Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Төрийн ордонд эхэллээ.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдсан бол хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болсон. Төрийн ордонд өчигдөр эхэлсэн шигшээ тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 170 шатар сонирхогч оролцож байгаагийн 130 нь эрэгтэй, 40 нь эмэгтэй тамирчин юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар бол төрийн зарим байгууллагын тамирчид оролцож байна. Тэмцээнд 25-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг бөгөөд энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай тамирчин нь 86 настай Д.Найдан байв. Тамирчид нийт найман өрөг тоглон, аваргууд тодорч, тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно.