УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл”
сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох
хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв
байранд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга,
Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд
сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд,
эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооноос Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хүрээлэнгүүдийн үйл
ажиллагаатай танилцах, төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогын
баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион
байгуулж байна. Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч
ажиллах шаардлага байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох,
төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах мөн шинжлэх ухааны
салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн
байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль зэрэг хуулиуд
байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо
ярвигтай болсон байна. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэх
тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тийм ч
учраас Улсын Их Хурал дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх дээр Засгийн
газрыг шахаж ажиллах шаардлага байна. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн,
судлаач та бүхний оролцоо чухал гэдгийг гишүүн Ё.Баатарбилэг онцолсон
юм.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл танилцуулга
хийв. Шинжлэх ухааны академи 5 салбар чиглэлээр судалгаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар 1800 орчим эрдэмтэн, судлаачид ажиллаж байгаа бөгөөд
сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт
хийхгүй байгаагаас үүдэн эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд
байдалд орж байна. Мөн барилга байгууламжийн асуудал ч маш хүнд байна.
Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ойролцоогоор жилдээ 20 орчим сая ам
долларын хөрөнгө оруулалт хийвэл бидний үйл ажиллагаа сайжрах нөхцөл
бүрдэнэ гэж үзэж байгаагаа академич Д.Рэгдэл хэлсэн юм.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлж эрдэмтэн, судлаачдын
мэдлэг, оюуны бүтээлийг баялаг болгох үүднээс Инновацийн тухай хуулийг
баталсан ч амьдрал дээр хэрэгжилт нь хангалтгүйн улмаас үүнийг засч,
сайжруулах асуудал бий гэдгийг онцлоод ажлын хэсэг байгуулан ажиллаж
буйг дуулгав. Мөн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахгүйгээр
шинжлэх ухааны салбараа хөгжүүлж чадахгүй. Тийм ч учраас нэгдсэн
ойлголцолд хүрч энэ салбарыг хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг гишүүн
Д.Гантулга онцоллоо.
УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийн
гишүүд 2017 оны 01-р сараас эхлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд,
Шинжлэх ухааны технологийн сан болон Шинжлэх ухааны академийн их, бага
чуулганы гишүүд, Их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын
хүрээнд шинжлэх ухааны бодлого салбарын бодлого, эрх зүйн орчин болон
тулгамдаж буй асуудлуудын талаар хэд хэдэн удаа томоохон уулзалт,
хэлэлцүүлгийг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр
нь танилцсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн
салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг шинэчлэн тодорхойлж, эрдэм
шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний
ажлыг улс орны тулгамдсан асуудалд төвлөрүүлж, үр дүнг дээшлүүлэх замаар
хөгжлийн гол хөдөлгөгч хүч, тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэхэд
бодлого, эрх зүйн орчны хүрээнд ямар арга хэмжээ авах шаардлагатай
байгаа талаар санал солилцоход чиглэгдэж байлаа.
Энэ үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн,
шинэ технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг
танилцуулах үзэсгэлэн дэлгэгдсэн байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Шинжлэх ухааны академи болон харьяа
хүрээлэнгүүдийн төлөөлөл танилцуулга хийж, эрдэм шинжилгээ, судалгааны
ажлын бодит үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.