Categories
мэдээ цаг-үе

​Согтуугаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байна

Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хууль энэ сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн хэрэгжилт ямархуу байгаа талаар сурвалжилсан юм. Ингээд Замын цагдаагийн газарт очиход нөхцөл байдлын талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат ярихдаа “Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хууль харьяалуулсан. Тодруулбал, авто тээврийн тухай хууль, авто замын тухай хууль, жолоочийн даатгалын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд 56 заалттайгаар зөрчлийн тухай хууль зохицуулагдсан. Ингэснээр 2015 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 зүйл заалтын зөрчлүүд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдана гэсэн үг. Хуулийн зарим нэг онцлогоос дурдъя. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг зөрчсөн тохиолдлууд их гарч байна. Энэ хууль өмнө нь замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлээд арга хэмжээ тооцож явдаг байсан. Харин шинэ зохицуулалтаар бичиг баримт нь хураагдана. Тэгээд захиргааны хариуцлагын арга хэмжээ авч, дээрээс нь нэмж даатгалаа төлөх хэлбэртэй болсон. Өмнө нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулчихсан байсан. Ингэхдээ манай улсын бусад хууль тогтоомжоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ордог байсан шүү дээ. Тэгэхээр торгуулийн хэмжээ дагаж хэлбэлздэг байсан. Үүнийг Зөрчлийн тухай хуулиар зохицуулж эхэлснээр бол нэгжид шилжүүлсэн юм. Ммөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ төрлөөр торгох шийтгэлийг нэг хоногийг 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар томьёолж өгсөн байгаа. Зам тээврийн осол гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах санкцтай болсон.

Согтууруулах ундаа, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэж замын хөдөлгөөнд оролцвол шинэ хуулиар сонгох санкцгүй шууд нэг жилийн хугацаагаар эрх хасах болсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар жолоодвол 7-30 хоног баривчлах хэвээрээ. Нэмээд албадлагын сургалт гэдэг нэр томьёо орж ирсэн байгаа. Үүний дагуу сургалтад суулгана. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж замын цагдаагийн албаны терминаль багажууд шинэчлэгдэж, дүүргүүдийн алба хаагчдын орон тоог нэмж, иргэдийг ая тухтай байлгаж, чирэгдэл учруулахгүй байх нөхцлийг ханган ажиллаж байна” гэсэн юм. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.4-т заасан зөрчил 3302 үйлдэгджээ. Жолоочийн даатгалын хуулийн 14.5-т заасан 144 зөрчил бүртгэгдсэн гэв. Замын хөдөлгөөнтэй холбоотой нийт 3347 зөрчил гарсан байна.

Мөн Замын цагдаагийн алба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд баяр наадмын өдрүүдэд эрчимжүүлж ажилласан гэнэ. Тухайлбал, бүх нийтийн амралтын өдрүүд дуусахад хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн аж. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгджээ.

Тодруулбал, энэ сарын 14, 15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дахь хэсэгт заасны дагуу “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох” арга хэмжээ авчээ. Иймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сонгох, найдвартай дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байв.

Харин бид ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан мөрдөгдснөөр цагдаагийн байгууллага, алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хууль тогтоох байгууллагаар батлагдан долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэхтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орсон юм. Үүнд цагдаагийн байгууллагын алба хаагч хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулахад Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хуулиудыг баримтлан үйл ажиллагаандаа дагаж мөрддөг байсан. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тамхины тухай, Садар самуунтай тэмцэх гэх мэт. Харин Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын 240 орчим хуулиудад зөрчлийн шинж байдлыг тогтоож байсныг халж, Зөрчлийн төрөлжсөн нэг хуультай болсон. Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагч гагцхүү Зөрчлийн тухай хуулиар хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг нотлох ажиллагаа нэг бүрийн үндэслэл, журмыг нарийвчлан тогтоож өгсөн. Үүнээс гадна зөрчлийн холбогдогчид авах эрх хязгаарлах буюу зөрчлийн хэрэг бүртгэлт хэвийн явагдах нөхцөлийг хангах арга хэмжээг хуульчилсан. Тухайлбал, хүнийг саатуулах, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, холбогдогчийн баримт бичгийг хураан авах, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх. Цагдаагийн алба хаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчилд торгох, эрх хасах шийтгэл оногдуулахад Зөрчлийн тухай хуульд заасан хэмжээгээр оногдуулна. Энэ нь цагдаагийн алба хаагч сонгох боломжгүй буюу тодорхой хуульд заасан нэгжээр торгоно. Цагдаагийн алба хаагч газар дээр нь шийдвэрлэхээр заасан зөрчлийг шийдвэрлэсний дараа прокурорын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл авчихвал иргэдээс тайлбар, тодорхойлолт авах шаардлагагүй болсон. Иргэнд холбогдох хууль сануулан хохирогч, гэрчээр мэдүүлэг авах зэрэг эрх зүйн зохицуулалтууд хуулиудад тусгагдсан юм. Хуулийн заалтыг иргэд судалж, цагдаагийн алба хаагчийн тавьсан үүрэг даалгаврыг сайтар биелүүлэхийг сануулъя гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат ярихдаа “Өмнө нь цагдаагийн байгууллага 11 төрлийн хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг байсан. Шинээр батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийтдээ 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан байгаа. Энэ сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 51 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь шалгаж буй зөрчлүүдээс нэг зөрчлийг шийдвэрлэж, 50 зөрчил ажиллагаанд байна гэсэн үг. Төрлөөр нь авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар заалт танхайрах зөрчил 24, 5.3 дугаарт хүний биед халдах хоёр, 5.4 дүгээрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 13, 8.6 дугаарт хулгайлах зөрчил арав, 15.2 дугаарт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах хоёр байна. Ингээд нийтдээ 51 зөрчлийг шалган, шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, Увс аймгийн цагдаагийн газарт дөрвөн зөрчил бүртгэгдэж, шалгагдаж байгаагаас хуулийн 5.4 дүгээр заалтаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн нэг зөрчил, 8.6 дугаарт хулгайлах нэг зөрчил, 5.2 дугаарт танхайрах зөрчил хоёр байна. Ховд аймагт хүний биед халдах зөрчил нэг гарсан. Уг зөрчлийн тухайд хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол үүнийг 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгож, шийдвэрлэнэ гэсэн заалттай болсон. Иймээс үүний дагуу шийдвэрлэсэн” гэж байлаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Батсүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрүүгийн хэргийг шалгах, мөрдөх ажиллагаа ямар нэг байдлаар тасалдаагүй, үргэлжилж хэвийн явагдаж байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албанд Эрүүгийн мөрдөгч, мөрдөгч гэсэн албан тушаалтнууд шинээр бий болсон. Хэргийг шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн мөрдөн байцаах тасаг, газар нутгийн харьяаллаар эрүүгийн хэргийн зүйлчлэлээр гэмт хэргүүдийг шалгаж байгаа. Мөрдөн байцаах албаны шалгах харьяаллын хэргүүдийг Улсын Ерөнхий прокуророос харьяаллыг тогтоож өгдөг. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн давуу тал нь хэргийг шалгах явцад хүний эрхийг дээдэлсэн, хангах, хамгаалсан байдалтай болсон юм. Хорьж, цагдах байдлыг урьтал болгоогүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *