Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх хэрэг цөөнгүй гарч байна. Хойд эцэг нь, төрсөн эцэг нь зодож хөнөөсөн, байнгын хүчирхийлэлд байдаг, эцэг эхийн хараа хяналт муугаас ой гарантай хүүхэд осгож нас барсан зэрэг харамсалтай хэргүүд шил дараалан гарч байна.
Гэтэл дахин нэг охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багт есөн настай охиныг хойд эцэг нь согтуурсан үедээ хүчиндсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хойд эцэг нь 30 настай гэнэ. Түүнийг дагавар охиноо хүчиндсэнг баримтжуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг эхийн найзын гэрт халдлагад өртжээ.
Иймд бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргээс сэргийлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага хамтрах, иргэдэд тулгуурласан олон талт арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байна.