Шинжлэх Ухааны академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбооны хамтарсан Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурал өчигдөр эхэллээ. Уг бага хурал нь Монгол улсад хүн амын нутагшил, суурьшлыг зохицуулах гол арга болох хотыг жигд хөгжүүлэх, энэ зорилгоор хотын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, “Хотын хөгжил-эрхзүйн орчин,“Хотын хөгжил-инноваци, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулсан юм.
Энэ үеэр Монголын хотуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Батсүхээс цөөн асуултад хариулт авлаа.
-Улаанбаатар хотод агаар, хөрс, дуу чимээний бохирдлоос эхлээд тулгамдаж буй олон асуудал бий. Эдгээр асуудлыг дэлхийн хотууд хэрхэн шийдвэрлэж байсан юм бол. Манай улсад хэрэгжүүлэхэд тохиромжтой ямар туршлага байна вэ?
-Дэд бүтцийн хүчин чадал, замын түгжрэл, орчны бохирдолтой холбоотой эдгээр асуудлаас болж хотын иргэд байнгын стресстэй байдаг болсон. Ялангуяа бага насны хүүхдүүдэд нөлөөлж байгаа нөлөөллийг хүмүүс тэр бүр анзаарч, ярьдаггүй. Энэ удаагийн хурлаар олон орны томоохон хотуудын асуудлаа шийдсэн туршлагаас эхлээд шинжлэх ухаан технологийн түвшинд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, ямар ухаалаг шийдэл, инноваци, бүтээлч хандлага байна гэдгийг эрдэмтэн мэргэдийн үгнээс сонсож байна. Манай улсад тулгамдаж буй асуудлуудыг дэлхийн бүх хот даван туулсан. Тэгэхээр бид зоригтой шийдэл гаргаж, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Монголын хотуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд хотын хөгжлийн шийдлийг хэрхэн харж байна?
-Улаанбаатар хот дагуул хотууд бий болгож, хот орчмын бүс нутгуудыг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах боломжтой. Тэгэхээр бид бусад хотуудын хөгжлийг дэмжиж, нийслэлийн ачааллыг бууруулах хэрэгтэй байна. Түүнээс Улаанбаатар хотыг улам томруулаад байх явдал нь үндэсний аюулгүй байдал, хүн амын аж төрөх таатай орчин бүрдэх боломжгүй болох сөрөг үр дагаврыг дагуулах юм.
-Дэлхийн хотуудын иргэд хотын төв рүүгээ хурдны замаар явдаг. Манайд хэзээ ийм болох бол?
-Хотын автозамын сүлжээг сайжруулах шаардлага бий. Энэ бол хөрөнгө мөнгөтэй холбоотой. Давхар гүүрэн гарцууд хийх, хотын тодорхой хэсэгт цагариг үүсгээд, хотоос богино хугацаанд хөдөө рүү гарах хурдны замыг байгуулах, хөдөөнөөс хотын төв рүү хурдан орж ирэх хурдны замын гарцуудыг хийж өгөх хэрэгцээ байгаа. Үүнийг сүүлийн жилүүдэд төлөвлөж, шинээр бий болгож, өргөтгөж эхэлж байгаа дэд бүтцүүдийн нэг шүү дээ. Бидний нүдэнд харагдахгүй газар дор байгаа цэвэр бохирын болон шугам сүлжээ байгууламжууд мөн л ачааллаа дийлэхгүй, хэзээ мөдгүй зогсоход бэлэн болсон байгаа дэд бүтцүүд их байна. Хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тодорхой төсөл хөтөлбөрүүд санал болгоод, хөрөнгө оруулагчдыг татах боломж байгаа гэж боддог. Хамгийн гол нь төсөл хөтөлбөр тодорхой ойлгомжтой байх ёстой. Хоёрт, тууштай хэрэгжих ёстой, үр дүнгээ үзэх ёстой.