Categories
мэдээ цаг-үе

Шагдаржавын Нацагдорж агсны охин Ариунгуа: Аав маань харгис Чингисийг магтан дуулсан ял сонсч байсан

Монгол Улсын
төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Шагдаржавын Нацагдорж
агсны охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуатай ярилцсанаа хүргэе.

-Аавыг тань “Мандухай цэцэн хатан” түүхэн
киноны зохиолч гэдгээр нь манайхан сайн мэднэ.
Эрдэмтэд бол “Халхын түүх”, “Хубилай хаан” номуудыг нь ихэвчлэн ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Манай
аавын туурвисан “Халхын түүх”, “Чингис хааны цадиг”, “Монголын феодализмын
үндсэн замнал”, “Хубилай сэцэн” нэгэн сэдэвт зохиолууд нь нэгэнт Монголын түүхийн сонгодог зохиолууд болжээ.
Манай аав 28 настайдаа “Сүхбаатарын намтар”
бүтээлээр 1946 онд төрийн шагнал болох Чойбалсангийн шагнал хүртсэн.
Тэрхүү зохиол нь англи хэлээр орчуулагдан АНУ-д Конгрессийн номын санд байдаг.
Ц.Дамдинсүрэн гуай, Б.Ренчин, Э.Оюун нарын эрдэмтэдтэй аав тухайн үед төрийн
шагнал хүртсэн гэдэг. Тэр тухай нь би сайн мэдэхгүй юм даа.

-Нацагдорж гуай 1930-аад оны эхэн үеэс
хойших Монголын бүх л сэхээтнүүдтэй ойр дотно байж хамтран ажиллаж, бүтээн туурвиж
ирсэн. Өнөөдөр домог мэт яригддаг эрхмүүдтэй зорилго нэг явсан алтан үеийн гавьяатнуудын
нэгэн?

-Аав маань
Монголын түүх судлалын ажлыг 17 наснаасаа эхлэн хийж улмаар энэхүү судалгаанд
бүх амьдралаа зориулсан хүн юм. Тэрээр ХХ зууны 30-аад оны үед 17 настайдаа манай улсын анхны эрдэм
шинжилгээний байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн Түүхийн тэнхимд
ажиллаж манай орчин үеийн утга зохиолын үндэслэгч Д.Нацагдорж болон Өвөр
Монголоос ирсэн түүхч Буянчуулганы хамт гурвуулаа шинэ цагийн Монголын түүх
судлалын үндсийг тавьж эхэлсэн билээ. Удалгүй Д.Нацагдорж нас барж Буянчуулган
гуай хэлмэгдэн баривчлагдаж миний аав 19
настайдаа Түүхийн тэнхимийн эрхлэгч болсноос хойш 50 гаруй жил Монголын орчин
үеийн түүхийн шинжлэх ухааныг толгойлон хөл дээр нь босгосон гавьяатан билээ.
Тэрээр Монголын ХХ зууны 40-өөд оны үед
хөсөр хаягдсан Монголын эртний сүм хийд, түүхийн дурсгал болох Хархорины
балгас, Гандан Тэгчинлэн хийд, Орхоны бичээс, Түргийн үеийн дурсгал зэрэг манай
улсын олон арван хөшөө дурсгал, орон хийдийг аврах, хамгаалах ажлыг санаачлан
зохион байгуулж, гар бие оролцсон юм. Аав Д.Нацагдоржтой бүтэн хоёр жил хамт
ажиллаж түүнээс ихийг сурсан ба Д.Нацагдорж
манай аавыг “Үндсэн ажилтан болгон авбаас тэр авьяас бүхий тул яван
явсаар их л хэрэгтэй хүн болох болов уу” хэмээн тодорхойлсон байсныг аав хожим
архиваас олж мэдсэн байдаг.

-Та бол аавынхаа үндэс суурийг нь тавьсан
түүхийн шинжлэх ухааныг үргэлжлүүлж судалж яваа эрдэмтэн. Тэгэхээр “Чингис хааны
цадиг”, “Хубилай хаан”, “Мандухай цэцэн хатан” гээд алдарт түүхэн бүтээлүүдийнх
нь үнэ цэнийн талаар ярихгүй юу. Өнөө жил Хубилай хааны өндөр ой тохиож байгаа.
Үүнд аавын тань гавьяа их байгаа нь мэдээж?

-Би аавтайгаа
адил түүхийн мэргэжилтэй. Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины
факультетийн Хятадын түүхийн ангийг дүүргэсэн. Тэр үед чинь Их сургуулийг таван
жил сурч байгаад төгсдөг байлаа. Төгсөж
ирээд ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнд
(одоогийн ОУХХ) ороод одоог хүртэл ажиллаж байна. Миний судалгааны сэдэв
бол эрт дундад зууны болон орчин үеийн Монгол-Хятадын харилцаа. Тухайн сэдвээр
монографи зохиол бичсэнээс гадна Улсын таван боть түүхийн гуравдугаар ботийн
зохиогчийн нэг. Чан Чунь бумбын Өрнө зүгт зорчсон тэмдэглэл хэмээх хятад
сурвалжийг орчуулсан. Орчин үеийн
судлалаар олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн дээ. Би эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор.

Дээр дурдсан
зохиолуу­дыг нэг бүрчлэн дүгнэн ярихад их цаг хугацаа орох тул базаж хэлэхэд
манай аавын судалгааны гол зорилго бол Монголын нүүдлийн нийгмийн хөгжлийн зүй
тогтлыг илрүүлэхэд чиглэгдэж байсан.
Тухайлбал “Чингис хааны цадиг” хэмээх зохиолд Монголын нийгмийн
байгууламжийн онцлог юунд байсан, Чингисийн аян дайны шалтгаан, түүний хийсэн
аян дайн Монголын нийгэм болон дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөөний талаархи фундаментал судалгаа юм. “Халхын түүх”-ийн
хувьд гэвэл Манжийн үеийн түүхийг бүхэлд нь дүгнэн бичсэн зохиол бөгөөд дэлхийн монгол судлалд Манжийн
үеийн Монголын түүхийн судлалаар тэрхүү зохиолыг давж гарсан зохиол хараахан
үгүй гэж гадаад дотоодын түүхчид хүлээн
зөвшөөрдөг. Манай Монголын түүх судлалд Хубилай хааны талаар түүхчид янз бүрийн байр суурьтай байдаг
бөгөөд түүнийг Юань гүрний нийслэлийг
Хятадад шилжүүлснээр Хятадын хаан болж
Монголоо орхисон гэх мэтээр бичдэг нь нууц биш юм. Энэхүү байр суурийг манай
аав ер хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд үүнийг маш ухвар мөчид дүгнэлт хэмээн
үзэж байсан юм. Хубилайн сүр хүч Хятад орныг голлон тулгуурлаж байсан төдий
биш, харин юуны урьд Монгол орноо эзэгнэн захирч байсанд шууд дулдуйдаж байв
гэдгийг онцлон тэмдэглэсээр байсан юм. Тэрээр Хубилайтай тэнцэх эзэн хаан
ертөнцийн түүхэнд урьд хожид гарсангүй. Хубилай бол Дорно, Өрнийг холбосон,
нүүдэл, суурин иргэншлийг хослон хөгжүүлэхийг оролдсон түүхийн асар том бодгаль, дэлхий нийтийн
түүхэнд тодорсон үлэмжийн том эзэн хаан хэмээн тодорхойлсон нь зөвхөн Монголын
их хааныг монгол түүхч л тийнхүү тодорхойлон хэлэх билээ.

-Шавь нар гэвэл ямар хүмүүс байна?

-Шавь нар гэвэл
тухайн үед Түүхийн хүрээлэнд манай аавтай хамт ажиллаж байсан бүх л судлаачид мөн хэл, философийн эрдэмтэд бүгд л аавыг багшаа гэдэг байсан. Гарын шавь
нар гэвэл доктор С.Цолмон, М.Ринчин,Ц.Ишдорж, Ч.Даш­даваа, Ц.Энхээ, А.Очир,
Д.Дашбадрах, Ж.Гэрэлбадрах, Т.Мөнхцэцэг гэх олон сайхан эрдэмтдийг дурдаж
болно.

-“Мандухай цэцэн хатан” киноны түүх янз
бүрээр л яригддаг. Зохиолыг нь нам төрийн зүгээс хорьж байсан гэдэг.

-Тийм ээ. Ганцхан
“Мандухай цэцэн” зохиол ч биш. Манай аавыг хэлмэгдүү­лэлтийн хар сүүдэр байнга
дагалдаж явсан ба тэр үед түүхийн зохиолыг туурвих нь амаргүй
байсан юм. Аав маань Чингис хааны судлалд өөрийн оюун ухаан, эрүүл мэнд,
нэр төрөө зориулсан хүн юм. Миний аавын амьдарч, туурвиж байсан үе бол манай
улсад эв хамтын ёс (коммунист үзэл) ноёрхож Чингис хааны түүхийг судлах цээртэй
байсан юм. Хэдий тийм боловч Монголын түүхч нар бололцооны хэрээр эзэн
Чингисийнхээ талаар судалгаа хийж, түүхийг үнэнээр өгүүлэхийг чармайн иргэний
болон түүхч хүний эр зоригийг гаргасаар ирсэн билээ. Тэдний нэг нь яах аргагүй
миний аав байсан бөгөөд алдарт “Нууц товчоо”-г Ц.Дамдинсүрэн гуай анх удаа
орчин цагийн хэлнээ хөрвүүлэхэд аав маань тус зохиолын оршлыг бичихдээ “Халуун амь бүлээн цусаа үл хайхран эх
орныхоо төлөө тэмцэж байсан Чингис хааны үеийн монгол хүний эр зориг, баатарлаг шинж чанарыг дурдан
магтаж, улмаар тухайн үеийн Монголын төрөөс “Харгис Чингисийг магтан дуулсан” ял
сонсож хатуу зэмлэл хүртсэн түүхтэй. Хэдий тийм боловч аав мань огт шантралгүй Чингис хааны 800
жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргаж
ойн хурал дээр үндсэн илтгэлийг нь
тавьсан юм. Үүнийхээ дараа хатуу зэмлэл хүртэж оюун санаа, эрүүл
мэндээрээ маш их хохирсон билээ. Чингис хааны түүхийг судлахад миний аавд учирч
байсан бэрхшээл, зовлон нь түүний хувь
хүний амьдралыг болон Монголын нийгмийн хувь заяаг тусгасан
бүхэл бүтэн өвөрмөц түүх юм.

-Танайхаар үе үеийн мэргэд орж гарч, бүтээл
туурвил, түүх соёлын талаар ярьж байсан нь дамжиггүй. Сүүл үеийн эрдэмтдээс Нацагдорж
гуайтай хэн хэн их ойр байсан бол?

-Сүүлийн үед үзэл
бодлоороо манай аавтай хамгийн ойр байсан хүн бол доктор, төвд судлаач Ү.Хүрэлбаатар
агсан юм. Тэр хоёр Монголын шашны тэргүүн Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийн
талаар санаа маш нийлдэг байсан бөгөөд урьд аав маань Өндөр гэгээнийг янз
бүрийн дайралтаас ганцаар бөөцийлөн хамгаалж байсан бол залуу төвд судлаач Ү.Хүрэлбаатар
гарч ханьтай болов гэж байсан. Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийг зөвөөр гаргахын тулд түүхэн сурвалжийн мэдээ хангалтгүй учир
тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг тодруулахад төвд хэл дээрх данс харааг
судлах хэрэгтэй гэж үзэж байсан ба энэ талаар Хүрэл­баатар доктор их зүйлийг
хийсэн байх. Харин манай аав монгол хэл
дээрх данс харааг судласны үндсэн дээр “Галдан бошигт аврагч биш, Өндөр гэгээн
урвагч биш” хэмээн хэдхэн үгээр Манжийн дарлалд орж байсан Монголын түүхэн
нөхцөл байдлыг гярхай тодорхойлсон нь
бодит үнэнд туйлын нийцэх болов
уу.

-Үр хүүхдүүддээ захиж хэлж байсан зүйл
гэвэл юу байна. Ухаантай, амьдрал туулсан хүний үг гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам
үнэтэй санагддаг даа?

-Хүүхэд бид нарт
хар багаас минь сургамжийн үг хэлдэг байсан. Зориуд цаг зав гаргаад ярьдаггүй өдөр тутмын яриан дундаа л зэрвэсхэн хэлээд
өнгөрдөг байсан боловч бид сургамжтай үгийг
нь маш ойр тусган хүлээж авч, өөрсдийнхөө амьдралд мөрдлөг болгохыг дор бүрнээ
хичээсээр ирсэн. Хамгийн их хэлдэг үг нь уурын мунхаг хэцүү. Хэдхэн хором л
биеэ бариад тэвччих хэрэгтэй, ууртай байхдаа хэзээ ч битгий шийдвэр гаргаж бай.
Маргааш өглөө асуудал өөр өнцгөөс харагдана. Заль бол нэг хэсэг хугацаанд л
үйлчилнэ. Харин ухаан бол хэзээд ялна” гэж ярьдагсан. Туйлшрахаас их
болгоомжлох хэрэгтэй, хүнтэй хэзээ ч битгий зүй бусаар харьц, хүнд муу юм бүү
хий. Нөгөө хүнийхээ нүд рүү хожмын өдөр бардам харах нүүртэй бай гэж сургадаг
байсан. Ер нь тэгээд ном л унш, ном уншваас оюун ухаан чинь задарна, тэлнэ
гэж сургадаг байсан. Чамайг хүн юу ч гэж
хэлсэн бүү тоо харин чи өөрөө л хүний тухай муу юм ярихгүй бол боллоо гээд
их сургамжилдаг байсан. Одоо бодох нь ээ өөрийн туулсан амьдрал,
туршлагаасаа улбаалан ийнхүү ярьдаг байсан байх. Хааяа алтан дундаж чинь их зөв
үзэл юм шүү гэдэг сэн. Хичээлдээ гурав аваад ирэхэд эх орны алтан гурав уу гээд
их инээдэгсэн. Та алтан дундаж их зөв
үзэл гэдэг биз дээ гэж хэлээд зэмлүүлж байсан.

-Аядуу зөөлөн, ихэд зарчимч хүн байсан
болов уу. Хувь хүн талаас нь, аав гэдэг талаас нь дурсахгүй юу?

-Манай аав
жинхэнэ сэхээтэн хүн байсан. Гарал
угсаагаараа ч гэсэн гурав дахь үеийн сэхээтэн. Энэ бол нүүдлийн Монголын
нийгэмд ховор тохиолдол. Эртний сэхээтэн номын хүмүүс ямар овор төрхийг хадгалж
байдаг бүх л тэр шинжийг хадгалсан хүн байв. Гүн ухаантай,
онцгой авьяастай, их мэдлэгтэй, ухаалаг зан чанартай, их энгийн, зөөлөн уян
сэтгэлтэй, маш өрөвч хүн байсан. Маш их тэвчээртэй. Эгэл жирийн хүмүүст их
хайртай, их ардач үзэлтэй. Царай зүсний хувьд их сайхан, дэгжин ганган хүн байлаа.

-Эцэг эхээс хэдүүлээ байв. Удам гарлынх
нь тухайд та хэр мэдэх вэ?

-Дамбадорж гэдэг
нэг дүүтэй байсан боловч тэр нь бага сургуульд байхдаа ертөнцийн мөнх бусыг
үзүүлсэн гэдэг. Манай аавын өвөө Ө.Балданцэрэн гүн гэж хүн байсан. Тэрээр Богд
хааны ордонд хүмүүжсэн хятад, манж хэлтэй. Их бичгийн хүн байсан. Богд хаан
түүнд “билигт” хэмээн цол өгсөн гэдэг. Хятадын эртний сонгодог зохиол, Манжийн
“Энх-Амгалан хааны бодлогын бичгийг” Богд гэгээний зарлигаар монгол хэлнээ
буулгасан. Эдгээр нь бүгд Улсын номын сангийн ховор номын санд хадгалагдаж
байдаг. Манай өвөө бичгийн хүн байхаас
гадна Богд хааны тагнуулын албыг хариуцаж байсан. Энэ тухай архивуудад баримт
бий.1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд биечлэн оролцож явсан, Богдын
өргөөний хашаа руу хатираагаараа орж явчихдаг ганц хүн байсан гэж эмээ маань
надад их л аминчлан ярьдаг байж билээ. “Эрүү цагаан болжмор
шувуу” дууны зохиогч. Аавын аав Шагдаржав бол бас бичиг үсэгтэй, гэрийн боловсролтой. Цэргийн яаманд
Д.Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав нарын гарын нарийн бичгийн даргаар ажиллаж
байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *