Categories
мэдээ соёл-урлаг

Шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

Шаазан урлаач Х.Хадхүүгийн “Монголын орчин үеийн шаазан урлаг” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Х.Хадхүү “Хуучин социализмын үед Монгол Улс олон нийтэд зориулан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Тэр үед тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл хийх технологи байхгүйн улмаас орхигдож байлаа. Харин орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсон. Иймээс үзэсгэлэндээ сүүлийн гурван жил урласан тансаг хэрэглээний бүтээгдэхүүний дэлгэн үзүүлж байгаа” гэв.

Тэрээр СУИС-д Өндөр гэгээний цутгамал металл хийцийг шаазангийн шавраар хэрхэн урлах талаар магистрын зэрэг хамгаалаад удаагүй юм байна. Өндөр гэгээн Г.Занабазарын таван дүрийг ясны цагаан шаазангаар анх удаа урлажээ. Үүнээс гадна Цагаан дахь эх, Бурхан багш, Манал тэргүүтэй бурхдыг шаазангаар бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. Шог зураач С.Цогтбаяр Х.Хадхүүг үнс нурман дунд үлдсэн Монголын шаазан урлалыг шинэ түвшинд хүргэхээр зүтгэж буй “ганц дайчин” болохыг онцлов.
Үзэсгэлэнгийн танхимд дөрвөн хүчтэн, монгол цам тавагны цувралаас гадна хөөрөгнүүд, шонхор, луут, дом зэрэг төрөл бүрийн гүц, Чингис хаан, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Их жанжин Сүхбаатар зэрэг түүхэнд мөнхөрсөн удирдагчдын дүр бүхий ваар гээд тансаг шаазан эдлэлийг дэлгэн тавьжээ. Х.Хадхүү хоёр дахь удаагаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ аж. Х.Хадхүүгийн хувьд 1991 онд ДУДС-ийн керамикийн ангийг төгсөөд тасралтгүй 25 жил шаазан урлагтай ажил амьдралаа холбожээ.
Улаанбаатар хотын музейн 60 жилийн ойн хүрээнд болж буй энэ үзэсгэлэн 10 хоног гарах юм.

О.НЯМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *