Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр олон улсын зарим байгууллагын тэргүүнүүдийг тусгайлан хүлээн авлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Красай Чанавонгсэтэй уулзахдаа тус төвийн үйл ажиллагаанд манай улсын онцгой байдлын байгууллага 2002 оноос идэвхтэй оролцож ирснийг дурдаад, гамшгийн менежментийн урт болон богино хугацааны сургалтад Монгол Улсаас тогтмол хамрагдаж, мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Азийн гамшгийн бэлэн байдлын төв болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлыг угтан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт 3 үе шаттай сургалтыг явуулж Монголын 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг хамруулсан нь үр өгөөжтэй болсныг Шадар сайд онцоллоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн “50 орон нэг дор цуглаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан мэдлэг туршлагаа харилцан солилцож байгаагаараа Азийн сайд нарын хурал нэн ач холбогдолтой” хэмээв.
Азийн гамшгийн бэлэн байдлын төв цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж, гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшиновтай уулзсан юм.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, гишүүн улс орнуудад зохион байгуулдаг сургалт, семинарт манай алба хаагчдыг хамруулдагт талархаж буйгаа Шадар сайд илэрхийлээд,
“Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид илүү амжилттайгаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгийн эрсдэлийг урьдчилан тандах орчин үеийн шинэ төхөөрөмжийг Монголын талд танилцуулж, улмаар нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.