Гадаад улс орнуудын засгийн газрууд болон дипломат төлөөлөгчийн газруудад аутсорсингийн болон технологийн үйлчилгээ үзүүлдэг “Ви Эф Эс Глобал” компани энэ сарын 5-нд Герман улсын Элчин сайдын яамны Шенгений виз мэдүүлэх төвийг Улаанбаатар хотноо албан ёсоор нээжээ. Тус нээлтийн арга хэмжээнд Германы Элчин сайд Штефан Дуппел оролцсон байна.
Улаанбаатар дахь Герман улсын Элчин сайдын яам нь Шенгений бүсийн нийт 15 улсад богино хугацаагаар зорчих визийн мэдүүлгийг хариуцан ажилладаг. Эдгээр төрлийн визийг “Ви Эф Эс Глобал”-аар дамжуулан мэдүүлэхээр болж байгаа аж.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дагаад Улаанбаатар дахь Герман улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо өнгөрсөн жилүүдэд ихээр өссөн байна. Иймд виз мэдүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор, ялангуяа виз мэдүүлэх цаг авахад удаан хүлээлгийн хугацаа бий болгохгүйн тулд Улаанбаатар дахь визний мэдүүлгийг “Ви Эф Эс Глобал” компаниар дамжуулж авахаар шийдвэрлэжээ.