Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос уянга” монгол бичгийн дугуйлангийн сурагчидтай уулзжээ

Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн сурагчид Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монголбичгийн хэрэглээг бий болгох зэрэг асуудлуудыг хөндсөн захидал бичсэн байна. Иймд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос уянга” моншгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон аж. Тэрээр 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авч, үйл ажиллагааг нь магтжээ. Мөн “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” Шадар сайдын харьяа “Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан байна.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *