Categories
мэдээ нийгэм

“Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар,Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газар онлайнаар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5, гомдол 6.6 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд 202 гомдол шийдвэрлэж 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгч, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн бөгөөд 40 гомдлыг шийдвэрлээгүй гэдгийг хурлын эхээр онцоллоо.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14нд нь сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Харин 2016 онд нэг шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 cap 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос харьцангуй өссөн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар: “Шүүхийн ёс зүйн хороонд ирж байгаа гомдолын тоо харьцангуй буурсан. Үүнийг бид сайн зүйл гэж үзэхгүй байгаа. Ирж байгаа гомдол гэдэг бол шүүх олон нийт, иргэдийн хяналтанд байна гэж үзэж байгаа. Гомдол ирэхгүй, гомдолын тоо буурах юм бол магадгүй иргэдийн хяналтаас гараад вакум орчин бий болно гэж судлаачид үздэг. Ерөнхий зөвлөлийн зүгээс шүүхийн ёс зүйн хорооны гомдол хүлээж авах, хянаншийдвэрлэх бүхий л үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй.

Мөн хаана ачаалал байна тэнд их гомдол гарч байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийнхэнд харьцангуй өндөр гарч байгаа. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн иргэний иргэний эрхийн танхимын шүүгчдийн тоо нь цөөхөн, шийдвэрлэж байгаа хэргийн тоо их. Энэнд гомдол мөн их гарч байгаа. Ирж байгаа гомдолуудтай холбоотой шүүх бүхэлдээ гомдолд өртөж байна гэвэл үгүй. Нийт шүүгчидийн 2017 онд 20 хувьд нь л гомдол гарсан байгаа. Үүнээс тэдгээр гомдлуудын 20 гаруй хувь нь нэг шүүгч дээр хэд хэдэн удаагийн гомдол ирдэг. Ингэхээр гомдол гаргаж байгаа тоо ихэсгэд юм” гэлээ.

Г. МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *