“The Duke” гэж Британийн 1960-аад оны үйл явдлыг харуулдаг кинон дээр чалчаа жолоочтой таксинд суусан зорчигч “Би ярилцах гэж мөнгө төлөөгүй шүү” гэж хэлдэг. Хүмүүс таксинд А цэгээс Б цэгт хүргүүлэх гэж суудаг. Таксины жолооч дуудлага өгсөн, гараа өргөж суусан хүний хэлсэн цэг буюу газарт түүнийг дуугүй хүргэх ёстой гэсэн үг. Яриасаг, ам хуурайгүй байж чаддаггүй жолооч нар өнөөдөр л Улаанбаатарт байгаа юм биш, тэртээ хагас жарны өмнө, баруунд ч байж, хүмүүсийн дургүйг хүргэж байж л дээ. Энэ бүгд бол хөндлөнгөөс харагдах өнцөг, зорчигчдын зүгээс гаргадаг дургүйцэл. Таксины жолооч Харин таксины жолооч нарын зүгээс арай өөр юм анзаарагдах л байх. Тэд яагаад зорчигчидтойгоо ярих дуртай вэ. Өглөөнөөс орой болтол зөвхөн жолооны ард сууж, хооллох, бие засах үедээ л машинаасаа гарч биеийн чилээгээ гаргахаас өөрөөр хөдөлгөөн хийдэггүй, ярьж хөөрөх хамт олонгүй тийм ажил хийдэг хүмүүс. Хүн өдөрт тодорхой тооны үг гадагшлуулах ярих хэрэгцээтэй байдаг. Үүнд гар утсаар ярихыг оруулахгүйгээр шүү. Таксинд суухад жолооч чинь яримаар аядаад эхэлбэл хүн л юм хойно ярих хэрэгцээг нь тархи, сэтгэц нь цаанаас нь нэхэж байна гэсэн үг. Ингэж бодоод мэндийн зөрүүтэй, ганц хоёр үг солилцоход яав л гэж. 20 гаруй жил таксинд явсан тавь орчим насны эр “Такси баяжуулдаггүй мөртлөө хоосон хонуулдаггүй. Би энэ олон жил хувиараа таксинд явлаа. Надад хамт олон гэж байхгүй. Байгууллагын ой, хамт олны шинэ жил, зугаалга гэж юманд ганц ч удаа явж үзсэнгүй дээ. Залуу хүмүүсийг таксинд аль болох битгий яваарай. Над шиг болчих вий гэж боддог юм. Таксинд минь сууж байгаа хүн миний хамт олон юм даа” хэмээн гунигтай яриад инээвхийлж билээ.