Categories
мэдээ цаг-үе

Шагнах, шагнал хураах хэмээх дуулианы тухайд

Монгол Улсын иргэн өөрийн эзэмшсэн боловсрол, билэг авьяас, цэргийн эрдэм, улс орны болоод ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа зүтгэлээ төр засгаараа үнэлүүлдэг ёс журам, уламжлалтай. Энэ нь тухайн орны аюулгүй байдал, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан гээд салбар бүрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй төр засгийн үнэлэмж, дээдийн хүндэтгэл юм. “Одон медаль, цол тэмдэг нь төр эрхэмсэг оршихуйн бэлгэдлийн нэгэн илэрхийлэл”гэж эрдэмтэд үзэх нь ч бий.

Манай орны хувьд 1925 оноос ЗХУ-ын одон медалийн системийг дуурайлган авч, өнөөг хүртэл ашигласаар ирсэн. Үндсэндээ Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын, гавьяат хэмээх энэ цолууд нь социалист дэглэмтэй байсан хийгээд одоо байгаа орнуудын олгодог шагнал.

Улсын баатар цолыг анх гучин дөрвөн онд тухайн үеийн Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гаргасан бөгөөд хожим бараг бүх коммунист улсад жишиг болон тогтсон байдаг. Харин коммунист дэглэм нуран унасны дараа ихэнх улс орон улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолыг хүчингүй болгожээ. Өнөөдөр Орос болоод төв Азийн авторитар дэглэмтэй улсуудад л эдгээр цол оршиж байна. Харин ойрын гурав, дөрвөн зуун жилийн туршид капиталист байсан хөрөнгөтөн орнууд болох Америк, Англи, Франц, Япон зэрэг нь дэлхий дахинд маш нэр хүнд бүхий одон шагналтайг бид мэднэ. АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эрх чөлөөний одон”-гоор шагнадаг.

Энэ нь манайхаар бол “Чингис хааны одон”-той төстэй гэж хэлж болох байх. Мөн ардчилал, энх тайван, хүний эрхийн үнэ цэнийг хадгалсан Конгрессын алтан медаль байна. Английн хатан хааны зарлигаар олгодог Рыцарийн одон, Францын эр зоригийн бэлгэдэл Легионы одон, Японы цог жавхлант эзэн хааны шагнал тэргүүн дээд зэргийн “Мандах нар” одон зэргийг нэрлэж болно. Монгол Улс, Богд хаант засгийн үед буюу 1913 оноос “Эрдэнийн очир” одонг олгодог байсан.

Манай шагнал зөвхөн нэр төрийнх байдаг. Улсын баатар, ардын цолтон, гавьяат болсноор амьдралд бодитоор нөлөөлөх зүйл байхгүй. Мөнгөн урамшуулал бараг байхгүй. Зөвхөн “гавьяат тэр” гэж цоллуулахад үр дүн нь оршиж байгаа. “Монгол Улсын баатар хүн хөдөлмөрийн баатар, ардын цолтонтой ижил сардаа 200 мянган төгрөг авдаг. Уул нь улсын баатар гэдэг чинь бусад цолтой хутгалдаад, тэр түвшинд үнэлэгдээд байхгүй том цол юм” гэж өдгөө амьд сэрүүн байгаа гурван улсын баатрын нэг хэлсэн. Монголоор дүүрэн гавьяатууд байна. Тэд жаран нас хүрч байж тэтгэвэр дээрээ 150 мянган төгрөг авах эрхтэй болдог. Гавьяатдаа төр засгаас өгч буй бодит үнэлэмж ердөө энэ.

Юуны учир шагналын өгүүлээд унав гэхээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболд, П.Даш нарын “Хошууч генерал”, Т.Дашдэлэгийн “Бригадын генерал” цолыг тус тус хураасан. Мөн “Дүнжингарав” морин уралдаантай холбогдуулж хоёр уяачийн цолыг ч хураасан. Монголд өмнө нь, ялангуяа цэргийн цолоо хураалгасан тохиолдлыг мэдэхгүй юм. Одоо л үзэж байна.

Ял эдэлсэн генералууд цолоо хураалгаж, зөв буруу гэх нийгмийн дуулиан шуугиан намдаагүй байна. Цэргийн цол гэдэг тухайн иргэний хүмүүжил, хариуцлага, сахилга баттай холбоотой зүйл байдаг байх. Гэхдээ цолоо хураалгасан хүмүүсийн гомдлыг харж байхад бас цаанаа нарийн зүйл байдаг байна. Генерал цолоо хураалгаад байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа нэг зүйлийг онцолж хэлсэн.

“Эх орны дайны үед Власов генерал эх орноосоо урваад бууж өгсөн байдаг. Сталин дуудаж ирээд түүнийг буудаж хороосон. Тухайн үед цолыг нь хурааж авах асуудал яригдсан. Тэгэхэд Сталин “Цолыг нь хураагаад хэрэггүй. Армийн генерал цол бол энэ хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн өмнөх амьдралын түүх. Тиймээс өмнө нь хийсэн гавьяаг нь баллуурдаж болохгүй. Түүхэнд энэ хүн армийн генералаараа үлдэх ёстой. Харин эх орноосоо урвасных нь төлөө буудах ёстой гээд буудаж алсан” гэв. Мөн тэрээр “Цэргийн цол гэдэг ийм л эрхэм. Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байна” гэж хэлсэн. Тэгэхээр тухайн хүнд өгсөн цолыг чухам ямар гавьяа байгуулахад нь өгсөн бэ гэдгээ хураах зарлиг гаргахдаа Монголын төр маш сайн анхаарах хэрэгтэй юм шиг байна.

Монголчуудын түүхэнд цол чимгийн тухайд ямар бодлого барьж ирснийг эргэн сөхье. Манжийн үеийн цол хэргэмүүдийг сайн мэдэхгүй юм. Ван, бэйл, бэйс, гүн гээд л цол хэргэм өгдөг байсан тухай бий. Түүнээ шагначихаад буцааж хураадаг байсан эсэхийг мэдэхгүй юм. Харин монголчууд бидэнд хамгийн эх сурвалжтай мэдэгдэж байгаа нь Чингисийн үеийн цол чимэг. Монголын нууц товчооны 203 дугаар зүйлд буюу 1206 онд Монгол үндэстнээ нэгтгэж Чингисийг хаан ширээнд өргөмжлөх үед эзэн хаан Шихихутагт “Чи миний зургадугаар дүү биш үү. Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож есөн ослыг хэлтрүүлэх болгоё” хэмээн зарлиг болгосон байдаг.

Тийн зарлиг болгоод зогсохгүй “Надтай зөвлөж, Шихихутагийн цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” хэмээн сануулж цол чимгийнх нь баталгаа, дархлааг нь тогтоож өгсөн байна.

Эзэн хааны зарлигт ингэж нарийн тусгаж өгөхгүй бол цол чимгийг өгөхийн хэрэггүй гэдгийг тэртээ XIII зуунд ойлгодог байж. Шихихутаг эзэн хааны дараа хаан ширээг нь өвлөж авсан хан хөвгүүдтэй ам зөрөх төдий л цол чимэг нь хураагдана. Түүнийх нь баталгаа болгож “есөн ослыг хэлтрүүлье” гэдгийг зарлигласан учиртай.

Монгол төрийн эрт цагийн энэ уламжлалыг одоо үед ийн зарлигдан зааж, ил тод зарлаж, хуульчилдаггүй юм аа гэхэд төр засгийн бодлого барьж буй эрхмүүд сайтар бодох хэрэгтэй.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Санамсаргүй нэг асуудлаас болоод шоронд орчихдог. Тэгвэл өмнө нь байгуулсан бүх гавьяаг нь хэн нэг хүн баллуурдах хэрэг үү. Онолоор бол “Та гэмт хэрэгт яах гэж холбогдсон юм. Ариун шударга явах учиртай” гэж үзэх нь мэдээж. Гэвч амьдрал баян, ёстой юу ч тохиож болно. “Амарболд үүргээ гүйцэтгэж, тушаал хэрэгжүүлж яваад буруудсан. Түүнийг төр өөрөө хэлмэгдүүлж байгаа. Төр өөрийнхөө гаргасан шийдвэрийн өмнөөс хүнээ өмөөрч чадахгүй байна гэдэг арчаагүйн шинж. Амарболд “хүн бууд” гэсэн тушаал өгөөгүй, түүнийг өнөө хүртэл нотолсон хэн байгаа юм. Энэ бол монгол төрийн шинэ цагийн өгөршсөн хэлмэгдүүлэлт” гэж хэлэх хүмүүс олон байна.

Дашдэлэгийг гэхэд агаарын довтолгооноос хамгаалах командлагч байхдаа алдаа гаргасан бол цолыг нь хурааж болно. Гэвч ажлаа өгөөд, тэтгэвэртээ суугаад арван жил болсных нь дараа шоронд орсон гэх шалтгаанаар цолыг нь хураана гэдэг учир дутагдалтай санагдаад байгаа юм. Ер нь тэгээд төрийн эрхэнд нэг хүн гарч ирээд өмнөх нэгнийхээ өгсөн цол чимгийг хураагаад байвал хүмүүс цол авахаас татгалзаж эхлэх юм биш үү. Урд нь өгсөн хааны зарлиг одоогийнхоор Ерөнхийлөгчийн зарлиг дараагийн хүндээ хамаарахгүй болохоор хүмүүст айдас төрүүлж эхэлнэ. “Яршиг яршиг, нүдний булай, наад цолыг чинь аваад юу хийх юм. Амьдралд таван төгрөгийн нэмэртэй биш. Дараагийн хүн нь гарч ирээд янз бүрээр гоочилж байгаад хураагаад авчихна биз” гээд хойш ухрах хандлага давамгайлахыг үгүйсгэх аргагүй.Тэгэхээр аливаа цол чимгийг хураана гэдэг олгохоосоо илүү нарийн, машид анхаарч, анзаарууштай зүйл гэдэг нь мэдрэгдэж байна. Эх орноосоо урвасан генералыг буудсан хэрнээ цолыг нь хураагаагүйг санах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *