АНУ-ын “Space X” компани сарыг тойрон аялах анхны жуулчнаа сонгожээ. Өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, сар руу аялах анхны жуулчнаар Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсака Маэдзава тодорсон байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, эдүгээ 42 настай Маэдзава нь хувцас захиалгын “Zozo” цахим сайтыг үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд Японы хамгийн баян хүмүүсийн нэг ажээ. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, тэрбээр гурван тэрбум орчим долларын хөрөнгөтэй юм байна.
Бизнес эрхлэгч тэрбээр ийнхүү нисэхийг үргэлж мөрөөддөг байсан аж. Маэдзава сэтгүүлчидтэй уулзахдаа “Би эцэст нь сар jуу нисэхээр сонгогдлоо” хэмээн хэлжээ. Хэвлэлийн бага хурал Калифорния муж улсад “Space X” компаний төв байранд болсон бөгөөд хэвлэлийн мэдээллээ цахим хуудастаа байршуулсан байна.
“Space X”-ийн захирал Илон Маскийн мэдээлснээр, сар руу нисэх анхны жуулчны хөлөглөх сансрын хөлөг үйлдвэрлэлийн шатандаа яваа аж. Аялал 2023 онд хийгдэх бололтой. Маск “Нислэг 4-5 хоног үргэлжлэх бөгөөд сансрын аялалд гарахын өмнө хэдэн хэдэн туршилтын нислэг үйлдэнэ” хэмээн хэлжээ.