрал, тал нь зохиол гэнэ.
Б.Гүнбилэг мэргэжлийн нэг сэдэвт хоёр бүтээл, хамтарсан 20 гаруй ном бүтээжээ.
УИХ-ын даргын зөвлөхийн ажлынхаа талаар “Д.Лүндээжанцан багш УИХ-ын дарга байхад би хуулийн зөвлөхөөр ажиллах боломж тохиосон юм. Д.Дэмбэрэл гуайг УИХ-ын дарга болоход залгаад даргын хуулийн зөвлөх болж байлаа. Д.Дэмбэрэл гуай надад санал тавьсан юм. Би цөөхөн хэдэн сар ажиллаад эхнэртэйгээ хамт Австрали явсан. Би тухайн үед 28 тай залуу байлаа. Намайг УИХ-ын даргын зөвлөх байхад долдугаар сарын 1-ний үйл явдал болж, тухайн үедээ хуульчийн хувьд өөрийн хэмжээнд “самгардаж” л явсан. Одоо болж байгаа жагсаал цуглаан надад их танил санагдаад байгаа шүү. Байнга очиж байгаа. Дотор нь орж мэдрэхгүй бол эрсдэлийн менежмэнт гэдэг зүйлийг хүн мэдэрдэггүй л дээ. УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх хийгээд жил орчим болж байна. Анх ажил авахад Ерөнхийдөө одоогийн хэл ам гарчихсан байсан. Дайраад байгаа энэ үйл явдал эхэлчихсэн байсан гэсэн үг. Намайг жагсаал, цуглаанд очихоор хүмүүс гайхаад байдаг. Би жагсаал бүр дээр очдог. Газар дээр нь мэдрэх өөр. Хүмүүсийн харцнаас эхлүүлээд ондоо шүү дээ. Монгол Улсын Их Хурлын дарга гэдэг чухал албан тушаал. Ийм албан тушаалтаны зөвлөх хийнэ гэдэг бахархмаар. Аль ч үеийн УИХ-ын даргыг шүүмжлэх үзэгдэл байдаг. Энэ бол байдаг л зүйл. Маргааш нар манддагаараа мандана. Монгол Улс хөгжих итгэлээ огт алдаж болохгүй” гэж ярилаа.
Харин эхнэрийгээ дагаж Австрали явсан талаараа “УИХ-ын даргын зөвлөх хийж байсан хүн Австралид очсон. Тэнд арьсны үйлдвэрт зургаан сар ажилласан даа. Өндөр цалинтай, өдрийн 12 цаг ажиллана. Долоо хоног бүр цалингаа авдаг. Зарим долоо хоногт 1500 доллар авдаг байсан. Би урьд нь гадаадад аяга, угаагч, зөөгч гээд өчнөөн ажил хийж явсан. Гэтэл Австралид очиж арьсны үйлдвэрт ажилласнаараа хөлс гэдэг үгийн утгыг ойлгосон. Өмнө нь хийж байсан ажлууд юу ч биш байсан юм билээ. 60-70 кг-ын арьсыг зулгаагаад, огтлоод дэгээнд өлгөх үйлдлийг 12 цагийн турш хийнэ. Хурууны өндөг бүгд хагарчихдаг юм билээ. Бяр их сууна. Тэнд ажиллаж байх үед Б.Чимид багштайгаа яриад Монголдоо ирж доктороо хамгаалж байсан. Буцаад Австралид очоод Мелбурны их сургуулийн Азийн судалгааны төвд зочин судлаачаар ажилласан. Доктор болох чинь ондоо юм билээ. Амьдрал гэдэг сонин. УИХ-ын даргын зөвлөх гээд улс орны хэмжээний юм ярьж явсан хуульч Австралид очоод арьсны үйлдвэрт ажилласан. Тэгээд дараа нь доктороо хамгаалаад арьсны үйлдвэрт биш, Мельбурн гэх томоохон сургуульд тусдаа өрөөтэй судлаач болчихсон. Ер нь гадаадад ажиллавал мөнгөтэй харьцаж сурдаг.Гадаадад амьдарч байхад найз нөхдийгөө их үгүйлдэг юм. Эх орон найз нөхдөөс эхэлдэг юм шиг л. Найз нөхөдтэйгөө гуниг зовлон, баяр хөөр гээд бүхий л зүйлээ хуваалцдаг болохоор тэгдэг шиг байгаа юм. Нээлттэй харилцаж, баяр цэнгэл, зовлонгоо хуваалцана гэдэг зүйлийн сайхныг мэдэрдэг. Манай эхнэр үрэлгэн биш, аж ахуйч хүн л дээ. Англи, Австрали, Америк, Герман гээд орнуудад амьдарч үзэж бид. Хуруу хумсаа хугалан байж яаж мөнгө олдгийг өөрсдийнхөө хүүхдүүдэд ойлгуулахыг бид хоёр хоорондоо ярьдаг” хэмээн ярихад эхнэр Я.Ижилмөрөн нь “Хөдөлмөрлөөд л байвал болдог гэж бид хоёр боддог. Арван жилээсээ л ажил хийж эхэлсэн” гэсэн юм.
Эдний гэр бүл Улсын их баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг гэнэ. Энэ талаараа “Манай ээжийн аав халхад алдартай уяач байсан. Тийм болохоор манай гэрийнхэн Улсын баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Манай нагацын талынхан, найз нөхөд бүгд л морь уядаг хүмүүс байсан. Одоо манайх хэдэн адуутай. Булганы Бугат, Орхон сумдад бий. Хүүхдүүдээ ер нь хөдөө явуулчихдаг. Тэднийгээ хөдөө байж зөв хүн болоосой гэж л их боддог доо” гэлээ.
Эцэст нь түүнээс сонгуульд нэр дэвших үү гэж асуухад “2012 онд нэр дэвших гэж байгаад больсон юм. 2016 онд нэр дэвшээч бодит санал ирсэн. Тэр үед аав минь “Миний хүү яах юм бэ. Хэрэггүй. 40 хүрсэн хүн, дөрөө даасан ат гэдэг юм, бодоорой. Ц.Элбэгдоржийг анх Ерөнхийлөгч болж байхад улс даяараа Ц.Элбэгдоржоос сайхан хүн байхгүй гэж байхад “Шударга ёсны тухай дахиж битгий яриарай, Ерөнхийлөгч өө” гэдэг нийтлэл бичээд адлуулж байсан юм. Дараа нь Америктай Монгол Улс Эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгуулахад “Болохгүй ээ” гээд Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Ерөнхийдөө хаана болохгүй юм байна, хаана эрсдэл байна гэдгийг л хуульчид хардаг. Тийм болохоор эргээд харахад дандаа л эрсдэлтэй сэдэв дээр дуугарч байж. Одоо хийж байгаа ажлын нөхцөл ч гэсэн, хүмүүст эрсдэлийг хэлж байгаа. Цаг хугацаа ойлгуулна. Тийм болохоор хуульчид хуулиа ярьдаг. Тэрнээс нийгэмд худлаа попроод байх шаардлага байхгүй. Хуульчид эрсдэлтэй зүйлийг хардаг учраас нийгэмд таалагдахгүй байх үндэслэлтэй. Тэгэхээр сонгуульд оролцохын тулд сонгогчоо соён гэгээрүүлэх ёстой юм билээ” гэсэн юм.
Гэрэл зургийг Г.МЯГМАРСҮРЭН