Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далжганадаггүй, таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй юм байна. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой.
Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болгож оруулах гэж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулъя гэж АТГ-т бид ирж байгаа.
Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй” гэлээ.
Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг гэдэг хүнийг би зүс мэднэ. Гэхдээ тэр хүнтэй уулзаж, учирч ярьж явсан тохиолдол надад нэг ширхэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр явж байхад нь нэг уулзаж байсан. Яг үнэндээ Т.Аюурсайханы л хүн, түүнтэй нийлж явсан. Одоо Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа биз дээ. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалт, тээвэр нүүрснээс эхлүүлээд олон багц асуудал дээр хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой. Тэрийг нь хэн бэ гэдгийг ч мэдэж байгаа.
Ер нь 40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй” гэв.