Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр сонин хэвлүүлж, гэр бүлийнхэндээ сюрприз барьжээ

Шинэ жилээр хүмүүс бие биедээ янз бүрийн бэлэг барьдаг. Харин гавьяат багш Ц.Амгалангийн гэр бүлийнхэнд барьсан шинэ жилийн сюрприз нь “Гэр бүлийн сонин” байлаа. “Өдрийн сонин”-ы хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн “Гэр бүлийн сонин”-ы нэг ширхэг нь гэхэд л 15000 төгрөгийн үнэтэй гарчээ. Гэсэн ч өнөр бүлийнхний хувьд энэсонин жинхэнэ бэлэг болж чадсан гэнэ. “Сонин нэг өдрийн настай” гэсэн яриа байдаг ч энэ гэр бүлийнхний хувьд насаараа хадгалах сонин ийнхүү мэндэлсэн юм.

Гэрийн эзэн Ц.Амгалан Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн. Тийм ч учраас тэдний зочдын өрөөний хананд энэ гэр бүлийн шүтээн хайрхны зураг залардаг.Тэрбээр ярихдаа “Би 1950 оны нэгдүгээр сарын 1-нд Тарагт сумын нутаг, Авзага хайрхны тэрүүхэн наана Чулуутын Ар бөөрөг гэдэг газар хөдөө бууцан дээр төрсөн хүүхэд. Эхээс унахад энд тэнд маань хоргол наалдчихсан байсан гэдэг. Тэр утгаараа даарч хөрөх нь гайгүй, өлчир талдаа. Би энэ хайрхандаа жил бүр очдог. Сумын 90 жилийн ойгоор очоод, тахилын ширээ, хүндэтгэлийн самбар босгосон. Наян жилийн ойгоор “Өлзий ээлтэй нутаг минь” гэж дууны шүлэг бичсэн хэмээн хуучилсан.

Энэ гэр бүлийн гол шүтээн эцэг өвгөдөөс шүтэж ирсэн Аюуш бурхан. Гэрийн эзэгтэй Ц.Энэбиш өглөө бүр бурхандаа мөргөж, тахил өргөдөг заншилтай. Ээж хамгийн эхлээд хамаг амьтны тусын тулд дараа нь хань ижил, үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө залбирдаг. Замд яваа хүүхдүүдээ даатгадаг. Шар будаа, сүү өргөдөг гэнэ. Бурхан тахилын хэсэгт Бурхан багш, Манал бурхан, эвтэй дөрвөн амьтан заларчээ. Эзэгтэй бурхантайгаа ярьж суудаг.

Ц.Амгалан, Ц.Энэбиш нар1974 онд гэрлэж, өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Анх гэр бүл болохдоо хурим хийгээгүй ч 35 жилийн дараа 2009 онд Гэрлэх ёслолын ордонд ёслол үйлдсэн гэнэ.Гэрлэх ёслолын ордон, Гэр бүлийн нийгэмлэгээс энэ гэр бүлийг “Тэнгэрлэг гэр бүл”-ээр шалгаруулсан юм билээ.

Эхнэр, нөхөр хоёр багш мэргэжилтэй. Бага хүү ТЕГ-т ажилладаг, дэд хурандаа А.Болдбаатарын гэргий Ж.Болортуяа гэрийнхэндээ сюрприз барих дуртай. “Хангарьд пропертийз” компанийн захирал тэрбээр “Гэр бүлийн сонин” гаргах санаа сэдэж, нөхрөө уг ажилд “татан оруулжээ”. Энэ гэр бүлийнхэн шинэ жилээр нэгнийдээ цуглаж баярладаг. Энэ удаа А.Болдбаатарынд 31-нд цуглаж сонин хүлээж авцгаасан нь тэр.

Ц.Амгалан гуай эхээс есүүлээ. Тэрбээр бага насаа ийнхүү дурсав. “Аав биднийг өдөр бүр ээлжээр гэрийн ажил хийлгэдэг байлаа. Сайн хийвэл долоо хоногийн эцэст ажил дүгнээд, нэгээс гурван төгрөгөөр урамшуулдаг. Муу хийвэл улираана. Дахин хийхгүйн тулд бүгд хичээдэг байлаа. Биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн. Дүү нар бүгд ажилтай төрөлтэй. Шөнө унтахдаа хувцаснуудаа сандал дээр заавал эвхээд тавь гэдэг байлаа. Тэгж л цэвэрч нямбай хэвшилд сургасан. Биднийг аашилж загнадаггүй. Ээж маань аймгийн оёдлын артельд ажилладаг. Төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж зүтгэнэ. Дуусгаж амжаагүй ажлаа гэртээ авчирдаг байлаа. Тэр үед чийдэн байх биш лааны гэрэлд гутал уллаж суусан нь бидний сэтгэлд үлджээ. Хүүхдүүддэээцэг, эхийнхээ хөдөлмөрч чанарыг өвлүүлэх гэж хичээсэн. Манай хүүхдүүд ч бас ээлжээр жижүүр хийгээд “Өнөөдөр чиний гурил элдэх ээлж. Маргааш миний ус барих ээлж” гээд явдаг байлаа.Эцэг эх маань хөрөнгө мөнгө биш боловсрол, мэдлэг өвлүүлсэн. Бид ч хүүхдүүдээ боловсролтой болгох гэж их зүтгэсэн дээ” гэв.

Тэдний дөрвөн хүүхэд бүгд дээд сургууль төгсжээ. Том хүү А.Мөнхбаатар эмэгтэйчүүдийн эмч, одоо “Тод дэлгэц” эмнэлэгийн захирал, дараагийн хүү А.Ганбаатар “Авзага мээрэн” компанийн захирал, бага хүү А.Болдбаатар Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга, бага охин А.Мөнх-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт боловсролын байцаагч хийдэг юм байна.Ахмад багш Ц.Амгалан “Манай хүүхдүүд сайн ханьтай. Өвөг дээдсийн ажилсаг хөдөлмөрч сайхан уламжлалыг хадгалж яваасай гэж хүсдэг. Та нар өөрсдөө ажилсаг бол хүүхдүүд чинь дагаад ажилтай болно. Өөрсдөө ажил хийхгүй бол хүүхдүүддээ хичнээн сайхан сургаал хэлээд нэмэргүй. Ээж, аав нь яаж ажиллаж байгааг хүүхдүүд харж мэдэрч өсдөг. Хүний сайн талыг харж бахдаж байвал чамд ч хүн сайн байна. Зарим улс бусдын өөг илүү хардаг. Хэрвээ хүний алдааг хардаг бол эхлээд өөрийнхөө алдааг харах ёстой. Зарим хүн бусдын алдааг сайн хардаг мөртлөө өөрийнх нь дутагдлыг хэлэхээр хүлээж авдаггүй, биеэ өмөөрдөг” хэмээн сургамжлав.

“Аливаа юманд сэтгэлээсээ л хандах хэрэгтэй” гэж эзэгтэй онцолсон. Харин Ц.Амгалан “Хүссэн зорьсоноороо амьдарвал Далай ламын хэлсэнчлэн хоёр амьдарсан шиг сэтгэл дүүрэн байдаг” гэсэн шүү.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *