Хаврын морин уралдаан хийхийг шаардсан “Монголоороо байя” морьтой жагсаал энэ сарын 25-нд төв талбайд болсон. Улмаар энэ талаарх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Хавар, өвлийн цагт морины уралдааныг сэргээх эсэх асуудал олны анхаарлыг татаад буй.
Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.
“Зуны дэлгэр цагт морио уралдуулж шударга сайхан наадахад болно” гэв
Иргэн Г.Марал: Уяачид үнэхээр өвөл морь уралдуулахыг хүсээд байгаа бол өөрсдөө унаж уралд гэж хэлмээр байна. Өвлийн цагт морь уралдах нь үнэхээр аюултай. Хүүхдүүдийн амь нас эрсдэх, унаж бэртэх асуудал их байдаг. Зуны цагт морио уралдуулж шударга сайхан наадахад болно ш дээ. Өвөл, хавар уралдаан зохиох нь хүний эрхийн асуудлыг зөрчиж байна гэсэн үг.
Өвөрхангай аймгийн иргэн н.Онон: Өвлийн уралдааныг сэргээх нь зөв. Нэгдүгээрт, жуулчдыг татна. Хоёрдугаарт, зөвхөн зун морины уралдаан болдог болохоор уяачид өвөл орлогогүй байдаг. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаад уралдахад асуудалгүй.
Хан-Уул дүүргийн иргэн Д.Ганжаргал: Талбайд морь унаад жагсаад байгаа хүмүүс зөвхөн Монгол өв уламжлал, уралдаан гэж яриад байгаа болохоос яг морь унах хүүхдүүдийн талаар юу ч ярихгүй байсан. Үнэхээр л хүсээд байгаа юм бол тэр хүүхдүүд яаж хамгаалагдах зэрэг бүх зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. Унаач хүүхдүүдийг сонгохдоо ихэвчлэн харж хандах, анхаарал тавих тал дээр асуудалтай гэр бүлийн хүүхдүүдийг сонгож, уралдуулдаг нь үнэн гэж боддог. Тэр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд ач холбогдол өгөх хэрэгтэй.
Иргэн У.Хүрэлтулга : Хаврын улиралд морины уралдаан зохиох нь мэдээж дэмий зүйл. Яаж ч бодсон энд унаач хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа. Хаврын улиралд морины уралдаан зохиох нь хүүхдүүдэд эрсдэлтэй, бэртэж гэмтэнэ. Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм гэсэн. Эрсдэлтэй зүйлийг дэмжихгүй байх гэж найдаж байгаа. Тиймээс би хувьдаа дэмжихгүй.
СБД-ийн иргэн.Ундрах : Морь унах нь халуун дулаан үед л гэхээс Монголын цаг агаарын хувьд өвөл, хаврын улиралд эрсдэлтэй гэж боддог. Яагаад гэвэл салхи сөрөөд уралдахад хүүхдийн гар хөл хөлдөх зэрэг эрсдэл их бий. Мөн цас орсон үед халтиргаа гулгаа үүснэ. Зуны улиралд ч гэсэн хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байхад хүйтний улиралд бүр ч илүү байх биз.
Иргэн Д.Баянжаргал: Миний хувьд өвөл, хаврын улиралд морь уралдуулахыг дэмждэггүй. Улсын баяр наадмаар морь хангалттай уралддаг, монгол өв соёлтой холбоотой зүйл хангалттай болдог. Тийм байхад өвөл, хавар ид хүйтэнд уралдвал хүүхдүүд л хохирно. Миний бодлоор юмс цөөхөн байх тусмаа илүү чанартай, сайн болдог гэж боддог.
Г.ЦОГЗОЛМАА