Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны хосгүй эрдэнэ болсон академич Д.Цэрэнсодномынд өнжлөө

Олон улсын Алтай судлалын төвөөс Монголын хоёрхон эрдэмтэнд “Алтан медаль”-иа хүртээсэн билээ. 1963 оноос дэлхийн эрдэмтдэд олгож эхэлсэн тус шагналыг 1965 онд нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуай хүртэж байжээ. Харин үүнээс тавин жилийн дараа академич Далантайн Цэрэнсодномд энэхүү шагналыг олгосон байдаг. Түүхийг нэхэн дурссаны учир гэвэл энэ удаа Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном гуайнд өнжсөнөө тодотгосон хэрэг л дээ. Үнэндээ Д.Цэрэнсодном гуайн гэрт гэхээсээ илүүтэйгээр түүний номын буюу ажлын өргөөнд илүү цагийг өнгөрөөсөн гээд хэлчихэд болно. Сайн эрдэмтэн улсын баялаг гэдэг. Баялгийн уурхай болсон Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хоёр давхарт энэ эрхмийн ажлын өрөө байх аж. Болзсон цагтаа үүдийг нь тогшлоо. “Ор ор хүү минь” гэх хариугаар дотогш ороход бичиг, ном дүүрэн хураасан ширээний араас академич Д.Цэрэнсодном гуай өндийж ирээд “Та нарыг ирэхийг хүлээж суулаа” гэв. Түүний өрөөний хойморт Чойжи-Одсэрын хөрөг зураг залаастай харагдана. Чойжи-Одсэр бол XIV зууны яруу найрагч бөгөөд Монголын хэл, соёл, уран зохиолын гарамгай төлөөлөгч гэгддэг. Уг хөргөөс харц салгаж үл чадах намайг академич маань анзаарсан бололтой. “Миний анхны ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл бол билгүүн Чойжи-Одсэр. Энэ бүтээлийн редактороор Цэндийн Дамдинсүрэн багшийг томилсон юм. Багшийн гэрт бүтээлээ бариад очлоо.

Тэгсэн багш “Тэнд тавьчих, уншиж байж редакторлох эсэхээ шийднэ” гэдэг юм байна. Хэд хоногийн дараа утсаар ярьж “Хүрээд ир” гэж дуудлаа. Гэрт нь очтол “Уншиж үзлээ. Чи арай ч үхэр шиг хивчихдэггүй юм байна” гэж хэлээд редакторлож байлаа” хэмээн сэтгэлдээ өнөөг хүртэл хадгалж явдаг ховор хийгээд сайхан дурсамжаасаа хуваалцлаа.Академич Д.Цэрэнсодномыг монголын хэл, соёлын арвин сан гээд тодорхойлчиход маргах хүн ховор биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди монгол айл бүрийг “Монголын нууц товчоо”-той болгох зарлиг гаргаж байсан. Тэр цагаас эхлэн монголчуудын гэрийн хоймор залагдаж буй “Монголын нууц товчоо”-г боловсруулж, эрдэм шинжилгээний судалгаа хийх ажлыг академич Д.Цэрэнсодном гуай ахалсан байдаг. Түүний болон түүнтэй гар нийлж баг болон ажилласан Төмөртогоо, Чоймоо, Дашцэдэн тэргүүтэй эрдэмтдийн хишиг буянаар бид өдгөө эх түүхийнхээ нэгээхэн хэсгийг үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаа билээ. Эрдэмтдийн өөр өөрийн өнцгөөс өлгийдсөн “Монголын нууц товчоо”-ны судалгааны олон хувилбар байдаг.

Гэхдээ дээр дурдсан нь эдгээр эрдэмтдийн бүтээлийг нэгтгэж хамгийн түүхийн үнэнд ойртсон бүтээл гэж хэлж болох аж. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хувилбараар анх Монголын ард түмэн “Монголын нууц товчоо”-той танилцаж байсан. Тухайн үед судалгаа, шинжилгээ хийхэд хүнд, одоогийнх шиг “бэлэн хоол” болчихоор ном бүтээл ховор байхад Ц.Дамдинсүрэн гуай өөрийн хосгүй авьяас билгээр ард түмэндээ ойлгогдохоор энгийн бөгөөд уран яруу тансаг бүтээл бүхий ном гаргасан болохыг академич Д.Цэрэнсодном гуай их л нямбай тайлбарлав. Ингээд академичийн ном бүтээлийн яриаг түр засварлаж ар гэр, ахуй амьдрал руу нь яриа хазайлгахаар болов.

АРСЛАН, ЗААН ТӨРСӨН АЛДАРТ БӨХИЙН УДМААС АНГИД МӨР ХӨӨСӨН АКАДЕМИЧ

Академич Цэрэнсодном гуайн туулж өнгөрүүлсэн амьдралын зам тийм ч олон салаа бус. Аравдугаар ангидаа шарлаж айхтар өвдөж байсныг эс тооцвол басхүү бартаат даваа, толгод ч үгүй мэт. Эрдмийн мөр хөөсөн хүүгийн эгэл амьдрал дардан хийгээд дээш тэмүүлсэн замналтай аж. Цэрэнсодном гуай Сүхбаатар аймгийн Халзан суманд төржээ. Түүний аав Чойдорын Дамдинсүрэн хүүгээ мэндлэх үед цэргийн албанд татагджээ. Тиймээс өвөө нь ээж Долгорыг нь өөр хүнд богтлоод өгчихсөн гэнэ. “Тухайн үед цэргийн албыг таван жил хаадаг байсан. Гэвч хугацаагүй, эргэж ирэх нь ч тодорхойгүй учир залуухан охиныхоо амьдралыг бодоод өөр хүнд богтолж намайг нагац ах маань өсгөсөн юм болов уу” гэв. Хар багадаа эцэг, эхээсээ хагацсан хүү үнээний сүүгээр угжуулж хүн болсон нь хожим харамсах бус харин ч ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн болох зам мөрийг нээсэн байж болох юм. Түүний нагац С.Далантай үлгэр тууль ярьдаг, нутаг усандаа нэлээд алдартай дархан хүн байжээ. Тиймээс хүү улаан үнээний сүүнээс гадна үлгэр домгоор угжуулж өссөн гэнэ. Далантай хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэгт их анхаардаг сүрхий хүн байсан бөгөөд тооны хүрдгийг ягштал цээжлүүлдэг байж. Тиймээс Цэрэнсодном хүү нэгдүгээр ангид ороход үе тэнгийнхнээсээ мэдлэгээр хол давсан байлаа. Багш нарын зааж буй хичээл хүүгийн сонирхлыг татахгүй байсан тул хоёрдугаар анги руу дэвшин оруулсан байна. Улмаар сум, аймгийнхаа сургуулийг дүүргэж 1957 онд одоогоор МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орсон байдаг. Тэрээр өөрийгөө болон үеийнхнийгээ их азтай хүмүүс гэв. Яагаад гэвэл Хэл шинжлэлийн агуу эрдэмтдийн төлөөлөл болох Т.Пагма, Ш.Гаадамба, Д.Чойжилсүрэн нараар хичээл заалгаж байсантай холбоотой юм. Ингэж л тэрээр эрдмийн замд эргэлт буцалтгүй орсон байна.Угтаа Цэрэнсодном гуай гайгүй сайн бөх болж болох байсан аж. Түүний аав Ч.Дамдинсүрэн цэргийн заан хүн. Дүү нь Цэрэнтогтох гээд аймгийн арслан бөх байжээ. Тиймээс түүнд бөхийн удам байсан боловч энэ талын авьяас, сонирхол нь дутмаг байсан гэхэд болно. Тэгээд ч “Над шиг бие жижигтэй бөх гэж юу байхав. Миний сонирхдог зүйл биш” хэмээн Цэрэнсодном гуай егөөдөөд авав.

Уламжлалт анагаах ухааны музей. Бэр хүү хоёрын хамт

ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДЭМТЭН ЯРУУ НАЙРАГЧИЙН ШАГНАЛ АВЧ, ШИНЭ ХРОМОН ГУТАЛТАЙ БОЛСОН НЬ

Үнэндээ эрдэмтэн болохоос ихээ өмнө өрнөсөн түүх. Цэрэнсодном гуай хэл шинжлэлийн ухаанаар сурахын хажуугаар утга зохиолын дугуйланд явдаг байж. Академичаас “Та яруу найраг бичдэг байсан юм уу” гэж асуухад “Сурагч ахуйдаа “Суралцах замд” нэртэй өгүүллэг бичсэн. Манай уран зохиолын багш Д.Гомбожав. Нэг өдөр манай аймагт гурван том зохиолч ирсэн юм. Найруулагч С.Гэндэн, Ч.Лхамсүрэн,С.Дашдэндэв гээд. Би ч багшийнхаа дуудлагаар очиж энэ том хүмүүст өгүүллэг уншиж өглөө. Миний өгүүллэг гайгүй болсон юм байлгүй, хот руу аваад явчихсан. Харин оюутан болсныхоо дараа Лхамсүрэн гуайтай таарсан чинь “Чи өгүүллэгийнхээ шагналыг аваа юу” гэж байна. Би ч мэдэхгүй болохоор шагнал өгдөг эсэхийг нь лавлаад Лхамсүрэн гуайгаар заалгаж аваад Хэвлэх үйлдвэрийн ойролцоо нэг хаалгаар орлоо.Хаалгаар орох гэж явтал өмнөөс сэгсийсэн үстэй хүн зөрөөд гарлаа. Би ч тухайн үед дотроо их гайхав. Содон туссан хэрэг л дээ. Цаашаа өөр нэг өрөөний үүдээр шагайж ямар зорилготойгоо нэг хөгшинд хэлтэл надад өгүүллэгийн шагнал гэж 400 төгрөг өгөв.Миний амьдралдаа үзээгүй их мөнгө шүү дээ. Бөөн баяр болж өөртөө шинэ хромон гутал авч өмсөөд үлдсэнийг нь үрж дуусгах гэж зовсон шүү” хэмээн харааны шилээ дээш өргөж ирээд л хөхрөв. Түүнийг цочоож зөрсөн эрхэм бол Бямбын Ринчен гуай байсан гэнэ. “Үүрийн туяа” романыхаа шагналыг аваад гарч байсан нь тэр байж л дээ. Энэ тохиолдлын дурсамжийг академич их бэлгэшээдэг байна. Амьдралдаа авсан хоёр томоохон шагналыг Б.Ринчен гуайн араас хүртэх хувьтай байж.

Хүү Ц.Сүмбэрийн хамт

МОНГОЛЫН ХЭЛ, СОЁЛЫН АГУУ ЭЗЭД Ц.ДАМДИНСҮРЭН, Б.РИНЧЕНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ…

Их сургуулиа төгсөөд Цэрэнсодном Хэл зохиолын хүрээлэнд анх ажилд оржээ. Түүнээс авьяас билиг цухуйж буйг Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар аль хэдийнэ ажигласан байж. Ажилд ороод удаагүй байхдаа өнөөх айж гайхшруулсан сэгсийсэн үстэй Б.Ринчен багштай Увс, Ховдын хязгаарт судалгаа, шинжилгээ хийж хоёр сар хамт явсан нь тэднийг нэлээд ойр дотно болгожээ. Ринчен гуайг хамт хөдөө орон нутгаар явахад нутгийн хүмүүс их хүндэлдэг, хүүхдэдээ нэр хайрлаач гэж их ирдэг байсан тухай хуучлав. Д.Цэрэнсодном “Нэг удаа орон нутгаар салж ажиллах болоод эргэж уулзах болж Ринчен багшид цахилгаан явууллаа. Хоёр талаасаа уулзъя гэсэн утгатай захиа.Тэгсэн тэр цахилгаан захиаг багш барьчихсан “Энэ захиа тэдэн төгрөг төдөн мөнгө болох байлаа. Цэрэнсодном нуршуу бичсэнээс болж улсад тэдэн төгрөг, төдөн мөнгөний хохирол учрууллаа” гэж ирээд хошигнож билээ. Үгийн хазгай андахгүй. Багш надад “Насны нарыг жаргахаас өмнө амжихын төлөө шинжлэх ухаанд яардаг юм шүү” гэж захисныг би өдгөө ч мартдаггүй. Хичээж явна” гэв. Харин Ц.Дамдинсүрэн гуайгаар анхны ганц сэдэвт бүтээлээ редакторлуулснаас хойш дотно харилцаатай болжээ. Ц.Дамдинсүрэнтэй 1959 онд анх танилцаж байжээ. Тэрээр “Би 1985 онд Дамдинсүрэн багштай Германы Боннын их сургуульд болсон хуралд оролцсон. Аян замдаа сайхан ч яриа өрнүүлж байсан дурсамж бий. Бас л шударга, шулуун хүн. Миний шүтээн болсон хүмүүс юм даа. Албан тушаалд дургүй. Аль болох өөрийгөө чөлөөлж уран бүтээл, судалгаа шинжилгээний ажилдаа зориулах хүсэлтэй. Ш.Лувсанвандан багш байна.Монголын хэл, уран зохиолын гурван том сүмбэр уул” хэмээн санаа алдан бид чинь алтан үеийнхнээсээ маш бага зүйл авч үлдэж. Шанагаар хутгах эрдмээс халбагын төдийг л хутгасан байна шүү дээ” гэлээ.Академич Д.Цэрэнсодном гуай үнэхээр л багш нарынхаа хийж дуусгаагүй ажлыг залгуулж, Монголын агуу эрдэмтдийн үргэлжлэл болсон хүн гэж хэлмээр. Их мэргэдээс авч үлдсэн мэдлэгээ өдгөө Монголын үр хойчид түгээж яваа хүн билээ. Гэвч энэ биений сурч мэдсэн зүйлээс атгаад аваад үлдэх залуус ховор болсон нь түүний ганц эмзэглэдэг зүйл бололтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙГ АВАРСАН АЛТАЙ СУДЛАЛ

Түүнийг Алтай судлалын төвөөс “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол хүн гэж дээр дурдсан билээ. Тэгвэл түүний Алтай судлалын ачаар Шинжлэх ухааны академи татан буугдаж их сургуулийн бөөрөнд наалдахаас аврагдсан гэмээр сонин дурсамж үлджээ. Төрийн эрх мэдэлтнүүд гадна дотно үзсэн зүйлээ Монголд шууд буулгах гэж зүтгэж Шинжлэх ухааны академид юу ч хийдэггүй хэдэн эрдэмтэнг цалинжуулж байна хэмээн их сургуулийн харьяа болгох оролдлого их явж. Яг энэ эгзэгтэй үеэр эртний өвөг алтай хэлнээс салаалж гарсан манж, тунгуз, түрэг, ирэн, монгол, уйгар, перс эрэг хэл соёлыг судалдаг Алтай судлалын ажилд судалгааны үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн олон улсын хүрээлэнгээс нэр хүндтэй шагналыг Д.Цэрэнсодном академичид олгожээ. Үүгээр Монголын эрдэм шинжилгээний судалгаа дэлхийд дээгүүрт явдаг гэдгийг нотолж чадсан байна. Мөн Цэрэнсодном гуайн томоохон судалгаа бол “Турфаны цуглуулга”. Энэ тухай академич “Дамдинсүрэн багш Герман явж ирэхдээ эрдэмтэн Э.Хэйнишийн бичсэн номыг өгсөн нь “Турфаны цуглуулга” л даа. Цуглуулга доторх уранхай, дутуу эх бичгүүдийг судалж эхэлсэн. 1963 оноос цуврал өгүүлэл бичсэн. Манай багш нар төдийгүй германчууд миний судалгааг дэмжиж, тоосон. Ингээд Германд жил зургаан сар судалгааны ажил бичсэн. Э.Хэйнишийг өөд болсных нь дараа ширээн дээр нь сууж судалгаагаа бичсэн. Тэгэхээр би их азтай хүн байгаа биз. Их буянтай хүний ширээн дээр суусан учраас надад тэр бага ч гэсэн буян заяа нь шингэсэн байж таараа” хэмээн хуучлаад цагаа харангаа “Хэдүүлээ одоо гэрийн зүг хөдөлье” гэлээ.


НЭГ СУРГУУЛИАС АМЬДРАЛАА ХОЛБОСОН ХОСУУД

Цэрэнсодном гуай хөл нь жаахан тааруу учир таягтай явах. Гэхдээ түүний явах зам маш тодорхой. Гэр, музей, Шинжлэх ухааны академи. Долоо хоногийн гурван өдөр ажлын өрөөндөө сууж эрдэм шинжилгээний судалгаандаа төвлөрдөг байна. Эрдэм шинжилгээний судлаач сууж сурсан байх хэрэгтэй хэмээн ёжтой инээнэ. Одоогоор академич маань докторын зэрэг хамгаалж байсан “Дундад зууны үеийн монголчуудын бичгийн яруу найргийн эх ундарга хийгээд өвөрмөц шинж” бүтээлээ ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл болгохоор ажиллаж байгаа аж. Ингээд машинд өнөөгийн нийгмийн талаар ойр зуурын хэдэн үг солив. Тэрээр “Ард түмэн эсэргүүцээд ирэхээр төр засаг буруу ажиллаж байгаагийн том илрэл гэдэг. Хаашаа ч юм бэ дээ. Би ч улс төр хүсдэггүй болохоор олон юм яримааргүй байна” гэв.

Ингээд Цэрэнсодном гуайнд орлоо. Түүний гэргийг Доржийн Ичинхорлоо гэдэг.Тэрбээр МУИС-ийн химийн ангийг дүүргэжээ. Мөн Орост мэргэжлээ дээшлүүлсэн гэнэ. Сүүлд Хүнс, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.Гэр бүлээрээ Герман болон Хятадад амьдарч байсныг эс тооцвол Улаанбаатартаа ихэнх амьдралаа үдсэн хоёр буурай аж. Д.Ичинхорлоо гуайгаас “Эрдэмтэн, судлаач хүний хань байна гэдэг амаргүй байх даа. Ар гэрээсээ илүү албан ажилдаа ихэнх цагаа зарцуулдаг болов уу гэж асуухад “Хэлэх юм биш. Ар гэрийн амьдралд тусалсныг асуух ч хэрэггүй” хэмээн хошигноод авав. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Хадаа хоёр хүүхэдтэй, эцэг эхийнхээ цай хоолыг ганц дөхүүлдэг хүн гэнэ. Хүү Баяраа Германд амьдардаг бол бага хүү Сүмбэр гэр бүлээрээ аавынхаа байгуулсан Уламжлалт анагаах ухааны музейг хариуцан ажиллуулдаг. Д.Цэрэнсодном гуай “Би “Данжуур”-ын 225 ботийг бүтэн уншсан. Энэ их хөлгөн судрын таван боть нь анагаах ухааных байдаг. Миний биеийн тал нь уламжлалт анагаах ухаан болсон гэхэд болно. Анагаах ухааныг хөгжүүлэх төслүүдийг удирдаж энэ чиглэлийн оюутнуудыг унших номтой болгосон. Бурхан шашны номыг монгол уншлагаар уншуулах зорилготой “Номунгэрэл” төв байгуулаад сүүлдээ энэ төв анагаах ухааны музей болсон л доо” гээд музейгээ танилцуулахаар гарав. Тус музейд уламжлалт анаагах ухааны ховор нандин өвс ургамал, жор гээд хүний биед тустай хэрэгцээтэй зүйл цөм бүрэн гэмээр харагдана.Монголчууд сүүлийн үед ургамлын гаралтай, байгалийн гаралтай гээд Хятадын уламжлалт эмчилгээ рүү хошуурах болсон. Тэгвэл хил давах шаардлагагүй жинхэнэ уламжлалт анагаах ухааны мэдээллийг эндээс авч болох санагдав. Нас өндөр гарсан хэдий ч академич Д.Цэрэнсодном гуай ухаан саруул, билиг оюун танхай хэвээр аж. Тэрээр орос, англи, герман, хятад зэрэг гадаад хэлтэй. Түүний эрдэм шинжилгээний маш олон судалгааны бүтээл Монголдоо төдийгүй гадаадын олон оронд олон хэлээр хэвлэгдэн гарсан билээ.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *