Categories
гадаад мэдээ

Сингапур улс эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулжээ

Сингапурын парламент өнгөрсөн даваа гаригт эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталсан байна. Шинэ хуулиар хэн нэгний биеийн нүцгэн хэсгийн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх (cyber-flashing), мөн бусдыг айлгаж, дарамтлах, өс хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараах (revenge porn) үйлдлүүдийг хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, “Re­venge porn” төрлийн гэмт хэрэгт тав хүртэлх жил хорихоос гадна торгууль, саваадах шийтгэл нэмж оноох гэнэ. Харин “cyber-flashing” төрлийн гэмт хэрэгт нэг хүртэлх жил хорих, эсвэл мөнгөн торгууль оноох юм байна. Энэ төрлийн гэмт хэрэгт бусдын төдийгүй өөрийнхөө нүцгэн зургийг бусдад илгээх үйлдэл ч хамаатай аж. Түүнчлэн онлайн сүлжээнээс гадна “Bluetooth” технологи ашиглан гар утаснаас гар утасны хооронд дамжуулах үйлдэл хамаатай юм байна. Хэрвээ зураг хүлээн авагч нь 14 хүртэлх насныхан бол ял шийтгэл нь хүндэрч, хоёр хүртэлх жил хоригдохоос гадна саваадуулах шийтгэл ногдуулах гэнэ. Эдгээрээс гадна гэрлэсэн хосуудын хооронд гарсан хүчинг гэмт хэрэгт тооцохоор болжээ. Сингапур улсын эрүүгийн хууль нь 150 жилийн настай. Их Британийн колоничлолын үеэс өвлөгдсөн тус хуулийг 2007 онд бүрэн шинэчилж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *