Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль (ШУТИС)-ийн хичээлийн VIII дугаар байрны шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцов. ШУТИС-ийн хамт олон тус хичээлийн байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрлийг авч, өөрсдөө зураг төсөл зэргийг нь боловсруулжээ.
Барилга барих бэлтгэл бүрэн хангагдаж, энэ жил барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тус хичээлийн VIII дугаар байрыг барьснаар хичээлийн болон лабораторийн анги танхимийн хүрэлцээ нэмэгдэхээс гадна багш, оюутнуудын ажиллаж, суралцах таатай орчин бүрдэх юм. Хичээлийн VIII дугаар байр нь 40 лаборатори, лекцийн 9 болон хурлын нэг танхим, багш ажилчдын 25 өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор болохоор зураг төсөлд тусгагджээ.
Мөн энэ үеэр “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. ШУТИС нь хэвлэх үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон ШУТИС-Хэвлэлийн газар байгуулж буй юм.