Гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой болж байна. Энэ үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоожээ.
ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл тэдгээрээс гаалийн албан татвар нэхдэгт иргэд байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байсан. Тэгвэл одоо дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж байна.