Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгогдох эрхээ олж авах Н.Энхбаярын улс төр

Ардчиллаас хойш Монголын улстөрд туг барьж, бас тугалыг нь хариулж
“үзсэн” улстөрч их цөөхөн. Тэдэн дундаас УИХ-ын гишүүнээс улсын Ерөнхийлөгч гээд
төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан ч, тэрхүү төрийнхөө хуульд эрх чөлөөгөө хашуулсан
цор ганц төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр юм. Энэ эрхэм юуны учир ийнхүү “бүтээл”-дээ
нэрвүүлснийг энд нуршихгүй. Шүүхийн шийдвэр зөв, буруу байсан тухай ч шүүхгүй. Харин
түүний дараагийн улстөр юу байж болох, орон зай бий эсэхийг эргэцүүлье.

Нэгэн үе ганцаараа “хаан” явсан Н.Энхбаярын хувьд хэдийгээр эрх чөлөөтэй
ч, хүний нутагт гандаж гундаж л яваа. Тэр өөрөө бол эх орондоо ирэх хүсэлтэй, ирж
болохгүй шалтгаантай. Бас түүнийг ирүүлэхгүй байх сонирхолтой хэсэг энд бий. “Хүсэл-шалтгаан-сонирхол”
гэсэн ийм гурван орчил дунд Н.Энхбаярт үнэхээр улстөрийн орон зай байна уу. Мэдээж
бий. Олон хүн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ, магадгүй 2017 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд өрсөлдөнө гэж боддог. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь “багтдаг
нь” үнэн л юм бол том явсан, том хүнд үүнээс цаашхи бодол ч бий байх. Тийм боломжийг
цаасан дээр байлгаж болно, амьдрал дээр байлгахгүй байж ч болно.

Яг өнөөдрөөр харвал Н.Энхбаяр Монголын улстөрийн олны хэсэгт тоглох
л боломжтой. Түүнээс цааш, Монголын улстөрийн гол дүрүүдийн нэг байх, тийм өрсөлдөөнд
орох боломж Н.Энхбаярт эрх зүйн хувьд хаалттай, хязгаарлагдмал байгаа. Хүчин төгөлдөр
үйлчилж байгаа хуулиар тэр гэмт хэрэг үйлдсэн ялтан хэвээр яваа. Н.Энхбаяр шүүхээс
хоригдох ялаар шийтгүүлсэн. Шүүх зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял, тэр дундаа хорих
ял оноодог. Дараа нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Ерөнхийлөгчийн уучлалыг
зөвхөн шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа ялтанд л үзүүлдэг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн
уучлалыг хүлээн авч суллагдсанаар гэмт хэрэгтэн байснаа хүлээн зөвшөөрсөн логик
энд харагдана. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүхийн ялаас уучлагдсан
нь үнэн юм бол одоо түүнд “ялгүйд тооцох хугацаа” гэсэн ял үйлчилж байгаа. Учир
нь Ерөнхийлөгчийн уучлал түүний үйлдсэн, шүүхээс ял оноосон гэмт хэргийг уучлаагүй.
Уг гэмт хэрэгт нь оноосон ялыг биеэр хоригдож эдлэхээс л чөлөөлсөн. Тийм учраас
Н.Энхбаяр эрх чөлөөтэй болсон ч, түүнд үйлчлэх “ялгүйд тооцох хугацаа” дуусаагүй.
Шүүхийн ял шийтгэлтэй хэнбугайн ч нэр дэвших, сонгогдох эрх Үндсэн хуулиар хаалттай.
Гэхдээ хэн хүний алдааг амьдралынх нь хар толбо болгож болохгүй. Тийм учраас гэмт
хэрэг үйлдсэн хэн нэгний “ялгүйд тооцох хугацаа” дууссанаар түүнийг ял шийтгэлгүй
гэж үздэг. Тэгсний дараа сонгог­дох болон төрийн болон улс төрийн албан тушаал хаших
эрх нь сэргэдэг.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхээс оноосон ялын хэмжээ,
гэмт хэргийн төрөл зүйлээсээ хамаараад Н.Энхбаярын “ялгүйд тооцох хугацаа” 2017
оны төгсгөлөөр дуусах юм байна. Хэрвээ тэгвэл энэ хүн 2016 оны УИХ-ын болон
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоогүй. Тэгэхдээ Ерөнхийлөгч асан
Н.Энхбаярын “ялгүйд тооцох хугацаа”-г хугацаанаас нь өмнө хүчингүй болгох боломж
бас бий.

Хуульчийн тайлбараар хоёр боломж байна. Эхнийх нь гэмт хэрэг үйлдээгүй,
хэлмэгдсэн гэж үзээд цагаатгах. Хоёр дахь нь, УИХ Өршөөлийн хууль баталбал бүх төрлийн
ялыг ямар нэгэн хэлбэрээр өршөөдөг юм байна. Тухайлбал, чанга дэглэмтэй нь дэглэм
буурч, хөнгөн ялтай нь суллагдаж, тэнсэн харгазах ялтай нь тэнсэнгүй болж, суллагдсан
ч “ялгүйд тооцох хугацаа”-тай бол хугацаанаас нь өмнө дуусгаж өршөөдөг юм байна.
Үр дүн л олигтой гарахгүй байгаа болохоос үнэндээ энэ хоёр боломжийн төлөө “Шударга
ёс” эвсэл, ялангуяа МАХН-ынхан гурван жилийн турш тууштай ажиллаж байгаа. Тэд эвслийн
даргаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж чадсан ч, сонгогдох эрхийг нь сэргээж чадаагүй
яваа юм. Чадахын тулд түүнийг цагаатгах тухай ярьдаг, бас Ц.Оюунбаатар тэргүүтэй
гишүүд нь Өршөөлийн хуу­лийн төсөл санаачилсан ч, УИХ-д орж ирээгүй явна. МАН-ынхан
сая Ю.Цэдэнбал агсныг цагаатгах тогтоолын төсөл өргөн барилаа. Тэдний саналын хавчуурганд
МАХН-ынхан Н.Энхбаярыг цагаатгах санаагаа ч хэлэх байх. Ер нь МАХН-ынхны үлдэж байгаа,
хийх ганц улс төр нь эвслийн дарга Н.Энхбаярынхаа сонгогдох эрхийг сэргээх юм. Тэд
үүний төлөө засагт ордог, үүний төлөө Засгийн газрын томоохон шийдвэрийг сөрж, шантаажилж
үздэг. Одоо л гэхэд, “Дубайн гэрээ”-гээр сөрөг дуугарч, засгаас гарах мессеж шидэж
үзэж байна. Үүний цаана Н.Энхбаярыг цагаатгах юмуу, Ц.Оюунбаатарын өргөн барьсан
Өршөөлийн хуулийг батлах улс төрийн тохироог тулгаж байхыг ер үгүйсгэхгүй. Энэ нь
бас тэдний буруу биш юм. АН-ынхан бондын мөнгө хувааж, МАН сөрөг хүчний орон зайгаа
засгийн суудлаар наймаалцаж байхад МАХН-ынхан одоо байгаа суудлаа хадгалж үлдэх
улс төр хийх эрхтэй шүү дээ.

Тэд өмнө нь Н.Энхбаярыг өрөвдүүлж өөрсдөө УИХ-д сонгогдсон, одоо
2016 онд бас түүнийг “нэрийн хуудас”-аа болгохгүй бол өөр “туг” тэдэнд байхгүй.
Тийм учраас Н.Энхбаярын сонгогдох эрхийг сэргээх нь ганц Н.Энхбаярын асуудал биш
юм. 2016 оны сонгуульд МАХН парламентад суудалтай байх үгүй нь ямар нэгэн хэмжээгээр
Н.Энхбаяраас хамаарна. Ард түмэн өмнө нь Н.Энхбаярыг шоронд байгааг өрөвдөж сана­лаа
өгсөн бол, одоо Солонгост байгаа учрыг ойлгож дэмжих эсэх нь тодорхойгүй юм.

Эрх барьж байгаа АН-ынхан Н.Энхбаярын сонгогдох эрхийг яагаад сэргээдэггүй
нь хуулийн үйлчлэлд баригддаг, бага ч гэсэн шударга байх гэж хичээдэгтэй холбоотой
байх. Үүнээс гадна мэдээж МАН-ынхныг бодно, бас Н.Энхбаяр цагаатгагдаад УИХ дотор
ороод ирвэл 25 гишүүнтэй МАН-аас ч “аюултай, маневр”-тай сөрөг хүчин болно гэдгийг
тэд биеэрээ мэднэ. 1997-2000 онд чухамдаа Н.Энхбаярт л тоглуулсан АН-ын шарх одоо
ч аниагүй гишүүд нь ам ангайх бүртээ зовлон болгож хэлдэг. Хэрвээ Н.Энхбаярыг цагаатгавал
УИХ-аас татгалзаж өөрийнхөө оронд түүнийг оруулна гэж мэдэгдсэн гишүүн энэ парламентад
бий шүү дээ. Гэхдээ 2016 оны сонгууль ойртох тутам Н.Энхбаяр МАН-д илүү халгаатай
болж байгааг АН-ынхан тооцож л байгаа. Тэд өмнө нь Н.Энхбаярт МАХН гэж нэрийг өгч
байж 2012 оны сонгуулиар МАН-ын дээр гарсан юм. Одоо энэ “мэх”-ээ дахиад ашиглахгүй
гэх баталгаагүй. Учир нь Р.Амаржаргал гишүүний хэлснээр МАН-ыг засагт оруулж тэвэрч
аваад хамтдаа унаж байгаа ч, рейтингээрээ АН нь дор яваа. Дор яваа рейтингээ дээр
гаргахын тулд Н.Энхбаярын сонгогдох эрхийг сэргээн МАХН-аар МАН-ын саналыг хуваалгах
улс төр АН-аас гарч болно. Тухайлбал, МАН засгаас гэнэт гарч, АН хариуд нь Н.Энхбаярын
сонгогдох эрхийг сэргээж харилцан сюрприз барьж болно шүү дээ. Н.Энхбаяр бол МАН-ынхны
хувьд эзгүйд нь үгүйлэх улстөрч биш ч, ирэхээр нь айх хэмжээний хамааралтай хэвээр
л яваа. “Үхсэн буурын толгой”-ноос амьд ат айдаг гэдэг шүү дээ. Орон шоронд орсон,
харьд амьдардаг гээд басаж болохгүй л улстөрч.

Тэгэхдээ ийм улс төр явлаа гэхэд ганц МАН-д бус, АН-д ч халгаатай,
аюултай. Хамтдаа унаад эхэлчихсэн нэр хүнд нь уруудаж явсаар АН, МАН нийлээд ч ирэх
сонгуулиар өмнө нь нэгнийхээ авдаг байсанд ч хүрэхээргүй санал авч болзошгүй. Нэр
хүндийн хувьд тийм хэмжээнд уналтад орж яваагаа нэг нь Төрийн ордонд, нөгөө нь Цагаан
ордондоо вакуумд орчихсон АН, МАН-ынхан мэдэж байна уу, үгүй юү гэдгээс их зүйл
шалтгаана. Мэдэрч байгаа эсэхээс магадгүй 2016 оны өнгө тодорно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *