Categories
гадаад мэдээ

“Севол” онгоцны эзний цогцос олджээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын “Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Онийг эрэн сурвалжилж байсан юм. 73 настай Ю Бён Он онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан бөгөөд түүний цогцос олджээ. Сөүл хотоос урагш Сунчеон хотын ойролцоо чавганы талбайгаас Ю Бён Оны цогцос өнгөрөгч зургадугаар сарын 12-нд олдсон байна. Ю Бён Оны эхнэр болон ахыг нь баривчлаад байгаа бол Парист буй охиныг нь шилжүүлж авахаар ярилцаж байгаа аж. Энэ талаар тус улсын цагдаагийн газраас мэдээллээд байна.

Гатлага онгоцны ослын хэрэгт хөлгийн ахмад 69 настай И Жун-сук болон багийн гишүүн 15 хүнийг шүүх хурал Сөүл хотноо үргэлжилж байна. Уг онгоцонд амиа алдагсадын гэр бүлийнхэн шүүх хурлыг хэтэрхий удааширч байгаа талаар шүүмжилж байгаа билээ.

Хэргийг сануулахад, Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 172 хүн аврагдаж, 294 хүн амь насаа алдаж, 10 зорчигч одоог хүртэл ор сураггүй байна. Зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн гурван нь амь аврагдсан билээ.  

Осол болсноос хойш амиа алдагсадын цогцосыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Аврах ажиллагаанд оролцож байсан 53 настай иргэн Ким тавдугаар сарын 6-ны өдөр далайд орсон боловч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрөгч долоо хоногт дахин таван иргэн амиа алдлаа. Ор сураггүй алга бологсдыг эрэн хайх ажилд 34 хоногийн турш ажиллаад буцахдаа онгоцтойгоо осолдож, хоёр нисгэгч, гал унтраах ангийн гурван гал сөнөөгч амиа алдсан. Долдугаар сраын 17-ны өдөр аврах ажиллагаад оролцоод буцаж явсан уг онгоц Гуанжү хотын өндөр барилгын дээгүүр нисэж байхдаа гэнэт галд өртөж, газарт унан дэлбэрчээ. Ийнхүү амиа алдагсадыг хайх ажиллагаанд оролцож байсан зургаан иргэн амиа алдаад байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан Ю Бён-Оны цогцос зургадугаар сарын 12-нд олджээ. Маш их ялзарч муудсан цогцосны дэргэд хэдэн архины шил байсан бөгөөд түүнийг танихын тулд төрсөн ахаас нь генийн шинжилгээ авч, харьцуулжээ.

“Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Он 1984 онд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *