Categories
мэдээ цаг-үе

“Шатарчин Мягаа” буюу геологич Л.Мягмарсүрэн

“ШАТАРЧИН МЯГАА”

Энэ эрхмийг би их эртнээс мэдэх билээ. Биднийг шатарт хөл тавьж байхад тэмцээн болгон дээр нэгэн ганган, хээнцэр хүн явах. Хэн болохыг багшаасаа асуувал, Олон улсын мастер Ламсүрэнгийн Мягмарсүрэн гэдэг хүн чинь шүү дээ гэв. Том болоод сайхь эр шиг гоё хүн болохсон гэх бодол сэтгэлийн гүнд мөнхөд хадагдсан нь тэр. Хожмоо сайн танил болов. Мягаа/бид түүнийг тэгж авгайлдаг/ ахад нэгэн өвөрмөц чанар бий. Тэр үргэлж инээмсэглэж явдаг. Одоогийн хэлээр ямагт сайн эрчим цацаж явдаг гэсэн үг.

Баахан даарсхийж очсон би байрных нь бус эл хүний сайн энергид дулаацаж байгаагаа мэдэрч суув. Мягаа ах Ховд аймгийн “Ордос сүмийн тохой” гэдэг газар өнгөрсөн зууны эхний хагаст мэндэлжээ. Бар жилтэй гэнэ. Өөрийгөө Ховдын хонхорын хүүхэд дээ гэх. Хүүхэд нас нь “Сангийн хэрэм”, Буянт голын хөвөөнөө өнгөрчээ. Буянт голд сэлж, шумбан, загасчилж өдөр өнгөрөөдөг байж. Тэр үед загасны хэрэглэл байсан биш, тэвнийг галд улайсган матаж, дэгээ болгоод, “нойл”-ын гэдэг хар утсаар оосорлон, бургасан уурганд бэхлээд, хар халтар хайриусыг ёстой нэг түүдэг байснаа инээд алдан ярина. Ховдод долоон жилийн сургууль дүүргээд, хотод шилжин, хоёрдугаар арван жилийн сурагч болсноор элдэвтэй танилцжээ. Хотод хийгээд байх юм бага болохоор үеийнхнийхээ шатар тоглохыг аждаг болсон байна. Тэгсээр нүүдэл сураад авчээ. Улмаар тоглодог болов. Түүнд багын найз Ц.Юндэндоржийн нөлөө их тусав. Тэр Ц.Данзан гэдэг багшийн удирддаг шатрын дугуйланд явдаг байж. Нэг өдөр МУИС-ийн дэргэдэх хүнсний наймдугаар дэлгүүрт орвол, “Шахматы в СССР” гэдэг сэтгүүл байв. Юндэн нь, чи үүнийг ав. Багшийн хэрэг бараг үгүй хэмээжээ. Авч хариад өргүүдийг нь үзэж, нэг, хоёр, гурван нүүдлийн мадын бодлогыг нь бодож үзэв.

Гурван нүүдлийн мадыг баралгүй долоо хоноод, хэвлэлийн алдаа байна гээд орхичихож. Нэг шөнө гэнэт нөгөө бодлогын хариуг олчихмоор санагдахаар нь сэтгүүлээ хөнжил дотроо дэлгээд, гар чийдэнгийн гэрэлд учрыг нь олжээ. Урамшсан гэж жигтэйхэн. Шатрын гоё нь бас урлаг нь үүнд л оршдог ажээ гэдгийг ойлгоод улам хорхойсч, бас багагүй донтох болжээ. Шатраас салахаа байв. Есдүгээр ангид байхад нь, нэгдүгээр зэргийн шатарчин Ц.Данзан зэрэг тоглолт хийнэ гэсэн зар таржээ. Очоод суучихаж. Шатар олдохгүй болохоор нэг охиноос гуйж байгаад шатраар нь хамт тоглох болсон байна. Цагаанаар нүүсэн Ц.Данзан гуай гараан дээр бэрсээ хаяжээ. Идэх гэтэл охин, болохгүй, цаана нь юм байж мэднэ гэж. Энд юу байдаг юм гээд, зөрөөд идэж орхиж л дээ.

Хоёр, гуравхан нүүгээд маданд оржээ. “Легал” мад гэдэг аж. Маш ихээр уурлан, бухимдан харьснаа дурсав. Зуны амралтаараа хийх юмаа олж ядан явтал, ойролцоох айлын гадаа нэгэн залуу ганцаараа шатар тоглож суух юм гэнэ. Очвол ном дэлгэчихсэн, өрөг үзэж байжээ. Чи тоглодог уу гэхээр нь мэднэ гэчихэж. Эхэндээ ч юм болдоггүй байснаа сарын дараа гаргахаа байж л дээ. Анагаахын оюутан гэх өнөө нөхөр нэг өдөр шатраа цацсанаа, чи ирээдүйтэй юм. Энэ номыг үз гээд Дэлхийн аварга А.Алехины “Шилдэг 300 өрөг” гэдэг номоо бэлэглэжээ.

Номоо өдөр, шөнөгүй “балбасаар” барагтаа нэгэнд хожигдохоо байжээ.Тэр жил Яармагт наадам үзэн, хуушуур эргүүлж явтал, “Шатрын тэмцээнтэй” гэсэн зар харагджээ. Ороод тоглочихож. Хасагдах буюу бөхчлөх системээр явах юм гэнэ. Хоёр даваад гуравт нэгэн өвгөжөөр хүнтэй таараад, энэ ч яахав, дараагийн учраа ямар нөхөр байх бол гэх шүү юм бодож суугаад, яаж ч чадалгүй хожигджээ. Бөөн уур, бухимдал болсон хүн харив. Дараа, дараагийн тэмцээн болгонд нөгөө хүнийг заавал хождог болсон байна. Нөгөө хүн, би мастер Н.Төмөрбаатар, Т.Үйтүмэн хоёртой өгөө аваатай л байдаг. Энэ хүүг л барахгүй юм гэснийг дам сонсоод маш их урам орсон гэдэг. Аравдугаар ангиа төгсөөд улсын шигшээ багт цалинтай тамирчин болж, Н.Намжил багшид шавь оржээ. Манай оюутан тамирчид 1957 онд Исландын Рекеявик хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцсон байна. БТСХ-ны дарга байсан “залуу жанжин” хэмээх Лхагвасүрэн тэднийг эрүүл мэндийн үзлэгт оруулан, хөрөнгөтөн оронд биеэ хэрхэн авч явахыг зөвлөөд үджээ. Тэр цагийн ЗХУ-ыг хөндлөн гулд, баруун Европын орнуудыг бас туулаад тэмцээнд оролцжээ. Анхны тэмцээн болоод ч тэр үү, гавьсангүй. Харин хөгжил цэцэглэлт гэдгийг үзээд алмайрчээ. Өнөө “дайсан” орон нь бараг л диваажин гэдэг ийм л байдаг болов уу гэхээр харагдсан байна.

Тэр талаар харин ам нээж болохгүй цаг байлаа. Амжилт ч ар араасаа ундарч, улсынхаа дөрвөн удаагийн аварга болов. Дэлхийн шатрын 14 дүгээр олимпод ширээндээ түрүүлж, алтан медаль хүртэн үндэсний мастер болжээ. Ази тивийн бүсийн аваргад 1966 онд түрүүлэн Олон улсын мастер боллоо. Өмнөх жил нь буюу 1965 онд Их мастер А.Антошины дараа хоёрдугаар байр эзлэн, Олон улсын мастерын анхны оноогоо авчээ. Эдгээр амжилтыг нь Монголын төр үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан байна. Тэрбээр дэлхийн томчууд болох алдарт аваргууд, Р.Фишер, М.Таль, Б.Спасский, Их мастер Ларсен, Портиш, Горт, Олафссон нартай “гар зөрүүлж” Ларсен, Горт, Спасский нарыг хожиж үзэв. Нэгэн тэмцээнд Р.Фишер түүнийг арай ядан хожоод тоглолтоо дуусгалгүй орхин одсон гэдэг. Хожмоо өөрийнхөө номонд тэр өргийг тавьсан байхыг нь мань хүн олж үзжээ. Бидний үеийнхнээс Үйеэ /Т.Үйтүмэн/ сайн нь байлаа. Сэрүүн тунгалаг байсан бол тэр л шатрын анхны гавьяат болох байсан юм. Онолын мэдлэг сайтай, сайхан шатар үүсгээд үр дүнд хүргэнэ. Бодохоороо заавал нэг юм гаргана. Хэнээс ч айхгүй. Лутдаа, лут гэх. Ж.Лагваа, П.Жигжидсүрэн нар мөн л онолын бэлтгэл сайтай, сайтар тунгааж тоглодог хүмүүс. Мартсанаас, Р.Фишер их цэмцгэр, өндөр, туранхай, цагаан залуу байв. М.Таль их онгодтой, үргэлж уран нүүдэл хайна, хийнэ, машид алиа, марзан хүн байлаа. Сониноос яруу найрагч Р.Чойном агсантай сайн танил, хундага тулгаж л явлаа гээд инээнэ. Улсын аварга, ДШХ-ны мастер Б.Баярмандах эл эрхмийг хүндэлж, дээдэлж явдгаа байнга ярьдаг билээ. Ер нь энэ цаг үеийн бүх шатарчдын бахархан дуурайх хүн Мягаа мөнөөс мөн л дөө. “Шатарчин Мягаа”-гаар ийм сонинтой.

ГЕОЛОГИЧ Л.МЯГМАРСҮРЭН

Улсын шигшээ багт байхад нэгэн бодол төржээ. Ямар ч байсан нэг дипломтой байхгүй бол болохгүй нь гэсэн бодол л доо. Уг нь сансрын, үгүй аваас онгоцны нисгэгч болохыг мөрөөдсөн ч, хуваарь олдсонгүйд МУИС-ийн геологийн ангид элсэн, дүүргэжээ. Сайндаа ч биш хөдөө, гадаа явдаг нь бусад мэргэжлээс арай дээр санагдсан нь тэр. Ингээд 1970 оноос геологийн фондод ажиллаж, 19 дүгээр зуунаас хуримтлагдаж ирсэн төрөл бүрийн судалгаа, шинжилгээ, хайгуул, 50,000-200,000-ын масштабын эрэл, зураглалын тайлан, тэднийг системчлэх, катологижуулах, реферат, кадастр зохиох, орон нутгийг бүхэлд нь хамарсан металлометр, шлих, палонтологи, геофизикийн нэгдсэн судалгааг зураг, тайлбартай гаргах, металл, металл бус ашигт малтмалын нөөцийн баланс гаргах зэрэг ажил хийж байгаад, 1992 оноос геологийн хээрийн ажилд шилжин, Төв, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Баянхонгорын зарим суманд 1: 50,000-ын зураглал, геологийн хайгуул, гидрогеологи, усны хайгуул хийж, нутаг орны хурдас чулуулгийн геологийн тогтоц, металл, металл бус ашигт малтмалын илрэл, тархацыг тодорхойлох, гидрогеологийн нөхцөл, уст цэгийн тархалтыг илрүүлэх зэрэг ажил хийж яваад 2003 оноос чөлөөнд гарчээ. Түүний ажил, амжилттай салшгүй холбоотой хүн бол гэргий М.Долгорсүрэн нь билээ. Гурван хүүхдийн эх тэрбээр, хүүхдийн их эмч бөгөөд, Хан-Уул дүүргийн нэгдсэн, Яармагийн гэх эмнэлэгт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ. Бид нэгэн амралтад танилцсан юм.

Бие биендээ хайртай, дуртай гэж хэлж үзээгүй. Зөнгөөрөө ханилсан даа. Нэг их ганган, цэмцгэр залуу байж билээ. Ёстой л “азаар учирсан хань даа” хэмээн дурсана. Мягаа ахын талаар үүнээс илүү тодорхойлолт яаж байхав. Бид гаднаас нь, тэр дотроос нь давхар харсан нь мэдээж. Геологич Л.Мягмарсүрэнгээр ийм сонинтой.

Г.МӨНХНАСАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *