Categories
мэдээ цаг-үе

Ш.Ганчимэг: МАН-ынхан шударга ёсыг уландаа гишгэн луйвар хийж байна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 22 суудал авч олонхи болсон. Гэтэл тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий тодорхой шалтгаан хэлэлгүйгээр Ардчилсан намын зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргажээ. Энэхүү шийдвэрийг тус дүүргийн АН-ынхан болоод иргэд эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм байна. Өчигдөр Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд очиход үүдээр нь “Шүүхийн дээр Бат-Өлзий байх уу”, “Бат-Өлзий БЗД-ийн сонгогчдыг доромжлохоо зогсоо”, “Хууль бус тогтоол, хууль бус шийдвэр”, “Ардчилсан намаас сонгогдсон 22 төлөөлөгчийн түр үнэмлэхийг яаралтай олгоё”, “Монгол ардын нам ард түмний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэхээ зогсоо” гэхчилэн уриа хадсан байлаа. Чухам юу болж буй талаар тус дүүргийн V тойрогт АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэгтэй ярилцлаа.

-Ялалт байгуулсан нэр дэвшигчдийг эргүүлэн татаж байгаа гэсэн. Юунаас болсон юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт 23-нд болж дүнгээ гаргахад АН 22 суудал авч ялалт байгуулсан. Гэтэл энэ сарын 25-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо ямар ч нотлох баримт, шүүхийн шийдвэргүйгээр зургаан хүний нэрийг хасах тогтоол гаргасан. Энэ тогтоолыг сонгуулийн хорооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан байна лээ. Уг нь хуульдаа зургаан гишүүнийг байлцуулан тогтоол гаргах учиртай. Улмаар хууль бус тогтоолынхоо дагуу МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 19 хүнд түр үнэмлэхийг нь олгосон.

-Ямар үндэслэлээр зургаан нэр дэвшигчийг хассан юм бэ?

-Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгөөс ямар үндэслэлээр хасаж байгаа юм бэ гэдгийг тогтоол гарсан өдрөөс хойш асууж байна. Албан бичгээр, өөрийн биеэр гээд байж болох бүхий л хэлбэрээр хандаж байгаа. Гэтэл тайлбар хэлэх боломжгүй гэсэн ганцхан хариулт өгч байна.

-Нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоолд юу гэж бичсэн байх юм?

-Сонгуулийн хуулийн 70.1 дүгээр заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 159.3 дахь заалтыг үндэслэн нэрийн жагсаалтаас хаслаа гэж бичсэн байсан. Тэр нь сонгогчдын саналыг худалдаж авахтай холбоотой заалт. Гэтэл нэр дэвшигчдийн зүгээс ийм зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоосны дараа дүүргийн сонгуулийн хороо хасах эсэх асуудлыг шийдвэрлэхээр Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д заасан байгаа. Харин өнөөдөр шүүхээр тогтоогдсон ямар ч зүйл алга. Бидний зургаан хүнийг ядаж цагдаагийн байгууллагаас ч дуудаагүй. Шүүхийн ямар ч шийдвэр гараагүй байхад хасах тухай шийдвэр гаргачихсан байна. Харин бид энэ асуудал үүссэний дараа захиргааны хэргийн шүүхэд хандлаа.

-МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүст түр үнэмлэхийг нь өгчихсөн гэсэн. Үнэмлэх өгөхдөө ингэж нэг хэсэгт нь түрүүлж өгч болдог юм уу?

-Ямар ч сонгуулийн үед нэр дэвшигчийн үнэмлэхийг аль нэг намд түрүүлж өгөх ёсгүй. Манай дүүрэгт ялалт байгуулсан хүмүүсээс МАН-ынхан л үнэмлэхээ авчихсан байгаа. Ардчилсан намаас ялалт байгуулсан нэг ч хүн үнэмлэхээ аваагүй байна. МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ авч байна гэдгийг бид мэдээ ч үгүй. Өгөх сургийг нь ч дуулаагүй. МАН-ынхан ардчилсан нийгэмд шударга ёсыг уландаа гишгэж, луйвар хийж байна.

-Нэрийн жагсаалтаас хасагдсан зургаан хүн дараагийнхаа хүнээс хэдэн хүний саналаар илүү байсан юм бол?

-Би гэхэд V тойрогт нэр дэвшээд нэгээр гарч ирсэн. Манай тойрог гурван мандаттай байсан юм. АН-ын гурван нэр дэвшигч нэг, хоёр, гурваар гарч ирсэн. Миний хувьд МАН-ын нэр дэвшигчээс 205 хүний саналаар илүү байлаа. Бусад маань ч 70-80 саналын зөрүүтэй ялж гарч ирсэн. Гэтэл биднийг гурвууланг нь хасчихлаа. Ямар үндэслэлээр, ямар гомдлоор хасаж байгаа нь тодорхой бус. Бид хаанаас, ямар гомдол ирсэн бэ гэдгийг мэдье гээд санал, гомдол хүлээн авдаг бүртгэлийн дэвтрийг үзэх гэтэл байхгүй гээд байгаа. Хурлын тэмдэглэл бас алга. Уржигдар манай намын ажилтанд хурлын тэмдэглэлийн хуулбар нь энэ гээд хуулбар үнэн дарсан тэмдэглэлийг сонгуулийн хорооны нэг гишүүн гаднаас барьж орж ирсэн. Хуулбар нь байгаа юм чинь эх хувийг нь үзье гэхээр гаргаж өгдөггүй. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргаад бүх сэйфийг нь онгойлгож үзэхэд тамга тэмдэг битгий хэл бичиг баримт ч байгаагүй. Уг нь лацдаад байлгаж байх ёстой шүү дээ. Бас нэг зүйл байгаа юм. МАН-ын 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь олгохдоо саналын хуудас байсан лацтай, цоожтой өрөө рүү оруулсан байна лээ. Ийм байдлаар сонгуулийн хууль, үйл ажиллагааны зарчмыг зөрчиж байна. Ер нь болж буй үйл явдлыг харахаар нэг зүйл ажиглагдаад байгаа юм. Дүүргийн ИТХ 20 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа зарлах ёстой. 50 хоногийн дотор ИТХ-ын дарга, Засаг даргаа сонгох үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ямар ч үндэслэлгүйгээр зургаан нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж Ардчилсан намыг цөөнх болгож байгаад дүүргийн удирдлагыг гартаа авахаар санаархсан үйл ажиллагааны эхлэл гэж харж байна.

-Хасагдсан зургаан нэр дэвшигч эрхээ хамгаалахаар хэрхэн тэмцэж байна вэ?

-Бид иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Тэдний саналыг үнэгүйдүүлж, луйвар хийхийг нь зүгээр хараад суухгүй. Зөв замд нь ортол тэмцэнэ. Хамгийн гол нь О.Бат-Өлзий даргатай уулзахад “Бид буруу шийдвэр гаргасан байна. Шийдвэрээ өөрчилье. Би гишүүдээ дуудаад ирц хүрвэл хуралдмаар байна. Хамгийн гол нь сонгуулийн хорооны гишүүд бүрдэж өгөхгүй байна” гэж тайлбарласан. Ингэж хэлсэн нь бидэнд бичлэгээрээ хүртэл байна. Бараг түр үнэмлэхийг чинь гардуулаад өгчихье гэж олон сонгогчдын саналыг яаж ч өөрчилж болно гэсэн хандлагаар төрийн ажлыг гацааж сууна. Хэрвээ үнэхээр сонгуулийн хороо сонгуулийн хууль зөрчсөн эмээх асуудлыг өөрөө шалган тогтоох боломжтой юм бол бидэнд ч нэмэлт санал хураалтын үеэр МАН-ынхан мөнгө, нүүрс тарааж буй баримтууд бий. Баримтуудаа цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Ер нь бол хуульдаа аливаа зөрчлийг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа шийдвэр гаргадаг. Гэтэл манай дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн шийдвэр гаргачихаад сууж байна. О.Бат-Өлзий бол БЗД-ийн 53 дугаар сургуулийн захирал, төрийн албан хаагч. 25 настай байхад нь тухайн үед дүүргийн Засаг дарга байсан Б.Батзориг сургуулийн захирлаар томилж байсан. Хуулиар бол төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд ажиллаж болохгүй ээ. Гэтэл О.Бат-Өлзий өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Б.Батзоригийн албан бус менежерээр ажилласан. Сонгуулийн хороонд ажиллаж байсан туршлагагүй хүнийг МАН-аас яг л ийм ажил хийгээрэй гэж дүүргийн сонгуулийн хорооны даргаар томилсон байх гэж хардах үндэслэл ч байна. Дүүргийн сонгуулийн хороо нарийн бичигтэй. Нарийн бичиг нь бүх бичиг цаасны ажлыг төлөвлөж, хурлын тэмдэглэл хөтлөх журамтай. Гэтэл нарийн бичиг нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг хөтлөөгүй, тогтоолын талаар мэдээгүй байсан. Сонгуулийн хорооны үйл ажиллагаа дүүргийн Тамгын газрын Соёмбо танхимд явагдаж, гарсан бүх тогтоол, шийдвэр, тэмдэглэл, тамга, тэмдэг бүртгэлийн дэвтэр сэйфэнд хадгалдах ёстой. Гэтэл өчигдөр нарийн бичгээс нь асуухад хэзээ ямар тогтоол гарсныг би мэдээгүй. Тогтоолыг хэн төлөвлөж, хэн бичиж, хэн албажуулсныг ч огт мэдээгүй гээд сууж байна. Уг нь төрийн байгууллага, тэр дундаа сонгуулийн тойргийн хороонд албан бичгийн бүртгэл маш нарийн явагдах ёстой. Ер нь бол МАН-ынхан дүүргийн удирдлагыг гартаа авахын тулд хууль зөрчин улайрч байгаа нь улстөрждөггүй гээд байгаа төрийн албан хаагчдаар нь дамжин илэрч байна. Энэ байдлаас харахад төрийн албан хаагчид улс төрждөг гэдэг нь тодорхой байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

С.АЛТА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *