Замын хөдөлгөөний дүрэмд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дуут дохиог хэрэглэх талаар тодорхой заасан байдаг. Өнөөдөр нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хэдхэн хором хүлээх зуурт л ёнгинотол сигналддаг муухай зуршилтай болчихож. Гэрлэн дохион дээр зогсож байхад л цэхэлзэж хараад л сигналдана. Бусдын тав тухыг алдагдуулж байгаадаа санаа зовсон шинж тэдэнд огт алга. Нэг удаагийн гэрлэн дохиогоор багтаж ороогүйдээ хорсож дуут дохиогоо чарлуулж байгаа нь биеийн хэлэмжээс нь илт харагдана.
Хамгийн хорлонтой нь амралтын цагаар хороолол дунд дуут дохиогоо дахин дахин чарлуулна. Өтгөс, нялхас, өвчин зовлонтой нэгэн амарч байгааг ухамсарлах соёл тэдэнд үгүй. Даралт ихтэй нэгэн бол харвалт өгчихөөр л дуут дохиог хангинуулна. Амралтын цагаар тэр шүү дээ. Ингэж бусдын амгаланг алдагдуулдаг жолооч хаа сайгүй тааралдах юм. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбатын онцолж байгаагаар бол жолооч нарын дүрмийн мэдлэгтэй холбоотой гэнэ. Жолооч бэлтгэж буй курсуудын хөтөлбөрт дуут дохиог зөв зохистой хэрэглэх тухай хичээл хэрэгтэй байгааг тэрбээр онцолсон. Дуут дохиог зөв зохистой хэрэглээд хэвшчихвэл “Аз жаргалтай Улаанбаатар”-ын статуст нэг алхмаар ч болов дөхөх юм даа.