Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/30 дугаартай “Эмийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос фарм трейд” ХХК, “Дакал фарм”, “Энто” ХХК , “Монос Улаанбаатар” ХХК, “Ач Үр” ХХК,” Мөнхийн тун” ХХК зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа.
Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалаар нэг удаагийн импортын зөвшөөрлөөр нэр бүхий 14 компани арбидол эмийг Монгол улсын зах зээлд ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийлүүлж байна. “Монос фарм трейд”-ийн нөөцийн төв агуулахаас авсан баримтаар эмийн нөөц 3816 хайрцаг. “Ач Үр” ХХК-д 18900 хайрцаг, “Мөнхийн тун” ХХК-д 776 хайрцаг байна.
“Ач Үр” ХХК нь Арбивир 200 мг№10 капсултайг 23.400 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлдэг бөгөөд өөрийн эмийн сангаар 29.000 төгрөгөөр худалдаалж байна. “Мөнхийн тун” ХХК Арбивир 200 мг №10-г өөрийн 13 эмийн сангаар 32.000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд бусад эмийн санд нийлүүлээгүй байна.
“Монос фарм трейд” ХХК нь Арбидол 100 мг №20 капсултай эмийг “Монос Улаанбаатар” ХХК-ийн эмийн сангуудад 27.720 төгрөг, бусад эмийн санд 31.500 төгрөгөөр тус тус нийлүүлж байна. Тухайн эмийн сангууд нь 38.000-43.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь тогтоогдсон.