Categories
гадаад мэдээ

Шинэ оны онцлох мэндчилгээнүүд

Дэлхий дахин түүхийн шинэ хуудас нээж, шинэ он айлчлан ирсэнтэй холбогдуулан олон улсын байгууллагуудын тэргүүн голлох улсын удирдагчид “Ковид-19” цар тахлын сүүдэрт өнгөрсөн 2021 оноо дүгнэж, ирж буй ондоо эвлэлдэн нэгдэж, эрчимтэй сэргэхийг уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ жилийн мэндчилгээндээ дэлхий дахин эвлэлдэн нэгдэж, бие биедээ тусалж дэмжин 2022 оныг бүх нийтийн сэргэлт, хэвийн байдалдаа орсон жил болгохыг уриалсан байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус улс орнуудад “явцуу үзэл баримталж, вакцин нөөцлөхөөс” зайлсхийхийг дахин уриалжээ. Тэрбээр дэлхийн улсууд хамтран 2022 онд цар тахлыг зогсоож чадна хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин шинэ жилийн мэндчилгээндээ ирж буй оны зорилтыг сануулж, өнгөрч буй оныг дүгнэн, удахгүй болох өвлийн олимпийг зохион байгуулахад бэлэн болоод буйг дурдаад “Гэрэлт ирээдүй өөд хамтдаа урагшаа! Хайрт эх орондоо хөгжил, дэвшил, энхтайвныг ард иргэддээ хангалуун амьдрал, аз жаргал хүсэн ерөөе!” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ Орос улс олон тооны сорилттой нүүр тулгарсан ч ард түмэн нь ийм хүнд нөхцөлд амьдарч, хүндхэн асуудлуудыг зохицуулж сурсныг онцолжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, цаашид тулгарах аливаа сорилтыг нэгдмэл байдлаар даван туулж чадна гэв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахлын эсрэг тэмцэл үргэлжилж буй энэ цаг үед америкчуудын тэсвэр хатуужлыг сайшаан магтаад “Бид бүхэн эвлэлдэн нэгдсэн цагт АНУ-д хийж бүтээж чадахгүй зүйл үгүй” гэж хэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ жилийн мэндчилгээндээ баярын үйл ажиллагаанд оролцож буй бүх хүнд анхаарал сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалжээ. Мөн 2022 оныг аз жаргалтай жил болгохын төлөө вакциндаа хамрагдахыг олон нийтэд уриалсан байна.

Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон коронавирусийн халдварын үзүүлэлтүүд дахин эрс нэмэгдэж байгаа тул ойрын долоо хоногуудад нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Тэрбээр вакцинжуулалтын ач холбогдлыг дахин нотлоод, 2022 онд дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин сүүлийн хоёр жилийн хугацаанд халдвараас урьдчилан сэргийлэх галын шугамыг хамгаалсан эмнэлгийн ажилтнууд болон саад бэрхшээлийг даван туулсан жижиг үйлдвэр, бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлжээ. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч бид бүхэн шинэ жилээ итгэл найдвараар дүүрэн угтаж байна гэж тэрбээр хэлжээ.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон 2021 оныг ойн түймэр, цар тахалд нэрвэгдсэн хүндхэн жил байсныг дүгнээд, 2022 онд эдийн засгаа бэхжүүлж, австраличуудын аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдийг эргэн уулзуулахын төлөө ажиллана гэсэн байна.

Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэл хараахан дуусаагүй байгааг омикрон хувилбар харуулж байгааг онцлоод, цаашид тулгарах урт хугацааны сорилтуудыг эвлэлдэн нэгдэж тууштайгаар даван туулахыг сингапурчууд уриалсан байна.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте шинэ жилийн мэндчилгээндээ дахин нэг жил цар тахлын сүүдэрт өнгөрснийг дурдаад, 2022 он филиппинчүүдэд шинэ эхлэл, шинэ боломжуудыг авчирч байна гэв.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хувьд коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, улсад цар тахлаас үүдэн хэдий хэмжээний хохирол учирсан тухай үнэлгээ хийж буйг мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа тус улсын хил орчмын байдал дордсон тохиолдолд Вашингтон болон түүний холбоотнууд “шийдэмгий хариу арга хэмжээ” авахад бэлэн байгааг мэдэгдлээ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлэв.

“Хэрэв ОХУ Украин руу довтолбол АНУ болон түүний холбоотон түншүүд эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг ерөнхийлөгч Байден тодорхой хэлсэн” гэж Псаки онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хоёр орны удирдагчид НАТО болон ЕАБХАБ-ын шугамаар ОХУ-тай удахгүй хийх хэлэлцээнд зориулсан Украины дипломат хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн ерөнхийлөгч Жо.Байден Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Вашингтоны амлалт хэвээр байгааг Зеленскийд дахин нотолжээ.

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ АНУ-ын “Pfizer” компанийн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Паксловид” эмэнд зөвшөөрөл олгожээ. Энэхүү эм нь “Ковид-19”-өөр хүндээр өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа юм. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар цахимаар гаргасан мэдэгдэлдээ “паксловид”-ыг “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.Энэхүү эмийг вирусийн эсрэг “Ритонавир” эмтэй хамт хэрэглэх аж.

Франц улсад жимс, хүнсний ногоог гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэв. Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж байгаа боловч их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар халах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.

Дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том хэлэлцээр болох Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гишүүн улсуудын харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийнх нь татвар буурна. Мөн гарын үсэг зурсан талуудын хооронд худалдааны оновчтой, хялбаршуулсан дүрэм журмыг мөрдөж, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар илүү өргөн хүрээнд нээлттэй болсноор Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл нь гишүүн орнуудад бодит үр ашгийг авчрах ажээ.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найм дахь Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж, улиран одож буй оны нам, төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн сацуу хөгжлийн шинэ чиглэл удирдамж гаргав. БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун хуралдааныг даргалан явуулжээ. Тэрбээр наймдугаар их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх эхний жил болох 2021 онд өрнөсөн нам, төрийн ажилд үнэлгээ дүгнэлт өгч, бүгд хуралдааны гол зорилго, ач холбогдлын талаар илтгэл тавьсан байна.

BBC.CNN. REUTERS. RIA Novosti. Xinhua-ээс бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *