Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Шинэ зууны монгол багшийн загвар боловсруулж байна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргалтай боловсролын шинэчлэлийн сэдвээр ярилцлаа. Сургуулийн үүдэнд тэтгэлгээр сурах боломжийн тухай мэдээлэл харагдана. Энэ сэдвээр захирлаас эхлээд тодрууллаа.   

– 650-750 гэсэн тоо бидний хувьд онцлог.  750-аас дээш оноотой хүүхэд багш мэргэжлээр элсээд ороод ирвэл төлбөргүй суралцах  боломжтой. Төлбөрийг нь Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор төрөөс хариуцна.

-Багш бэлтгэхэд төрөөс анхаарч байна гэсэн үг үү?

-Тиймээ. Төрөөс багш бэлтгэхэд анхаарч байгаа хэрэг.   Энэ бол багш бэлтгэдэг их дээд сургуульд төрөөс олгосон боломж юм даа.

-Тэр боломжийг хэр олон хүүхэд эдлэв?

-650-750-ийн хооронд оноо авчихвал сургалтын төлбөрөөс 70 хувь хөнгөлүүлчихнэ. Өнгөрсөн хичээлийн жилд 923 хүүхэд  650-иас дээш оноотой элсэн орсон. Багшийн мэргэжлээр 2000 гаруй оюутан элсүүлсэн. Түүний тал хувь нь 650-иас дээш оноотой оюутан байв. Энэ жил бас л энэ журмаа мөрдөөд явна. Ноднин жилийнхтэй адил тооны хүүхдүүд энэ жил элсэнэ гэж найдаж байгаа. Чанартай багш бэлтгэхэд төрийн зүгээс үзүүлж байгаа санхүүгийн, бодлогын дэмжлэг юм. 

-Өмнөх нийгэмд багшийн мэргэжил нэр хүндтэй байсан. Одоо багшийн мэргэжлийг хүүхдүүд хэр сонгож байгаа вэ?

-Манайд элсэгчдийн 60-70 орчим хувь нь хөдөө орон нутгаас элсдэг. Хөдөөд багш болох сонирхолтой хүүхдүүд их байдаг. Аав ээж нь багш мэргэжилтэй, уламжлаад багш болох хандлага элбэг. 

-Багш болох хүүхдүүдэд онцгой шалгуур тавьдаг уу?

-Манайд  багш болох авъяас сонирхолтой хүүхдийг нээх илрүүлэх, сонгон шалгаруулах,  шинжлэх ухааны үндсийг боловсруулах, эрдэм шинжилгээний төсөлт ажил явж байна. Энэ төсөлт ажлаар тодорхой хэмжээний сонгон шалгаруулалтын даалгаврууд боловсруулж, багш сонгоны хүүхдүүд дээр туршиж үзсэн.  Иймэрхүү ажлын үр дүнд бид сонгон шалгаруулалтдаа арай өөрчлөлт оруулах юм. Одоо бол төвлөрсөн маягаар сонгон шалгаруулалт явж байна шүү дээ. Цаашдаа багшлах авъяас сонирхолтой хүүхдүүдээ эрж хайж нээн илрүүлдэг, оношлодог. Үүнийхээ үр дүнд сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжих юм.

Дээд боловсролын агуулгад шинэчлэлт хийнэ, сургалтын агуулгад өөрчлөлт гаргана гээд яригдаад байгаа. Танай сургуулийн хувьд шинэчлэл яаж өрнөж байна?

-Дээд боловсролын шинэчлэл нийтлэг явж байна. Зарим хүн үүнийг буруу ойлгоод байх шиг. Ерөөсөө нарийн мэргэжил эзэмшүүлэхгүй, маш ерөнхий юм заачихаад төгсгөх юм байна гэж ойлгодог. Боловсролын шинэчлэлийн мөн чанар нь юунд байна гэхээр бид мэргэжлийн суурь чадамж гэдэг юмыг эхлээд олгох ёстой. Багшийн чадамжийг гурван чиглэлээр багцалдаг. Нэгдүгээрт, хувь хүний чадамжууд, хоёрдугаарт нийгэмшлийн чадамжууд, гуравдугаарт нь мэргэжлийн чадамжтай хүн төгсч гарвал нийгмийн захиалга, одоогийн  шаардлага хэрэгцээг хангах юм. Шинэ зууны монгол багшийн загвар боловсруулж байна. Шинэ зууны монгол багш дээр өгүүлсэн гурван чадамжтай байх учиртай. Монголоо гэсэн сэтгэлтэй, хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд сэтгэл зүрхээ зориулж чадахуйц зөв төлөвшил хандлагатай багш чухал. Хувийн чадамж гэдэгт өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх чадвар асуудал шийдэх чадвар, мэдээллийн технологийг ажил төрөлдөө хэрэглэх чадвар гэх мэт олон чадварууд багтана. Нийгэмшлийн чадварт хүнтэй зөв боловсон харилцахаас эхлээд бусдыг сонсдог, өөрийгөө бусдад ойлгуулж, илэрхийлэх чадвар орно. Үүний дараа нарийн мэргэшүүлэх багц сургалтууд орохоор өөрчлөлт  хийсэн. Дээд боловсолд хийж байгаа шинэчлэл эцсийн эцэст үр дүнд суурилсан шинэчлэл болж байна. Бид багшийн  хөгжилтэй холбоотой хичээлүүдийг түлхүү оруулж өгсөн. Тухайлбал энэ жилийн хичээлийн хөтөлбөрт логик сэтгэлгээ гэсэн хичээл байгаа. Энэ хичээл хүүхдийг сэтгэн бодох, бүтээлчээр сэтгэх чадвар, сурах арга барилд сургах, аливаа зүйлийг шүүн тунгаах чадвартай болгох,  зөв үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгоход тустай. Дараагийн нэг шинэ хичээл нь “Яриа бичгийн соёл“. Энэ хичээлийг нэгдүгээр курсээс ороод эхэлсэн.  Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлдэг чадварт хүүхдүүдээ сургах юм. Энэ хоёр хичээлийг бүх оюутнуудад заавал үзүүлэхээр сонгосон. Мэргэжлийн гүнзгийрэлтийн түвшингээ хаяж гээхгүй. Өндөр ур чадвар суулгах хичээлүүд ордогоороо орно.

-Өмнө нь багш нар  дүрсгүй, хичээлдээ  муу хүүхдийг тоншоод авах нь байж болох үзэгдэл байсан. Одоо ч ийм тохиолдол гардаг. Ирээдүйн багш нарт энэ талаар сургадаг уу?

-Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө. Шинэ багш нарт тийм юм байж болохгүй. Дэлхий нийтээрээ үүнийг  хориглож байгаа. Хүүхдийн онцлогт тохируулаад, арга барилаа чөлөөтэй өөрчилж чаддаг хөрвөх чадвартай багш нар хэрэгтэй учраас сургалтын технологио шинэчилж, хүүхдийн онцлог, авъяаст зохицуулсан шинэчлэлтүүдийг хийж байгаа. Энэ талаар бид нэлээд судалгаа хийж үзсэн. Та бүхний сэтгэл судлал боловсрол судлал хичээлээр үзсэн мэдлэг хэр хэрэг болж байна гэхэд залуу багш нар харилцааны чадвар дутагдалтай байна гэдэг.   Жишээлбэл математикийн бодлогыг хүүхэд ойлгохгүй бол яах вэ, хүүхэд бүртэй яаж ажиллах юм, энэ бүхнийг бид шинэчилсэн агуулгаар зааж өгөхийг оролдож байна. Хэт их онол заагаад л байдаг. Эцсийн эцэст хүүхэдтэй ажиллах арга барил нь дутуу дулимаг байна гэдэг судалгааны дүн гарсан юм. Боловсрол судлал, сэтгэл судлал, заах аргын хичээлийн хөтөлбөрүүдээ шинэчилж амжсан л даа. Энэ хөтөлбөрүүдээр хичээл явагдах юм.

-Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ дэлхий нийтийн хандлагыг тусгасан байлгүй.  Бусад орнуудтай харьцуулбал манайх хаана нь явж байгааг харах боломж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Манай МУБИС 60 гаруй орны их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Ихэнхи нь багш бэлтгэдэг сургуулиуд. Жишээлбэл би сая Японд  яваад хэд хэдэн багш бэлтгэдэг сургуультай гэрээ байгуулахаар ярилцаад ирсэн. Дэлхийн их сургуулиудын холбоо,  Азийн  боловсролын их сургуулиудын сүлжээнд хамрагддаг.  Багш бэлтгэх хөтөлбөрийн Олон улсын магадлан итгэмжлэл гэж бий. АНУ-ын багш бэлтгэдэг хөтөлбөр, магадлан итгэмжлэлийн байгууллагатай тодорхой зүйл ярьж байгаа. Сүлжээгээр дамжуулаад хуулбарлах нь гол биш. Үндэсний их сургуулиуд ямар түвшинд ажиллаж байна. Бид тэр түвшинд ажиллах ёстой.  Чадамжид суурилсан багш боловсрол гэдэг маш чухал  байна. 

-Боловсролын шинэчлэл,  сургалтын хөтөлбөр, технологийн шинэчлэл хийхэд мөнгө  хэрэгтэй. Энэ бүхнийг сургалтын төлбөрөөр хийж хүчрэхгүй болов уу. Санхүүжилтын эх үүсвэр олж чадаж байгаа юу?

– Чанарын шинэчлэл  гэдэг асар их зардал гаргадаг. Ганц том дэмжлэг бол Боловсрол шинжлэх ухааны яам. Нэгдүгээрт түрүүний хэлдэг багш мэргэжлээр өндөр оноотой элсч байгаа хүүхдүүдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа дэмжлэг. Онлайн сургалтын  орчин бүрдүүлэхэд энэ жил бас бидэнд дэмжлэг үзүүлж байна. Дээр нь мэдээж төсөл хөтөлбөрүүд байна. АХБ-ны дээд боловсролын шинэчлэл, дунд боловсролын шинэчлэл төслүүд, ЖАЙКА,  НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн  сангийн төсөл байна. Энэ бүх төслүүд манайд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байна.

-Сургалтын төлбөр хэд байна. Манайхан хувийн,  өндөр төлбөртэй бага, дунд сургуульд өчнөөн саяар хүүхдээ сургаад байдаг. Гэтэл нөгөө талд нь дээд боловсролыг хямдхан авах гээд улайраад байдаг эсрэг тэсрэгийн туйл яваад байна?

-Энэ бол боловсролын салбарыг улстөржүүлсний гай.  Боловсролын салбарын  нэг чөдөр нь төлбөрийн хязгаарлагдмал байдал. Манай МУБИС сая 240 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ жил инфляцийн түвшинтэй уялдуулаад арав орчим хувь нэмж байна. Сая 400 мянган төгрөг л болох юм уу даа. Нэг оюутанд ногдох зардал гурван сая төгрөг болдог. Талыг нь бид оюутны сургалтын төлбөрөөс авч байна. Талыг нь улсаас өгч байгаа гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд бид тусгай хэрэгцээтэй боловсролын багш бэлтгэх ангийг шинээр нээсэн. Лабораторийг нь яамнаас тохижуулж өгсөн.  Монгол Улс түүхэндээ анх удаа эх орондоо тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж  байгаа. Нээхээс өөр аргагүй л дээ.  Эхний 60 багш нь тусгай  сургууль, цэцэрлэгийн багш нар голдуу байсан. Тэндээсээ 47 хүн төгсгөлөө. Энэ жил бид  ажиллаж байгаа багш  нараа үргэлжлүүлээд нэг жилээр сургана. Шинээр дөрвөн жилийн анги авч байгаа.  Тусгай хэрэгцээ гэдэг нь  хоёр талтай. Нэг талаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нөгөө талаасаа онцгой авъяастай хүүхдүүдийг хөгжүүлэх багш нарыгаа бас тусгай хэрэгцээт гэж нэрлээд байгаа юм.  Нэг ангид байгаа хоёр туйлын хүүхдүүдтэй ажиллах багш нар бэлтгэгдэж байна. Нэг ангид ороход сурлагаар хоцрогдсон хүүхдүүд байна, эсвэл түрүүлээд хөгжчихсөн хүүхдүүд байна. Тийм хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэсэн ур чадвар суулгах хөтөлбөр юм. 

-Боловсролын салбарт хүйсийн хувьд жендерийн тэгш байдал алдагдсан салбар. Үүнийг тодорхой хэмжээгээр залруулах боломж бий юу?

-Хүйсийн харьцаа алдагдсан гэдэг нь ойлгомжтой. Нийт элсэгчдийн 80 орчим хувь нь эмэгтэй байдаг. Тийм учраас эрэгтэй элсэгчийг ахиу авахаар жендер дээр санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудал тавьдаг.  Үндсэн хуульд хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан учраас хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх тал дээр санхүүгийн дэмжлэг авч болохгүй байгаа юм. Ноднин жил төлбөрийн хөнгөлөлтийг дагаад эрэгтэй хүүхэд олон элссэн. Монгол хэлний ангид 30 хүүхдийн нэг, хоёр нь эрэгтэй байсан бол ноднин жилийн ангид 5-7 эрэгтэй хүүхэд байсан. 

-Сургалтаас гадна судалгааны чиглэлээр ажиллана гэсэн. Ямар судалгаанд анхаарч байна?

– Бид судалгаа-сургалтын  статустай их сургууль болох зорилт тавьсан юм. Боловсрол судлалын судалгааны ажлыг тэргүүлэх чиглэлтэй хөгжүүлэхээр Боловсрол судлалын төв байгуулсан. Энэ төв дээр судалгааны төсөл хөтөлбөрүүдийг төвлөрүүлээд, туршлагатай судлаач багш нарын баг бүрдүүлээд, ажиллаж байна. Хэд хэдэн төслүүд явж байна. Багш, боловсрол судлалд анхаарал хандуулж бид юу болоод байна, манай төгсөгчид юу болж байна гэсэн тандалт судалгаануудыг хийнэ. Сургалтын үнэлгээ арга зүй гэсэн чиглэлүүдээр нэлээд нарийн судалгаа явуулаад инновацийн шинжтэй бүтээгдэхүүнийг гаргаж ирье гэсэн санаа бий. Боловсролын их сургуулийн боловсруулсан сурах бичиг гэвэл ямар сонсогдож байна.  Бид бас сургалтын технологич гэсэн магистрын анги нээж хичээллүүлсэн. Аливаа нэг шийдвэр судалгаа шинжилгээний үндэслэл муутай гараад байна гэдэг. Тэгэхээр хэрэгжилт нь дутуу дулимаг болоод улс орны хөгжилд саад болоод байгаа хэрэг. 

Сургалтын хөтөлбөр, арга зүйгээр мэргэжлийн хүмүүс бэлтгэнэ.  Энэ нь орчин үеийн дэлхий дахины боловсролын ерөнхий сургалтын технологийн чиг хандлага арга зүйгээр сурсан  хүмүүс байх  юм. Энэ жил 30 магистр элсүүлээд арай өөр хөтөлбөрөөр явж байна.  Гадаад, дотоодоос хамгийн сайн багш нарыг урьж ажиллуулахаар хичээж байна. Ялангуяа манайхыг  төгсөгчид ерөнхий боловсролын салбарт өрнөж байгаа шинэчлэлээс хоцорч болохгүй, харин манлайлах учиртай. 

-Энэ олон шинэчлэлийг хэн хийж байгаа вэ. Танай сургуулийн багшийн цалин шинэчлэл хийх хэмжээний багшийг уяж чаддаг уу?

-Манай сургуулийн цалин хөлс боломжийн түвшинд хүрсэн. Гадаад дотоодод төгссөн хүмүүс ч ирж байна. Өнгөрсөн хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд доктор хамгаалсан таван багш шинээр авсан. 

Манайх 500 багш, эрдэмтэн судлаачтай том хамт олон. Энэ хүч нөөцийг зөв чиглүүлэх учиртай. Манайд Монгол судлал хөгжиж ирсэн уламжлалтай. Монгол судлалын төв маань монгол хэл бичиг, түүх зан заншил, угсаатны зүй, энэ бүхнийг өргөн хүрээтэй судалдаг. Олон улсын Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулдаг их сургууль болох зорилго өвөрлөж байна.     

-Багш бэлтгэж байгаа хүмүүс өөрсдийгөө  хэр шинэчилж, сурч байдаг бол?

-Манайх  60 сургуультай хамтын ажиллагаатай. Багш нараа гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан судалгааны ажил хийлгэх, туршлага судлах, ажлуудыг тогтмол хийж байна. Сургууль дотор багшийг тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр хэрэгждэг.  Цахим  бүтээлийн сантай боллоо. Энэ бүртгэл тасралтгүй өсч байх ёстой. Үүнд үндэслээд ажлын байр өгсөх, цалин хөлс нэмэгдэх учиртай.

 Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *